
Шотландын Глазго хотод болсон НҮБ-ын суурь конвенцын талуудын 26 дугаар бага хуралд манай улсын төлөөлөгчид “амжилттай” оролцоод ирлээ. Ялангуяа Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад улсаа төлөөлсөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүргээ хангалттай биелүүлэн, үр дүнтэй уулзалт, хэлэлцээ хийж, тун их идэвх чармайлт гаргасан мэт харагдаж байна.
Зарим улсын удирдагч, олон улсын томоохон байгууллагуудын тэргүүн түүнд бараалхсан л гэнэ. Тэрбум мод тарих санаачилгыг онцгойлон сайшаасан юм байх. Ийм том зорилготой хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр зориглон хөдөлсөн улс ховор гэх. Ямартай ч тус арга хэмжээнд манай улс чухал “тоглогчийн” байр сууринаас нэр хүндтэй, амбицтай оролцсон мэт дүр зураг, ойлголт олон нийтийн дунд буув. Ийм өнцөг, өнгө аястай мэдээллийг цахим сүлжээгээр дүүрэн түгээсэн учраас арга ч үгүй биз. Гэвч бодит байдлыг хэлбэр бус, агуулга талаас нь, илүү өргөн хүрээгээр харвал Монгол Улс энэ удаагийн хуралд тийм ч амжилттай, нүүр бардам оролцож чадаагүй юм. Энэ талаар дэлгэрүүлье.
“Киотогийн протокол”-ын дараах, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх хууль ёсны хоёр дахь албан бичиг болох Парисын хэлэлцээрийг 2016 онд баталсан. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дэлхийн дулаарлыг 1.5 хэм (жилийн дундаж)-д хязгаарлах үндсэн зорилго бүхий хэлэлцээрт нэгдсэн улсууд хүн амын нягтшил, газар нутгийн онцлог, үйлдвэрлэлийн хүчин чадал, эдийн засгийн чадамж зэргээс хамаараад өөр өөр зорилт дэвшүүлж, үүрэг хүлээсэн юм. Товчхондоо бол манай улс өдий хугацаанд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр ийм ажил хийж, төдөн хувиар бууруулна гэсэн үндэсний хэмжээний зорилт дэвшүүлэн, амлалт өгч, түүнийгээ биелүүлэх үүргийг олон улсын өмнө хүлээсэн гэсэн үг. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцод нэгдсэн талууд эл зорилтоо таван жил тутамд ахиулан өөрчилж, үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийг шинэчлэх ёстой. Энэ дүрэм ёсоор бол Глазго хотод зохион байгуулсан хоёр дахь удаагийн хурал дэлхийн улсуудын нэгдмэл зорилгын хэрэгжилтийг хангах, үүнд оруулах хувь нэмрийг шинэчилж, тунхаглахаас гадна өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, санаачилгын үр дүнг хэлэлцэх байв. Харамсалтай нь, Монгол Улс энэ шалгалтад муу дүн авсан.

Манай улс Парисын хэлэлцээрт нэгдэхдээ “Уур амьсгалын өөрчлөлтийг өдөөгч гол хүчин зүйл болсон хүлэмжийн хийн ялгарлыг 2024 он гэхэд 12.3, 2030 онд 16 хувиар бууруулна” гэсэн зорилт дэвшүүлсэн. Хүлэмжийн хий хамгийн их ялгаруулдаг эрчим хүч, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, зам тээвэр, барилга, хог хаягдал гэсэн эдийн засгийн тэргүүлэх зургаан салбарын хүрээнд тооцоолсны үндсэн дээр ийм тоо “гаргаж ирсэн” юм. Гэтэл өнгөрсөн хугацаанд энэ чиглэлээр хийж хэрэгжүүлсэн дорвитой ажил үнэндээ алга. БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газар, НҮБ-ын Уур амьсгалын конвенцын дэргэдэх Уур амьсгалын ногоон сангаас байгаль орчны салбарт хэрэгжүүлсэн цөөн төсөл, хөтөлбөрийг эс тооцвол бусад чиглэлээр юу ч хийсэнгүй. Хүлэмжийн хий их хэмжээгээр ялгаруулдаг нүүрсний хэрэглээг бүрмөсөн халж, “ногоон” эрчим хүчний шийдлийг нутагшуулах гол найдвар хэмээн ярьж байсан салхин болон усан цахилгаан станц барих төсөл, төлөвлөгөө гацсан хэвээр. Барилгын дулааны алдагдлыг бууруулах, шатахууны чанарыг сайжруулах, насжилт өндөртэй тээврийн хэрэгслийг цөөрүүлэх замаар агаар мандал дахь хорт бодисын хэмжээг багасгах зорилт ажил хэрэг болсонгүй. Хог хаягдлын зохистой менежментийг нутагшуулах ажил жишиг загвар нэрийн доор хязгаарлагдмал хүрээнд, тодорхой дүүргүүдэд л хэрэгжиж байна. Малын тоо толгойг зохистой хэмжээнд “барих” замаар бэлчээрийн менежментийг сайжруулах зорилт, төлөвлөгөө хяналтаас алдуурав. Өнгө будаг, хачир чимэггүй, бидний бодит байдал ийм л буй.
Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад Монгол Улс онцгой идэвх чармайлт гаргаж, үр дүнтэй ажиллах ёстой. Учир нь манай оронд байгаль, цаг уурын өөрчлөлт илүү эрчимтэй ажиглагдаж байгаа. Монголд 1960 оноос хойших хугацаанд жилийн дундаж температур 2.2 градусаар нэмэгдсэн нь дэлхийн дунджаас 2.5 дахин өндөр үзүүлэлт юм. Гэвч бид алгуурлаж, гар хумхиж суусан хэвээр өнөөдрийг хүрлээ. Уур амьсгалын өөрчлөлтийн эрчмийг дэлхийн хамгийн хурдан амьтан болон үчимбэр (улаан ирвэс)-ийн харайлттай зүйрлэвэл манай улсын авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ үүний дэргэд хуягаа дааж ядан хөдлөх яст мэлхий мэт. Үүний үр дүнд гамшигт үзэгдлийн давтамж, нөлөө улам ихсэж, монголчууд эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч, байгаль орчин доройтсоор байна. Нүдэнд харагдаж байгаа баримт нь энэ. Харин албан ёсны баримт гэвэл Олон улсын экологийн бүс нутгийн үнэлгээний байгууллагын шинжээчид Монголыг “Уур амьсгалын өөрчлөлтийн цөмд буй орхигдсон орон” хэмээн тодорхойлоод байна.
Дээрх зургаан салбарт хийсэн тооцоо судалгаанаас харахад манай улс 2010 оны байдлаар 25.8 сая тонн нүүрсхүчлийн хийтэй дүйцэхүйц хэмжээний хүлэмжийн хийг агаарт нийлүүлдэг байж. Энэ нь 2030 он гэхэд 2.7 дахин өсөж, 74.2 сая тоннд хүрэх тооцоо гаргасан. Харин сүүлийн 11 жилийн хугацаанд, Парисын хэлэлцээрт нэгдсэнээс хойш эл үзүүлэлт хэрхэн өөрчлөгдсөн бэ гэдэг нь бүрхэг. Тодор хой баримт, судалгаа гэхээр зүйл алга. БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга “Засгийн газар хүлэмжийн хийн ялгарлыг 12.3 хувиар бууруулах зорилтыг ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд төр, хувийн хэвшлийн түншлэл, ногоон хөгжлийг дэмжсэн бодлого чухал” хэмээн энэ оны эхэнд ярьсан юм. Парисын хэлэлцээрт нэгдсэн 2016 оны үеэс л яригдаж, дэвшүүлсэн 12.3 хувиар бууруулах зорилтын хэрэгжих хугацаа нь 2024 он болтол хойшилжээ. Зорилтоо биелүүлэх хугацааныхаа гуравны нэгийг үр дүнгүй, хийцгүйрч өнгөрөөгөөд байтал Ерөнхийлөгч өнөөх 12.3 хувийг нь 27.2 болгочихов. Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 2010 оныхоос 27.2 хувиар бууруулж, дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ нэг хувьтай тэнцэхүйц хөрөнгийг байгаль орчин, ойн салбарт зарцуулна гээд манай Төрийн тэргүүн дэлхий нийтийн өмнө ам гарчихлаа. Есөн жилийн хугацаанд асар ихийг амжуулж, ард нь гарах шаардлага бий болсон гэсэн үг. Байгаль орчны салбарын жаргал, зовлонг гадарлах, төсөвт “чөдөрлөгдсөн” байдал, олон улсын зээл, тусламжаар ихэнх ажлаа нугалдаг жишгийг мэдэх хүмүүс энэ амлалт, зорилтыг нэг тэрбум мод тарих санаачилгаас ч бэрх гэлцэж, зүрхшээж байна. Харин энэ талаар ойлголт, мэдлэггүй нь Ерөнхийлөгчийн байр байдлыг гаднаас нь шинжин сайшааж, хэлсэн үгэнд нь баясан хөөрцөглөв.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцод нэгдсэн орнууд энэ чиглэлээр хэрэгжүүлсэн ажлаа хоёр жил тутамд тайлагнах ёстой гэнэ. Гэтэл манай улс үүнийгээ бас л биелүүлээгүй талаар эх сурвалж мэдээллээ. Тэрбээр “Парисын хэлэлцээр бол түүхэн, олон улсын ач холбогдолтой баримт бичиг. Тэр утгаараа хэлэлцээрээр хүлээсэн үүргээ 100 хувь ёсчлон биелүүлэх ёстой. Гэтэл манайх тайлангаа одоо хүртэл бичиж илгээгүй. Энэ талын туршлага дутмаг ч хүлээн зөвшөөрөхгүй байна. Аль байгууллагын, ямар мэргэжилтэн үүнийг хариуцах ёстойг зөвшилцөж, ойлголцож чадаагүй. Өөр улсаас тусламж авахдаа тулсан. Хуралд оролцогсод үр дүн, хэрэгжүүлсэн зүйлээ бус, ирээдүйн төлөвлөгөө, зорилт гээд сүрдмээр зүйл яриад байгаа нь ийм учиртай” хэмээсэн юм.
ШУА-ийн нэгэн судлаачтай холбогдож манай улсын дэвшүүлсэн зорилтын талаарх байр суурийг нь сонирхоход “Биелүүлэх боломжтой гэж харж байна. Гэхдээ ямар арга замаар хэрэгжүүлэх вэ, тооцооллоо юунд үндэслэсэн бэ гээд олон зүйл тодорхойгүй. Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг сонсоход тодорхой зүйл байгаагүй. Тухайлбал, дэлхийн хүлэмжийн хийн зонхилох хувийг ялгаруулдаг АНУ, БНХАУ зэрэг орны удирдагчдын байр суурь илүү шинжлэх ухаанч, тооцоо судалгаанд үндэслэсэн байсан. БНХАУ, БНСУ, Австралийнх үндэсний тодорхойлсон хувь нэмэр (албан ёсны хэллэг)-ээ ахиулах тооцооллыг бодитой, үр дүнд суурилж хийсэн нь анзаарагдлаа. Бид тэднээс суралцах ёстой. Энэ салбарт хурдтай ахиц, өөрчлөлт авчиръя гэвэл мэргэжлийн баг, судлаачдыг өргөн бүрэлдэхүүнээр дайчлах хэрэгтэй. Сүүлийн хуралд гэхэд мэргэжлийн хүмүүсээс ганц З.Батжаргал (Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг суурь конвенцын үндэсний зохицуулагч, тусгай элч) оролцсон. Коронавирус гээд баг бүрэлдэхүүнд хязгаар тавьсан байлгүй гэтэл мэргэжлийн бус хүмүүс очсон байна лээ. Уур амьсгалын өөрчлөлт бол дэлхийн асуудал. Тиймээс ажлаа мэддэг, байгаль орчны салбарт ойр хүмүүсийг судалгаа, гүйцэтгэлийн бүх шатанд оновчтой хуваарилж, дайчлах хэрэгтэй” гэв.
Эцэст нь дүгнэхэд, манай улс Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын бага хуралд даалгавраа биелүүлэлгүй оролцжээ. 10 жилийн хугацаанд тэрбум мод тарих санаачилга, есөн жилийн дотор хүлэмжийн хийн ялгарлыг 27.2 хувь бууруулах том зорилтоор энэ гэмээ хаацайлаад өнгөрчээ. Багшийн өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийдэггүй атлаа бусдаас дутахгүй гэсэндээ том том дуугарч, таахалздаг, аль хүнд хэцүүг нь “шүүрч авдаг” хүүхэд шиг л дүр байдал эндээс тод гэгч нь харагдлаа.
Бэлтгэсэн Ж.Мишээл