
Улсын хэмжээнд өнгөрсөн хавар 420.2 мянган га талбайд үр тариа, үүнээс улаан буудай 389.4 га-д тарьжээ. Мөн төмс 19.8, хүнсний ногоо 9.9, тосны ургамал 100.4, тэжээлийнх 100, жимс, жимсгэнэ 4.7 мянган га-д тарьж, нийт 655 мянган га-д тариалалт хийсэн. Ургацын урьдчилсан балансаар энэ жил 594.1 мянган тонн үр тариа хураахаас 559.2 мянган тонн нь улаан буудай, төмс 198.8, хүнсний ногоо 117, тосны ургамал 64.3, малын тэжээл 203.3 мянган тонныг бэлтгэхээр төлөвлөсөн билээ. Ургац хураалтын нэгдсэн дүн хараахан гараагүй ч энэ сарын эхний арав хоногийн байдлаар тос болон тэжээлийн ургамлын хураалт 80, улаан буудайнх 95, төмс, хүнсний ногооных 100 хувьд хүрч, дээр дурдсантай дүйхүйц хэмжээний бүтээгдэхүүн авах нөхцөл бүрдсэнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Жил ирэх бүр газар тариалангийн бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийн бүтээмж дээшилсээр сүүлийн 10 жилд хураан авсан төмсний хэмжээ нийт 60 000, хүнсний ногооных 25 000 тонноор өсжээ. Түүнчлэн улаан буудайн ургацын хэмжээ ч ахисаар энэ жил 560 000 тонныг авахаар төлөвлөсөн нь сүүлийн 30 жилийн дээд үзүүлэлт болох юм. Ингэснээр төмс, улаан буудайн нэг жилийн хэрэглээг бүрэн, хүнсний ногооны нийлүүлэлтийн 60 орчим хувийг дотоодоос хангахыг ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбат хэлсэн. Улмаар сүүлийн 3-4 жилд, жил бүр 300 000-310 000 тонн тариа боловсруулж, 200 000 гаруй тонн гурил бэлтгэсэн аж. Энэ нь гурилын хэрэглээг ч үндэсний үйлдвэрлэгчид бүрэн хангахуйц дүн. Түүнчлэн Улаанбаатарт төмс, хүнсний ногоо хадгалах зоорь, агуулах хангалттай бий гэсэн. Тодруулбал, нийслэлд механикчжсан нийт 14 агуулах байдаг нь хураасан төмс, хүнсний ногоог нөөцлөхөд хүрэлцэхүйц хэмжээ аж. Гэхдээ улсад төмс, хүнсний ногооны агуулах сав байхгүй, хувийн хэвшлийнх гэсэн үг. Тиймээс ногоо хадгалах үнэ өртгийн асуудлаас болж аж ахуйн нэгж, иргэд зөрчилдөн, улмаар үнэ нь өсөх магадлал үүсдэгийг В.Үнэнбат дурдсан.

Энэ жил зах зээлд өмнөх онуудынхаас их хэмжээний улаан буудай нийлүүлж буй. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар 300 000 орчим тонныг үйлдвэрүүдэд нийлүүлснээс гадна үрийн нөөцөд худалдан авсан байна. Цаана нь 200 000 гаруй тонн улаан буудай үлдэж байгаа ч тариалан эрхлэгчид цэвэрлээд, хатаагаад борлуулах боломж бий аж. Тодруулбал, аж ахуй нэгж, иргэдийн тарьсан түүхий эдийг нь бүрэн худалдан авах, гурил, тэжээл үйлдвэрлэгчдэд эргэлтийн хөрөнгө бий болгох зорилгоор Засгийн газраас шийдвэр гаргасан. Тодруулбал, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд хөдөө аж ахуйн салбарт хуваарилсан 500 тэрбум төгрөгөөс ашиглаагүй байгаа 150 тэрбумыг нь гурил, тэжээл үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу гурван хувийн хүүтэйгээр зээлэхээр болсон билээ. Ингэснээр цавуулаг, чийглэгийн хэмжээ нь хангалт үйлдвэрлэлийн шаардлагад нийцсэн улаан буудайг аж ахуйн нэгжүүд саадгүй худалдан авах боломж бүрджээ.

Манай улсын гурилын үйлдвэрүүд жилд 940 мянган тонн үр тариа тээрэмдэх суурилагдсан хүчин чадалтай юм байна. Өдгөө уг хүчин чадлынхаа 30 гаруй хувийг л ашиглаж буй бөгөөд 2020 онд байнгын ажиллагаатай гурилын 10 гаруй үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж байв. Түүнчлэн өнгөрсөн жилийн байдлаар хүн амын гурилын хэрэгцээний 98.5 хувийг (эрдэнэ шишийн болон бусад ургамлын гурил худалдан авсныг хассан) дотоодын үйлдвэрээс хангасан байна. Харин гурилан бүтээгдэхүүний 68.4 хувийг үндэсний үйлдвэрлэгчид нийлүүлж, 35.2 хувийг нь импортолсныг ХХААХҮЯ-ны тайлангаас харж болох нь. Цаашилбал нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болох гурил экспортлох бодлогыг улс баримталж буй. Энэ зорилгын хүрээнд улаан буудайн болон хөх тарианы гурил нийлүүлэхээр БНХАУ-ын талтай зөвшилцөн анхан шатны шалгалт, хяналт хийлгүүлсэн аж. Өдгөө цар тахлын улмаас олон улсын худалдаа хоригдон, гэрээ хэлцэл хийх нөхцөл хумигдсан учраас илүү тодруулж, хэлэлцэх асуудлууд үлджээ.

2019-2020 оны өвөл нийт 67 сая гаруй мал тоологдсон. Энэ нь 2019 оныхоос гурван саяар хорогдсон дүн бол 10 жилийн өмнөхөөс 35 сая толгойгоор өссөн үзүүлэлт билээ. Улмаар бид жил бүр 20 орчим сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулах ба үүнээс 13 саяыг буюу 350 000 гаруй тонн махыг дотоодын зах зээлд нийлүүлж, долоон сая буюу 170 мянга гаруй тонн бүтээгдэхүүн экспортлох боломжтой гэсэн тооцоо бий. Түүнчлэн 2017-2018 онд 70, 2018-2019 онд 72 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолсон байна. Харин 2020 онд мах бэлтгэлийн хэмжээнд төдийлөн өөрчлөлт гараагүй ч цар тахлаас үүдсэн хилийн хорио цээрийн улмаас экспорт харьцангуй багасан, зарим компани бэлтгэсэн махаа нийлүүлж чадахгүй, дотоодод борлуулсан юм.
Эндээс харж товчхон хэлэхэд, бид мах, гурил, төмс буюу үндсэн хүнсээр “өлсөхгүй” байх бүрэн боломж бүрджээ. Харин үнийн хувьд эдгээр бүтээгдэхүүний ханш улирлын шинж чанартайгаар хэлбэлзэн, зарим тохиолдолд хэт нэмэгдэх нь бий. Гэхдээ л хүнсний хангамжийн гол түүхий эд болох мах, гурил, төмс бэлтгэх боломж арвин, нөөц ихтэй, үйлдвэрлэлийн бүтээмж дээшилсээр байгаа нь давуу тал юм.