
"Монгол бахархалын өдөр"-т зориулж зохион байгуулдаг бөхийн барилдаан цуцлагдсан бөгөөд тасалбар худалдаж авсан иргэдэд төлбөрийг буцааж шилжүүлэхээр болжээ. Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан "ЗГ, УОК үндэсний бөхийн барилдааныг хойшлуулж, цуцлаагүй болно. Харин Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав барилдаан зохион байгуулах бэлтгэл хангагдаагүй тул барилдааныг хойшлууллаа гэдгээ УОК-ын шуурхай штаб дээр хийсэн уулзалтын үеэр өөрийн биеээр мэдэгдсэн" гэв.
Тэгвэл Монголын үндэсний бөхийн холбооноос дараах мэдэгдлийг гаргажээ. Тодруулбал,
" Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газартай хамтран зохион байгуулдаг "Монгол бахархлын өдөр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдааныг 2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр үзэгчийн 50 хувийн дүүргэлттэйгээр, холбогдох дүрэм, журмын дагуу зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллалаа. Цар тахлын нөхцөл байдал буурч байгаа боловч вакцины гуравдугаар тунгийн асуудлаар төрийн байгууллагууд мөн УОК, НОК-ууд нэгдсэн ойлголт, шийдвэрт хүрээгүй байгаа, үүний улмаас олон нийтийн зарим хэсэгт бухимдал үүсэх магадлалтай хэмээн тус газар болон төрийн байгууллагуудын зүгээс барилдааныг хамтран зохион байгуулах боломжгүй болсныг мэдэгдсэн. Тиймээс бөх сонирхогч, үзэгч олон нийт, шууд дамжуулахаар зэхсэн телевизийн хамт олноос хүлцэл эрье. Тасалбар худалдан авсан иргэдэд төлбөрийг буцаан шилжүүлэх болно" гэжээ.