
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний импорт, инфляцад үзүүлэх нөлөөллийн талаар танилцууллаа. Үүнтэй холбогдуулан импортоос хэт хамааралтай, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, татан авалт, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгав. Цар тахлын үед хүнсний бүтээгдэхүүний ачилт, тээвэрлэлт, хилээр нэвтрүүлэх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, түргэн гэмтэж, мууддаг хүнсний ногоог төмөр замаар татан авах боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг Гадаад харилцааны, Зам, тээврийн хөгжлийн болон Шадар сайд нарт үүрэг болголоо. Хүнсний гол нэрийн импортын бүтээгдэхүүний татан авалт, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулаад буй. Эрээн хотод тогтоосон хязгаарлалтын бүсийн гадна байгаа хүнс, эм, эмнэлгийн хэрэгслийг төмөр зам болон автозамын бусад боомтоор нэн яаралтай татан авах зохицуулалт хийж байгаа аж.
Бэлтгэсэн Б.Уран