
МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцжээ. Бүлгийн хурлын шийдвэрийн талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга Ж.Сүхбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, бүлгийн Ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “2022 оны төсөвт гурван зүйлийг чухалчилсан байна гэж бүлгийн гишүүд дүгнэлээ. Тодруулбал, орлогыг шахах, хоёрдугаарт, зарлагыг бууруулах, гуравдугаарт, хөрөнгө оруулалтын бодлогыг дэмжих зорилготой төсөв болсон гэж үзсэн” гэж тодотгов.
Сангийн сайд Б.Жавхлан “Монгол төдийгүй дэлхий дахинд “Ковид-19”-ийн халдварын тархалт тодорхойгүй байдлаар үргэлжлэх, тэр нь эдийн засагт ямар эрсдэл авчрах вэ гэсэн олон сорилтын өмнө төсвийн төслийг боловсруулсан. Цар тахлаас үүдэлтэй уналтад орсон ч эдийн засгийн сэргэлт, өсөлт 2022 онд үргэлжилнэ гэж харж байгаа. Иймээс бид аль болох бодит орлого, зарлагаа тооцож оруулж ирсэн. Ялангуяа төсвөөр дамжуулж хувийн хэвшил болон эдийн засгийн суурь дэд бүтцийн салбаруудаа түлхүү дэмжин, тэлэх ёстой. Ингэж байж урт хугацааны эдийн засгийн хүндрэлүүдийг давж, эрсдэл даах чадвартай эдийн засагтай болно. Тухайлбал, ирэх жилийн хөрөнгө оруулалтуудыг “хөгжлийн” хэмээн тодорхойлж байгаа. 2021 онд авто замын хөрөнгө оруулалт 30 тэрбум байсан бол ирэх жилд 210 тэрбум төгрөг болгож өсгөсөн. Барилга, хот байгуулалтын салбарын дэд бүтцийн болон эрчим хүчний хөрөнгө оруулалтыг өмнөх жилээс 4-5 дахин нэмсэн. Үүний зэрэгцээ эрүүл мэнд болон боловсролын салбарын хөрөнгө оруулалтад онцгой анхаарлаа. Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг хэрхэвч хойш тавьж болохгүй онцгой үе. Цар тахлын үед боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг ч тасалж болохгүй” хэмээн онцолсон юм.
Бэлтгэсэн У.Наран