
Дотоодод шатахууны хомстол үүсээд буйтай холбогдуулан УУХҮЯ болон хувийн хэвшлийн төлөөллүүд ОХУ-ын "Роснефть" компанитай хэлэлцээ хийхээр ОХУ-ыг зорьсон гэж УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээлж байсан. Тэгвэл ОХУ-ын талтай уулзалтад оролцож буй "ПЕТРОВИС ОЙЛ" ХХК-ийн дарга О.Содбилэг өөрийн твиттер хуудсандаа "Роснефть компанитай уулзаж байна. Есдүгээр сард 1500 тонн АИ-92 бензин, 10-р сард 44 мянган тонн АИ-92 бензин, 9-р сард ачигдаагүй байсан 10 мянган тонн АИ-92 бензин авахаар боллоо" хэмээн жиргэжээ.

Мөн Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ өчигдөр БНХАУ-ын Гадаад хэргийн яам болон Худалдааны яамны холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийжээ. БНХАУ-ын Намрын дунд сарын баярын бүх нийтийн амралтын өдрүүд дуусч, ажилдаа орсон даруйдаа ЭСЯ-ны хүсэлтийг хүлээн авч, эдгээр уулзалтуудыг шуурхай зохион байгуулж байгаад талархал илэрхийлээд манай улсын дотоодод үүссэн нөхцөл байдлын талаар тодорхой танилцуулав. Энэ үеэр ЭСЯ-ны зүгээс Хятадын Петрочайна компаниас шатахуун худалдан авах гэрээ хийгээд буй манай улсын шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн захиалгыг төмөр замаар яаралтай тээвэрлэх асуудлыг зохицуулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн бөгөөд хятадын тал манай улсад нэн тулгамдаад буй уг асуудлыг ойлгож байгаагаа тэмдэглэж, Хятадын төмөр замын холбогдох байгууллагуудтай харилцан шийдвэрлэх чиглэлээр шуурхай ажиллахаа мэдэгджээ.