
2020 онд улсын цэцэрлэг, сургууль, эмнэлэг барих тендерт шалгарсан компаниудын төлөөлөл “Барилгын материалын үнийн өсөлтийн улмаас учирсан хохирлыг 2022 оны төсөвт тусгаж өгөх”-ийг Сангийн сайдаас удаа дараа шаардаж буй. Учир нь хил хаагдаж, тээвэрлэлтийн үнэ өссөнтэй холбогдуулан барилгын материалын үнэ 2-3 дахин өсөж, эдгээр компаниуд 400 саяаас нэг тэрбум хүртэлх төгрөгийн алдагдал хүлээсэн. Мөн эл асуудлыг нь шийдэж өгөхгүй бол барилагчид өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдсэн.
Эл асуудалтай холбогдуулан Барилга хот байгуулалтын яамны удирдлагууд “Одоогоор манай салбарт 7000 байгууллага, 70 мянган орчим ажилчид бий. Олон улсын зах зээлд түүхий эдийн үнэ өсөх, ажилчдын цалингийн үнэлгээ өссөн гэх зэрэг шалтгаанаар барилгын материалын үнийн өсөлт бодитой гэдэг нь батлагдсан. Монгол Улсын 2021 оны төсвийн хэмжээнд 1000 орчим төсөл" үнийн өсөлтөд их бага хэмжээгээр нэрвэгдсэн". Эдгээрээс 100 орчим компани нь 60 тэрбумын хохирлыг 2022 оны төсөвт тусгаж өгөхийг шаардаж буй. Эдгээр хэсэг бүлэг компанийн асуудлыг тусад нь авч хэлэлцэх боломжгүй. Бид алдагдалд орсон бүх компанийн асуудлыг хэлэлцэхээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна” хэмээн мэдээллээ.