
Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон М.Цэнгэгийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр тэд хоёр орны шинжлэх ухааны хамтын ажиллагааны талаар ярилцахын зэрэгцээ, зарим шийдвэрлэх асуудлын талаар хэлэлцэв.
Тодруулбал, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд хадгалагдаж буй үлгэр тууль, ардын дуу, уртын дуу гэх мэт үнэт ховор зүйлсийг сэргээх шаардлага тулгараад байгаа аж. Өмнө нь санхүүжилтийн асуудлаас болоод сэргээх ажил орхигдсон байна. Иймээс Австрийн Шинжлэх ухааны академийн дэргэд дуу бичлэгийг өндөр түвшинд сэргээдэг студид дээрх үнэт ховор зүйлсийг сэргээхэд анхаарч ажиллахыг Элчин сайдаас ШУА-ийн ерөнхийлөгч хүслээ. Мөн энэ үеэр Элчин сайд М.Цэнгэг Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний олон улсын төв байгууллагаас Монгол улсад байршуулсан хяналтын станциудын тухай мэдээллийг сонирхов. Энэ талаарх хоёр орны хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлж, хөгжүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.
Сонирхуулахад, Монгол улс 1997 онд Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээнд нэгдэн оржээ. Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний олон улсын байгууллагын төв нь Австри улсын Венна хотод байдаг байна. Тус байгууллагаас дэлхийн олон улс оронд хяналтын станц байршуулдаг бөгөөд манай улсад байршуулсан станцийн үйл ажиллагааг ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэн хангаж ажилладаг ажээ.
Ташрамд дурдахад, анх 2000 онд хоёр орны шинжлэх ухааны академи хооронд эрдэмтэн солилцооны асуудлаар гэрээ үзэглэж, хамтын ажиллагаагаа эхлүүлж байжээ. Улмаар 2004 оноос хойш, жил бүр дунджаар 5 судлаач урт болон богино хугацааны сургалтад тэтгэлгээр суралцдаг байна.