
Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого энэ оны эхний есөн сарын гүйцэтгэлээр 11.1 их наяд төгрөг болжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 3.8 тэрбум төгрөг буюу 52.2 хувиар өссөн үзүүлэлт аж. Үүнээс эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 3.45 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 2.04 их наядаар буюу 2.4 дахин өссөн байна. Уул уурхайн салбараас 3.2 их наяд төгрөгийн орлого төсөвт оруулсан аж. Үүнээс зэсийн баяжмалаас 1.4 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлсэн нь 3.2 дахин нэмэгдсэн үзүүлэлт гэнэ. Түүнчлэн нүүрсээс 260.7 (65.8 хувь), төмрийн хүдрээс 97.7 (2.8 дахин), цайраас 57 (3.8 дахин), хайлуур жоншоос 66.9 (4.1 дахин), алтнаас 40.7 (33.3 хувь) тэрбум төгрөгийн орлого оруулжээ. Мөн газрын тосны салбараас 161.6, тусгай зөвшөөрлийн төлбөрөөр 24.5, бусад орлогоор төсөвт 34.9 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Ийнхүү эрдэс баялгийн салбар нь энэ оны эхний есөн сарын байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 31 хувийг бүрдүүлэв.