
АНУ-ын судалгааны компани “Гартнер”-ын шинжээчид 2022 оноос эхлэн ойрын ирээдүйд голлох үүрэг гүйцэтгэх, хиймэл оюун ухаанд суурилсан технологиудыг нэрлэжээ. “Venture beat” сэтгүүлд мэдээлснээр технологийн дэвшил нь хиймэл оюун ухааны хөгжилтэй нягт холбоотой байх нь. Уг жагсаалтыг GAI (Gener¬ative аrtificial intelligence) буюу шинэ, үнэмшилтэй контент үүсгэхийн тулд бичиг болон дуун мэдээлэл, зураг гэх мэт одоо байгаа контентыг ашиглах боломж олгодог хиймэл оюун ухааны алгоритмын технологи тэргүүлжээ. Энэ нь өдгөөгийн тэргүүллээ ирэх онд алдахгүйн зэрэгцээ ойрын ирээдүйд ч байр сууриа хадгалах талаар шинжээчид таамаглажээ. Хиймэл оюун ухааны энэ дэд төрлийг программ хангамж боловсруулах, эм бүтээх, зорилтот маркетинг хийхэд ашиглах болно. “Гартнер”-ын шинжээчдийн тооцоолсноор GAI одоогоор мэдээллийн нэг хүрэхгүй хувийг бүрдүүлж байгаа ч 2025 он гэхэд энэ тоо 10 хувь болж өсөх магадлалтай. Ирээдүйд хийх дараагийн томоохон санаачилгыг мэргэжилтнүүд хүрээлэн буй орчинд дасан зохицож, суралцах чадвартай бие даасан систем гэж нэрлэжээ.