
“Тавантолгой дулааны цахилгаан станц” төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр зарлаж, 90 хоногийн хугацаанд гүйцэтгэгчийг нь сонгох талаар Засгийн газрын хуралдаанд өчигдөр мэдээлжээ. Төсөл санаачлагчийг төлөөлж “Эрдэнэс Тавантолгой” компани нийт санхүүжилтийн 30 хүртэлх хувийг, тендерт оролцогч үлдэгдэл хөрөнгийг Засгийн газрын баталгааг үндэслэн өөрөө санхүүжүүлэх хувилбараар санал ирүүлэх юм байна. Тендерийг зохион байгуулснаар ирэх оны эхний улиралд багтаан гүйцэтгэгчтэй барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулах гэнэ. Улмаар 2025 онд 450 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц, 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг байнгын ашиглалтад хүлээн авахаар төлөвлөжээ.
Үүнээс гадна Улаанбаатар хотын цахилгаан, дулаан хангамжийн тав дахь эх үүсвэрийг “ДЦС-3”-ын дэд бүтцэд түшиглэн барих төслийн хэрэгжилтийн явцын талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцуулсан байна. Монгол Улс, ОХУ-ын төсөл хэрэгжүүлэгч байгууллага болох “ДЦС-3”, “Интер РАО-Экспорт” компани хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулж, хоёр талын хийх ажлыг тохиролцжээ. “Интер РАО-Экспорт” компани төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг 180 хоногт багтаан манай талд ирүүлэхээр тохирсон аж. ТЭЗҮ-ийг үндэслэн ОХУ-ын Засгийн газраас авах экспортын зээлийн талаарх асуудлыг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулах гэнэ.