УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөлд хийсэн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлттэй танилцсан байна. Тус зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан танилцуулга хийжээ. Эл хуулийн төслийг нэр бүхий гишүүд санаачлан УИХ-д анх өргөн барьсан. Улмаар Нефть боловсруулах үйлдэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, “Сэлбэ” дэд төв гэсэн гурван төслийн санхүүжилтийг нэг удаагийн хуулиар шийдье гэж байв. Гэхдээ гурав дахь төслийг уг хуульд хамруулах шаардлагагүй хэмээн үзэж, УИХ-аар дэмжээгүй юм. Тэгмэгц Засгийн газраас хэл ам дагуулсан төслийг нь хасаад дахин яаралтай горимоор оруулж ирсэн. АН-ын бүлгийн гишүүд улсад хэрэгтэй төсөл гэсэн нэрээр гадаад зээлийг хүссэнээрээ нэмэхийг шүүмжилсэн аж. Мөн дээрх зөвлөлөөс зөвлөмж өгдөг ч УИХ хүлээж авах нь бага байгааг сануулжээ. Гадаад зээлийн ашиглалтыг сайжруулж, бүтээн байгуулалтаа өсгөхийн тулд мэргэжлийн зөвлөлийн байр суурийг хүлээж авах хэрэгтэй гэж үзсэн байна.
Мөн энэ үеэр Татварын багц хуулийн төслийн талаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Анар танилцуулга хийв. Түүнчлэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн мэдээллийг сонсжээ.
С.Уул