
ОХУ-ын Соёлын яамны дэмжлэгтэйгээр тус улсын кино урлагийн холбоо, Оросын кино урлаг, соёл, шинжлэх ухааны үндэсний академи “Россия” олон улсын баримтат киноны наадмыг 32 дахь удаагаа зохион байгууллаа. Өнөө жил Монголын өргөн дэлгэцийн болон телевизийн шилдэг баримтат киног толилуулж, тус салбарын төлөөлөл болсон уран бүтээлчдийг оролцуулжээ. Тодруулбал, МҮОНРТ-ийн найруулагч Н.Чингисийн “Хорьдол сарьдагийн нүүдэл”, “Хатаръя л даа”, “Алтан нарны үр сад”, залуу найруулагч Ц.Дэнсмаагийн “Аргал” баримтат киног орос дуу оруулгатайгаар наадмын үеэр үзүүлсэн байна. Жил бүр болдог уг наадамд оролцсоноор Герман, Франц, Испани, Ирланд, Финланд, Хятадын баримтат киноны уран бүтээлчидтэй хамтран ажиллах, цаашлаад олон улсын томоохон арга хэмжээнүүдэд оролцох боломжтой ажээ.