
Санхүүгийн салбарын энэ оны гуравдугаар улирлын тайланг Санхүүгийн зохицуулах хорооноос өчигдөр танилцууллаа. Тайлант хугацаанд санхүүгийн салбарын хөрөнгийн ДНБ-д эзлэх хэмжээ 22.1 хувьд хүрчээ. Үүнээс хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ДНБ-ий 13.4, банк бус санхүүгийн байгууллагынх 6.7, даатгалын салбарынх 1.2, хадгаламж, зээлийн хоршооных 0.8 хувьтай тэнцсэн аж. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үеийнхээс 91 хувиар өсөн 4.9 их наяд төгрөгт хүрсэн байна. Түүнчлэн банк бус санхүүгийн байгууллагын хөрөнгийн хэмжээ 2.5 их наяд төгрөгт хүрч, жилийн хугацаанд 26.7 хувиар дээшилжээ. ББСБ-ын зээлийн нийт үлдэгдэл өмнөх оны мөн үеийнхээс 30 хувиар өсөж 1.8 их наяд төгрөг, зээлдэгчийнх тоо 1.8 дахин нэмэгдэн 1.6 сая болжээ. Ингэснээр нийт харилцагчийнх нь тоо нэг жил 71.6 хувиар өсөн, давхардсан тоогоор 4.5 саяд хүрсэн юм байна. Харин хадгаламж зээлийн хоршоодын хөрөнгө өмнөх оны мөн үеийнхээс 23.5 хувиар ахин, 289.4 тэрбум төгрөгт хүрч, хадгаламж эзэмшигчдийн тоо 34 296, зээлдэгч нь 35 763 болжээ. Түүнчлэн даатгалын салбарын хөрөнгө болон нөөцийн хэмжээ өнгөрсөн жилийн энэ үеийнхээс 12-13 хувиар нэмэгдэн, нийт 600 тэрбум төгрөгөөс давжээ.