
Монгол Улс энэ оны эхний 10 сарын байдлаар 6.55 сая тонн төмрийн хүдэр болон баяжмал экспортолж, 906.2 сая ам.долларын орлого олжээ. Түүнчлэн 1.15 сая тонн зэсийн баяжмал худалдаж, 2.62 тэрбум “ногоон”-ы орлого оруулсан байна. Өнгөрсөн жилийн мөн үед 1.13 сая тонн зэсийн баяжмал худалдаад, 1.34 тэрбум ам.долларын орлого олж байсан аж. Энэ онд зэсийн ханш өссөнөөр орлого нь хоёр дахин нэмэгдэв. Үүнээс гадна 5936 тонн молибдены баяжмал экспортолж, 61.9 сая ам.долларын орлого олжээ. Молибдены орлого мөн л хоёр дахин өсжээ. Мөн 120.5 мянган тонн мөнгө худалдаж, 118.5 сая ам.долларын орлого оруулсан аж.
Энэ оны эхний 10 сарын байдлаар 13.4 сая тонн чулуун нүүрс экспортолж, 1.97 тэрбум ам.долларын орлого олсон байна. Нүүрсний экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 10 сая тонноор дутуу ч орлого 200 сая “ногоон”-оор илүү байгаа юм. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ огцом өссөн нь ийнхүү орлогыг нэмэгдүүллээ. Үүний зэрэгцээ 429.5 мянган тонн хүрэн нүүрс хил давуулан худалдаж, 15.5 сая “ногоон”-ы орлого оруулжээ. Өмнөх жилийн мөн үед 54.4 мянган тонн хүрэн нүүрс экспортолж, 1.6 сая ам.долларын орлого олсон аж. Ийнхүү хүрэн нүүрсний экспорт найм дахин өсөв.