
“Амигдала фильмс” продакшн, “Лантуун дохио” төрийн бус байгууллага хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр “Баавгай болох сон” бүрэн хэмжээний кино бүтээх нь. Найруулагч П.Золжаргал “Эл кино төслөө 2017 онд эхний хувилбараар нь Японд болдог “Талент Токио” хөтөлбөрт танилцуулсан. Тус хөтөлбөрийн хүрэээнд Азийн залуу найруулагчдад долоо хоногийн турш мастер хичээл заадаг. Дистрибьютер компани, алдартай найруулагч, туршлагатай продюсер, кино зохиолчидтой холбогдох, тэднээс үг сонсох боломжтой. Уг хөтөлбөрт хамрагдагсдын дунд уралдаан зарлаж, түрүүлснийг нь шагнадаг. Азаар би уралдаанд нь түрүүлсэн. Тэнд төслөө танилцуулахад мэргэжилтнүүд “Зохиолоо улам хөгжүүлэх хэрэгтэй” гэж зөвлөсөн. Ингээд Италид байдаг “Торино кино лаб” гэх залуу найруулагч, зохиолч нар хамрагддаг түргэвчилсэн сургалтад хамрагдахаар материалаа явуултал тэнцчихсэн. Тэнд мэргэжлийн кино зохиолчдод төслөө танилцуулж, цааш хөгжүүлэх үүрэг авсан.
Ээж, гурван дүүгийн хамт ядруухан амьдардаг өсвөр насны хүүгийн талаарх зохиол л доо. Сайн боловсрол эзэмшиж, мөнгөтэй болох зорилго өвөрлөсөн хүүгийн амьдралын тухай” гэсэн юм. Ташрамд дурдахад, П.Золжаргал 2012 онд Японы Обирин их сургуулийг кино найруулагч мэргэжлээр дүүргэжээ. Түүний “Хотын дээгүүр, тэнгэрийн доогуур” богино хэмжээний кино Токиогийн кино наадмаас Кино клубийн нэрэмжит шагнал хүртсэн юм. Мөн “Хүрэн”, “Үл заяагдагсад” киногоо “Алтан хальс” болон Локарногийн олон улсын кино наадмын үеэр үзэгчдийн хүртээл болгосон байна. Өнгөрсөн “Улаанбаатар” наадмын олон улсын үзвэрт түүний “Шат” богино хэмжээний бүтээл багтсан. Мөн Австралийн “Синэфэст оз” наадмаас шилдэг кино зохиолын шагнал мөн хүртэж байв.
Бэлтгэсэн А.Хангай