
“Ирээдүйд технологийн хөгжил дэлхий болон хүмүүсийн амьдралыг хэрхэн өөрчлөх вэ” гэсэн асуултад хариулт хайж Оросын “Лента.ру” сайт нийтлэл бэлтгэснийг бэлтгэн хүргэе.
Сүүлийн хоёр зуунд хүн төрөлхтөн аж үйлдвэрийн гурван хувьсгалыг туулжээ. Эхний үед үйлдвэрүүд барьж, олон мянган ажлын байр бий болгосон бол хоёр дахь хувьсгалаар хүмүүс цахилгаан хэрэглэдэг болж, нефть, химийн үйлдвэр хөгжүүлснээр харьцангуй тав тухтай амьдрах нөхцөл бүрджээ. Гурав дахь хувьсгал гэдэг нь интернэт ашиглаж эхэлсэн үе буюу мэдээллийн эринтэй золгож, асар олон өөрчлөлт, дэвшилттэй тулгарсан.
Өдгөө аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын үед явж байна. Энэ нь 1990-ээд оноос эхлэлтэй. Орчин үеийн технологи нь бүх салбарт үндэс суурь болж байна. Ирээдүйд хиймэл оюун ухаан, роботын хөгжилд түлхүү анхаарах нь олон улсын зорилт болоод буй. Хүн өөрт тохиромжтой хэлбэрээр боловсрол эзэмшиж, дэлхийн хаанаас ч ажиллах боломж бүрдэж байна. Ирээдүйд хүмүүс виртуаль болон бодит ертөнцийн дунд амьдарна. Хиймэл оюун ухаан хүнээс дутахгүйгээр аливааг ойлгож, хариу үйлдэл үзүүлэх болно.
Интернэтийн хөгжил нь мэдээллийн цар хүрээг нэмэгдүүлэхэд хүргэсэн. Өдгөө таван тэрбум гаруй хүн интернэт ашиглан мэдээлэл олж авч байна. Олон улсын шинжээчдийн тооцоолсноор 2018-2025 онд хүний үүсгэсэн өгөгдөл 33 зеттабайт (нэг зеттабайт нь тэрбум терабайттай тэнцэнэ)-аас 175 хүртэл өсөх аж. Ярианы хүсэлтэд хариулдаг виртуаль туслахууд түгээмэл болж байна. Тэд бас хиймэл оюун ухааны үндсэн дээр ажилладаг бөгөөд зөвхөн үндсэн тушаалуудыг гүйцэтгээд зогсохгүй бүрэн хэмжээний “хүн” болж чадна. Наад зах нь гэхэд, хүнд хэцүү асуултын хариултыг олж, дуудлагад хариулах, и-мэйл шалгах, шуудан зөөгчтэй харилцах, үзвэр, үйлчилгээний захиалга авч, тасалбар борлуулах ажилд тэргүүлэх юм. Хэзээ нэгэн цагт, магадгүй удахгүй дижитал ертөнцөд хиймэл оюун хүнийг орлож, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь болно. Энэ бол хүмүүсийн ажлыг хөнгөвчлөх, технологийн хяналтаас гадуур бусад ажилд цаг гаргах боломж юм.
Хиймэл оюун ухаан хүн төрөлхтний ирээдүйд гүйцэтгэх үүргийн талаар эерэг, сөрөг хандлага, таамаглал бий. Шведийн философич Ник Бостром андроид нь хүний онцлог шинж чанартай байж чадахгүй гэдэгт итгэлтэй байна. Түүний хэлснээр цаг хугацаа өнгөрөх тусам машинууд хүнээс давж гарах боломжтой ч тэдний давамгайллаас үүдэлтэй аюултай нөхцөл байдал үүсэх хүртэл бид аюулгүй байдлаа хамгаалах арга замыг хайж олсон байх болно. Үүнтэй төстэй саналыг эрдэмтэн Стивен Хокинг дэвшүүлж байлаа. Мөн Илон Маск ч түүнтэй адил бодолтой.
Бэлтгэсэн Э.Хана