
ХХЕГ-ын бие бүрэлдэхүүн ахмад хилчин, МУСГЗ, Ардын уран зохиолч П.Бадарчид хүндэтгэл үзүүллээ. Нэрт хүмүүн бага залуу насандаа Монгол Улсын хилийн Овоотын отрядад ажиллаж “Нулимст борхон болжмор”, “Эх орны хилээс”, “Есөн эрдэнийн орон”, “Халх голын өглөө”, “Миний залуу нас дайны жилийн цэрэг явлаа”, “Дайны жилийн сувилагч” зэрэг эх орон, хил, хилчдийн тухай 30 гаруй шүлэг, найраглал, бүтээлээ туурвисан гэдэг. Эдгээр бүтээлүүд өдгөө ард түмний дуулах сонсох дуртай уран бүтээл болсон. Тиймээс ХХЕГ-аас түүний эх орон, хилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, байгууллагынхаа тэргүүн дээд шагнал “Сүлдэт багана”-ыг гардуулсан байна. Мөн хилийн цэргийн формын хувцсыг дэслэгч цолны хамт П.Бадарч гуайд гардуулав. П.Бадарч хилд ажиллаж байхдаа үедээ бага дэслэгч цолтой явжээ. Өдгөө энэ цол хэрэглэгдэхээ больсон тул дэслэгч цолыг олгосон аж.
Ардын уран зохиолч, яруу найрагч П.Бадарч гуай 1971-1975 онуудад хилийн 0166 дугаар ангид бага дэслэгч цолтойгоор соёлын төвийн даргын үүрэг гүйцэтгэж, хилчдэд урлаг, уран сайхнаар үйлчилж явжээ. Хилчид ардын уран зохиолч П.Бадарчтай халуун дотно яриа өрнүүлж, дуу хуур, инээд наргиантай нэгэн сайхан өдрийг хамтдаа өнгөрүүлжээ. Тэрбээр хилчдэдээ зориулан хил дээр төрсөн шүлэг найраглалаасаа уншиж, хилчин явсан дурсамжаасаа хуваалцсан юм.