
Эрс тэс нөхцөлд амьдрах чадвартай бичил биетүүд байдаг. Тэдгээрийн заримыг газрын тос болон байгаль орчинд халтай бусад хог хаягдлыг цэвэрлэхэд хэдийн ашиглаад эхэлсэн. Тэгвэл Чили улсын судлаачид уул уурхайн олборлолтын улмаас асар их бохирдсон байгаль орчныг цэвэрлэж, нөхөн сэргээхийн тулд металл идэгч бактери бий болгон, туршиж байна. Мэргэжилтнүүд эл бичил биетийн тусламжтайгаар төмөр хадаасыг гурван минутад устгасан аж. Сантьягогоос хойд зүгт 1100 километрийн зайд орших аж үйлдвэрийн хот Антофагаста дахь лабораторид биотехнологич Надак Реалес экстремофиль буюу эрс тэс нөхцөлд амьдардаг бичил биетүүдийг туршиж буй гэнэ. Тэрбээр оюутан цагтаа зэсийн олборлолтыг сайжруулах зорилгоор бичил биет ашиглан туршилт хийж байхдаа эл санаагаа олсон талаараа ярьжээ. Н.Реалес далайн түвшнээс дээш 4200 метрийн өндөрт орших Татио галт уулын хайлмагаас төмөр исэлдүүлэгч лептоспириллиум хэмээх бактери “төрүүлсэн” юм байна. Эл бүтээлдээ олон улсын патент авах хүсэлтээ гаргаад буй аж.
Ташрамд өгүүлэхэд, Чили улс энэ салбарт дэлхийд тэргүүлдэг бөгөөд ДНБ-ий 15 хүртэлх хувийг үүнээс бүрдүүлдэг. Энэ хэрээр уул уурхайн хог хаягдал ихтэй. Зарим металлыг хайлуулах үйлдвэрт дахин боловсруулах боломжтой ч их хэмжээгээр бол хүчин чадал хүрэхгүй учраас Чилийн уул уурхайн хаягдлыг Атакама цөлд хаядаг юм байна.