
Төрийн алба цомхон бүтэцтэй, чадварлаг боловсон хүчинтэй байх ёстой. Тэд төрөөс үзүүлж буй үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэх учиртай. Энэ алба авлига, хээл хахууль, хүнд суртлын үүр уурхай бус, ажил урагшлуулагч хүч байх үүрэгтэй. Монголчууд ингэж ярьж, лоозогноод олон жилийн нүүр үзэж байна. Үе үеийн Засгийн газрын гишүүд, эрх баригчид энэ асуудлыг ёс юм шиг хөндөж, тэр бүртээ төрийн албаны данхар бүтцийг хумьж, босгыг нь өндөрсгөх шаардлагатай хэмээн сануулсаар ирсэн. Гэтэл бодит байдалд төрийн албан хаагчийн орон тоо буурах нь бүү хэл, эсрэгээрээ жигд, тогтвортойгоор өссөөр 200 мянга давлаа. Харин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар энэ тоог гурав дахин бууруулна гэж том “ам гараад” байна. Тэд үнэхээр төрийн албыг цомхотгож, төсвөө хэмнэж чадах уу.
Засгийн газар цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхийн тулд ирэх жилүүдэд хөдөлмөр, бүтээмж, өсөлтийг дэмжих төсвийн бодлого хэрэгжүүлнэ хэмээн мэдэгдээд буй. Энэ хүрээнд авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нэг арга хэмжээ нь төрийн бүх шатны байгууллагуудын зардлыг танах байдлаар хэмнэлтийн горимд ажиллуулах, албан хаагчдын тоог цөөлөх замаар цалингийн санг бууруулах аж. Өөрөөр хэлбэл, зардлын хэмнэлт, чиг үүргийн оновчтой хуваарилалтын зарчмаар цомхон, чадварлаг, хариуцлагатай төрийн албыг бүрдүүлэх гэнэ. 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд үүнийг тусгасан бөгөөд төрийн албаны бүтцийн шинэчлэл хэмээн нэрийдээд байна.Өнөөдрийн байдлаар манай улсад 205 мянган төрийн албан хаагч бий. Энэ нь өнгөрсөн оныхоос 6000-аар өссөн үзүүлэлт аж. ЦЕГ-ын харьяа Экологийн цагдаагийн албаны нэгж салбарыг орон нутагт байгуулсан, ОБЕГ-ын зарим ангийг өргөтгөсөн, дотоодын цэргийн албан хаагчийн тоог бодлогоор нэмсэн зэрэг нь энэ өсөлтөд нөлөөлжээ. Нийт албан хаагчийн 20 мянга нь төрийн захиргаа, 45 мянга нь төрийн тусгай ангилалд багтаж байна. Тодруулбал, энэ албанд зүтгэгчдийн гуравны нэг хувь буюу 65 мянга нь төрийн жинхэнэ албан хаагч байгааг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг танилцууллаа. Манай улс 2019 онд төрийн албан хаагчдын цалин урамшуулалд 2.1, 2020 онд 2.8 их наяд төгрөг зарцуулжээ. Харин энэ онд гурван тэрбум давав. Тэгвэл Засгийн газар төсвийн шинэчлэлийн хүрээнд төрийн албан хаагчдын цалингийн санг 1.7 их наяд болгож бууруулах зорилт дэвшүүлээд байгаа юм. Үүний тулд албан хаагчдын тоог гурав дахин цөөлж, 73.6 мянгад хүргэх шаардлагатай гэсэн тооцоолол гаргасан аж. Энэ төсөөллийг биелүүлэх боломжтой юу.

Хуулийн төсөл боловсруулагчдын мэдээлж, танилцуулж байгаагаас үзэхэд Засгийн газар төрийн алба хаагчдыг ойрын хугацаанд хуугаар нь цомхотгож, халаа сэлгээ хийх нь гэсэн “мессеж” уншигдаж буй. 13 биш 130 мянган албан хаагчийг “хөдөлгөх” шаардлагатай гэсэн тооцоо гаргасан учраас ингэж ойлгогдохоос ч аргагүй биз. Иргэд ч тэгж ойлгож, хүлээж авч байна. “Татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг, хүнд суртал өөгшүүлэгчдийг цөөлөх хэрэгтэй”, “Яам, агентлагаас эхлээд цомхотгол хийх нь зүйтэй” гэж “зөвлөх” хүн олон байна. Гэтэл тийм биш аж. Төрийн албаны бүтцийн шинэчлэл, цомхотголыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэсэн сэтгүүлчийн асуултад Сангийн сайд Б.Жавхлан “Урт хугацаанд хэрэгжүүлэх ажил. Хоёр албан хаагч тэтгэвэрт гарахад оронд нь нэг хүн авах байдлаар орон тоог цөөлөх бодлого баримталж буй” хэмээн хариулав.
Мөн хэд хоногийн өмнө болсон Төсвийн байнгын хорооны хурлын үеэр тэрбээр “Манай Засгийн газар “Ковид-19”-ийн хүндрэлтэй цаг үед нэг ч албан хаагчийг ажилгүй болгож, цалинг нь хасахгүй. Ийм эрсдэлтэй алхам хийхгүй. Төрийн албан хаагчийн орон тоог цөөлж, цалингийн санг бууруулах нь төсвийн шинэчлэлийн хүрээнд дэвшүүлж байгаа бидний зорилго. Энэ нь дунд болон урт хугацаанд хэрэгжүүлэх шилжилтийн үйл явц. Үүнд санаа зовох зүйлгүй. Төрийн албаныхан цалингаа авна. Ажилтайгаа байна. Хүндээ ээлтэй загварыг сонгож, бодлогын шилжилт хийнэ” гэсэн ойлгомжгүй, зөрчилдөөнтэй, “бөөрөнхий” тайлбар өгсөн. Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатараас эхлээд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан зэрэг хэд хэдэн гишүүн эл хуулийн төслийг тоо баримтын алдаатай, ойлгомжгүй мэдээлэлтэй гэж шүүмжилсэн юм.
Эндээс үүдэлтэй зөрүүтэй ойлголтыг тайлбарлая. Төрийн албан хаагчдын тоог гурав дахин бууруулах нь Засгийн газрын дунд болон урт хугацааны зорилго аж. 2022 оны төсөвт төрийн албан хаагчдын цалинг бүрэн төсөвлөж, тусгажээ. Харин Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу төрийн албан хаагчдын шилжилт, дотоод хөдөлгөөн эрчимжих нь. Тодруулбал, төрийн шууд чиг үүргийг хэрэгжүүлдэггүй боловч төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллагуудын байр ашиглалтыг хариуцдаг алба хаагчдын тухайн орон нутаг руу шилжүүлэх зохицуулалтыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдүүлэхээр болжээ. Түүнчлэн хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжтой зарим төрлийн ажил үйлчилгээг төр эрхлэхгүй байх зохицуулалтыг төсвийн шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлэх нь. Үйлчилгээ тус бүрээр өртөг, зардлыг тооцож, хувийн хэвшилд даатгаснаар төсөв хэмнэх боломжтой гэж үзсэн байна. Мөн боловсрол, соёл, эрүүл мэнд, биеийн тамирын чиглэлийн үйл ажиллагаатай байгууллагуудын цалинг орон тоогоор бус, гүйцэтгэлээр үнэлэх шийдлийг хэрэгжүүлж эхлэх аж. Ажлын бүтээмж, гүйцэтгэлээр цалинг тооцдог тогтолцоог цаашид төрийн бүх шатны байгууллагад бий болгох зорилт дэвшүүлсэн байна. Ингэснээр албан хаагчдын дунд чиг үүргийн давхцал үгүй болно, гүйцэтгэл сайжирна гэж үзсэн гэв. Товчхондоо бол 2022 онд төрийн албанд цомхотгол, халаа сэлгээ болохгүй нь. Харин зарим ажил үйлчилгээг гүйцэтгэх эрхийг шилжүүлэх, цалингийн системийг өөрчлөх байдлаар тодорхой хэмжээний хэмнэлт хийх аж.

Төрийн албаны данхар бүтцийг халж, шинэчлэх гол шийдэл нь цахим шилжилт. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байхаасаа л энэ талаар хөндөж, “чанга” дуугарч ирсэн. ЗГХЭГ-ын дэргэдэх Цахим бодлогын үндэсний хороо төрийн үйлчилгээг бүрэн цахимжуулснаар албан хаагчдын тоог 30-40 хувиар бууруулах боломжтой гэсэн тооцоолол гаргаад байв. Харин өдгөө “e-Mon¬golia” систем төрийн 600 гаруй үйлчилгээг цахимаар үзүүлж, 30-40 мянган албан хаагчийн ажлыг гүйцэтгэж байна. Ийм тооны орон тоог чөлөөлөх боломжтой гэсэн үг. Гэвч Ерөнхий сайд цар тахлын хүндхэн цаг үед иргэдийг ажилгүй болгож, “хөсөр хаяхгүй” гэсэн энэрэнгүй бодлого, хүнлэг зарчимд баригдан, эргэж хургасаар буй бололтой. Ерөнхийлөгч ч “Төрийн албыг цомхотгох ажлын цаана олон мянган хүний эрх ашиг, амьдрал ахуй байдаг. Тиймээс сайтар төлөвлөж, оновчтой байдлаар хэрэгжүүлэх хэрэгтэй” хэмээн анхааруулсан юм. Тэгэхээр төрийн албан хаагчдыг цомхотгох, данхар бүтцийг шинэчлэх ажил коронавирусийн нөхцөл байдлаас хамааран тодорхойгүй хугацаагаар хойшлох нь.
Цаг үеийн нөхцөл байдлыг харгалзалгүй бүтцийн шинэчлэл хийсэн ганц газар нь одоогоор БШУЯ аж. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан ажлаа авсан даруйдаа яамныхаа харьяа 12 газрыг нэгтгэж найм болгосон. 120 гаруй ажилтнаа 88 болгож цөөлсөн байдаг. Тэрбээр энэ тухай “Яам болон хэрэгжүүлэгч агентлагийн чиг үүрэг, бүтэц тэс өөр. Гэтэл яам бодлогын бус, хэрэгжүүлэгч агентлагийн хэмжээнд ажиллаж, тендерийн ажил төдийхөнд анхаарал хандуулсаар иржээ. Тиймээс ийм өөрчлөлт хийсэн. Уг нь энэ ажлыг Төрийн албаны зөвлөл манлайлах ёстой атал харин ч эсэргүүцэх байдлаар хандсан. Тэд шинэчлэл хийх бус, чөдөр тушаа болж байна. Яагаад цомхотгосон, ямар учраас орон тоог цөөрүүлсэн гэж гайхаж буй” хэмээн ярьсан юм. Эндээс Монголын төр төрийн алба хаагчдыг цомхотгох тийм ч “дуртай” биш гэдэг нь тод томруун харагдаж байна.