
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 11-р сарын 9-нд ОХУ-ын Ерөнхий сайд М.В.Мишустинтай утсаар ярихдаа Дулааны 3-р цахилгаан станцын өргөтгөлийн төслийн талаар санал солилцсон байна. ОХУ-ын Эрчим хүчний орлогч сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж хамтран ажиллаж байгаа аж.
Манай улсын эрчим хүчний салбартай хамтын ажиллагааны туршлагатай ОХУ-ын "Интер РАО-Экспорт" компани ТЭЗҮ-ийг 180 хоногт багтаан Монголын талд ирүүлэхээр тохиролцсон байна. ТЭЗҮ-ээр төслийн санхүүжилтийн хэмжээ, ажлын эзлэхүүн нарийвчлан тодорхойлогдох ба үүнийг үндэслэн ОХУ-ын Засгийн газраас авах экспортын зээлийн талаарх асуудлыг 2022 оны I улиралд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөж байна.