
Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замын бүтээн байгуулалт тав дахь жилдээ “дуншиж” байна. Засгийн газраас 2017 онд уг замыг шинэчлэхээр шийдвэрлэж, албаныхан сүр дуулиантай нээлт хийснээс хойш ийм хугацаа өнгөрчээ. Гэсэн ч замын ажил өдгөө ч дуусаагүй, энхэл донхол, ундуй сундуй хэвээрээ. Үүгээр зорчсон иргэд үгээ барж бухимдсаар л байна. Харин өнгөрсөн хугацаанд зам, тээврийн салбарыг толгойлж байсан сайд, холбогдох албаныхан “Замын ажил үргэлжилж байгаа. Удахгүй ашиглалтад оруулна. Ашиглалтад оруулахын төлөө хичээн ажиллаж байна” гэх мэт үгээр иргэдийн бухимдалд хариу барин, худал амлалт өгсөөр өдий хүрлээ. Өдгөө Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж буй Л.Халтар ч “2022 онд ашиглалтад оруулна” гэх хугацаа хэлсэн. Улмаар саяхан “Эхэлсэн л юм чинь дуусах болно. Энэ зам ашиглалтад орж, бид инээгээд алхах өдөр ирнэ гэдэгт 100 хувь итгэлтэй байна” гэж өөрийгөө зөвтгөсөн үг ч чулуудсан.

Иргэд, аж ахуйн нэгжүүдийн ажил, амьдрал цаг, минутаар хэмжигдэж байхад манай дарга нарын хувьд бол хугацаа хязгааргүй бололтой. Гэтэл замын ажлын өнөөгийн хурдыг харвал ирэх онд ашиглалтад оруулж чадах, эсэх нь ч эргэлзээтэй.

Дархан-Уулын замыг шинэчлэх шийдвэрийг анх 2017 онд Засгийн газраас гаргаснаас хойш зам, тээврийн салбар таван сайдын нүүр үзжээ. Тухайлбал, уг замыг шинэчлэх шийдвэрийг салбарын сайдаар ажиллаж байсан Д.Ганбат анх “өлгийдөж” авсан. Гэсэн ч удалгүй Ж.Эрдэнэбатын Засгийн газар танхимаараа огцорсноор Д.Ганбатын халаа Ж.Бат-Эрдэнэд ирсэн. Гэсэн ч шинэхэн сайд ч суудалдаа тогтсонгүй. Улмаар Я.Содбаатар, Б.Энх-Амгалан нар Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажилласан. Харин өдгөө Л.Халтар эл салбарыг толгойлж байна. Түүнчлэн энэ хугацаанд манай улсад хоёр удаа Ерөнхийлөгчийн сонгууль болж, шинээр УИХ-ын гишүүдээ ч сонголоо.

Уг замыг барихын тулд Засгийн газар Азийн хөгжлийн банкнаас 60 сая, Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас 120 сая ам.доллар зээлсэн. Азийн хөгжлийн банкны зээл гэхэд 20 жилийн хугацаатай. Гэтэл үүнээс гурван жил гаруй нь өнгөрчихлөө. Санхүүжүүлэгч байгууллага Азийн хөгжлийн банкны гэрээ ёсоор бол уг ажлыг өнгөрсөн оны зургадугаар сар гэхэд ашиглалтад оруулах ёстой байсан. Гэтэл хугацаандаа дуусгаж амжаагүй. Солигдсон сайд нарын хэн нь ч үүний төлөө хариуцлага хүлээгээгүй юм. Энэ маягаар ажил олигтой хийгээгүй хэрнээ замын нээлтийг хоёронтоо зохион байгуулж сүржигнэсэн билээ. Дуусдаггүй замын цаг тооллоор дамжуулан өнгөрсөн хугацаанд юу юу болсныг, салбарын сайд нар хэрхэн амлаж байсныг багцлан хүргэе.


201701.27 Д.ГАНБАТ
(Зам, тээврийн хөгжлийн сайд):
-Улаанбаатар-Дархан чиглэлийн 230 км зам ачааллаа дийлэхгүйд хүрээд байна. Түүнчлэн осол их гардаг. Тиймээс энэхүү замыг яаралтай өргөтгөхөөр төлөвлөсөн.
(Замын нөхцөл байдалтай газар дээр нь танилцах үеэрээ ийнхүү мэдэгдлээ)
2017.06.21
Дархан-Уулын замын бүтээн байгуулалтын нээлтийн анхны ёслолыг хийв. Тус замыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилж, 2018 онд ашиглалтад оруулна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлсэн. Гэсэн ч бүтээн байгуулалт эхлэлгүй 2018 онтой золгосон юм.

2018.07.23
Улаанбаатар-Дархан-Уул, Дархан-Уул-Алтанбулаг чиглэлийн замыг засаж, шинэчлэх 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн төслийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай байгууллаа.
Ж.БАТ-ЭРДЭНЭ
(Зам, тээврийн хөгжлийн сайд):
-Улаанбаатар-Дархан-Уул-Алтанбулаг чиглэлийн 311 км авто замыг шинэчлэн өргөжүүлэх ажлыг энэ жил эхлүүлэхийн төлөө ажиллана.
(Зээлийн гэрээ байгуулах үеэр ийн хэлэв)

2018.09.05
Улаанбаатар-Дархан-Уулын чиглэлийн 204.6 км авто замыг шинээр барих шийдвэрийг Засгийн газраас эцэслэн гаргалаа. Уг ажлыг 2019 оны дөрөвдүгээр сард эхлүүлж, нийт 204.6 км замыг таван багцад хуваан, тус бүр өөр компаниар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв. Үүнээс өмнө мөн 2017 онд Засгийн газраас уг замыг шинэчлэх шийдвэр гаргаж байсан юм.
2019.04.09
Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, тус банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ирина Кравченко нар гарын үсэг зурлаа. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд тус банкнаас эхний ээлжид Улаанбаатар-Дархан-Уулын чиглэлд нэмэлтээр хоёр эгнээ авто зам шинээр барих 120 сая ам.долларын төслийг санхүүжүүлэхээр болов.

2019.06.17
Улаанбаатар-Дархан-Уулын чиглэлд 204.11 км авто зам тавих бүтээн байгуулалтын ажлын нээлт дахиад л боллоо. Уг замыг 2019 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна гэж Засгийн газраас мэдэгдсэн юм.

2019.07.08 Б.ЦОГТГЭРЭЛ
(Зам, тээврийн хөгжлийн дэд сайд):
-Ганцхан зун л тэсчих гэж гуйя даа.
Дэд сайд твиттерт ингэж бичиж байлаа. Гэтэл түүнээс хойш гурван зун өнгөрсөн ч замын ажил дуусаагүй байна. Түүнийхээр бол 2019 онд замыг ашиглалтад оруулчих байв.

2019.08.08 Б.ЭНХ-АМГАЛАН
(Зам, тээврийн хөгжлийн сайд):
-Улаанбаатар-Дарханы замд ямар ч ажил хийхгүй, мөнгийг нь аваад идчихсэн юм билээ гэдэг яриа гарах юм. Өдөр, шөнөгүй ажиллаж буй замчдын хөдөлмөрийг жаахан үнэлмээр байна. Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Доржханд өнөөдөр тэнд гэр бариад ажиллаж байгаа.
2020.01.10
-Азийн хөгжлийн банктай байгуулсан гэрээний хугацааны хоёр дахь шат нь ирэх зургадугаар сард дуусна. Бид замыг гэрээ хугацаанд нь буюу ирэх зургадугаар сард ашиглалтад оруулахын төлөө ажиллана.
2020.08.16
Дархан-Уулын замын II, IV багцын нийт 90.58 км-ийг нь барихаар шалгарсан БНХАУ-ын “Чайна стэйт Шинжиан констракшн инженеринг” групп ажлын гэрээгээ цуцлах хүсэлт ирүүлэв. Үүний дагуу дахин тендер зарлаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулсан нь ажил удаашрах нэг шалтгаан болжээ.

2020.11.06
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын тушаалаар Улаанбаатар-Дархан-Уулын чиглэлийн авто замын ажил дуусаагүй ч түр нээлээ. Ирэх оны бүтээн байгуулалт эхлэх хүртэл ажлыг зогсоов.
2020.11.09 Л.ХАЛТАР
(Зам, тээврийн хөгжлийн сайд):
-Улаанбаатар-Дархан чиглэлийн зам 2022 оны арваннэгдүгээр сард бүрэн ашиглалтад орно. Эцсийн үр дүнд Монгол Улсын түүхэнд аймгийн төвүүдийг холбосон, анхны дөрвөн урсгалтай зам болно.

2021.10.20 Г.ДАМДИННЯМ
(Дархан-Уул аймгаас сонгогдсон, УИХ-ын гишүүн):
-Дарханы чиглэлийн замыг ирэх оны аравдугаар сард ашиглалтад оруулна гэдэгт итгэхгүй байна. ЗТХЯ-тай харилцахад үнэхээр хүнд. Сайдыг нь дуудахаар ирэхгүй. Байнгын хорооны хурал дээр асуулт асуухаар хариулт өгөхгүй, эсвэл гараад явчихна. Албан бичгээр асуулт явуулахаар тэс өөр хариулт өгдөг. Яг л гөлөг төөрүүлж буй юм шиг л харилцаж байна даа.

2021.10.26 Л.ХАЛТАР
(Зам, тээврийн хөгжлийн сайд):
-Дарханы зам хэзээ дуусах нь яах вэ. Хамгийн чухал нь энэ ажил эхэлсэнд байгаа юм. Эхэлсэн л юм чинь дуусах болно. Ирэх жил дуусгахын төлөө бүх хүчин чармайлтаа тавьж ажиллана. Зарим ажлыг өвөл хийнэ. Бухимдал байгааг ойлгож байна. Гэхдээ энэ зам ашиглалтад орж, бид инээгээд алхах өдөр ирнэ гэдэгт 100 хувь итгэлтэй байна.
Бэлтгэсэн М.Оч