
Монголын ноос, ноолуурын холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ноолуурын чанарыг сайжруулах, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог хөгжүүлэх, нэмүү өртгийн сүлжээний тогтвортой байдлыг хангах, малчид, хоршоод болон худалдан авагч хооронд түүхий эдийн чанараас хамаарсан урамшуулал бий болгох зорилготой хэлэлцүүлэг өрнүүлж, “Ноолууран түүхий эдийн урамшууллын тогтолцооны өнөөгийн байдал, түүний боломжит хувилбар” судалгааны ажлын тайланг өнгөрсөн долоо хоногт танилцуулжээ. Нэг ямаанаас авах ноолуурын хэмжээг өсгөх зорилгоор үржил, селекцийг бодлогогүй хийж буй нь түүхий эдийн чанарыг дордуулж “бүдүүн” ноолууртай хэмээн олон улсад үнэлүүлж эхэлснийг дээрх холбооны дэд тэргүүн Г.Ёндонсамбуу тодотгов. 1950-иад онд 15.5-15.8 микрометр (мкм) байсан ноолуурын ширхэг бүдүүрсээр өдгөө 16.6-16.8-т хүрсэн аж. Уг хэмжээ дунджаар 18 мкм-т хүрвэл бүтээгдэхүүн үнэгүйдэх магадлалтай гэнэ. Тиймээс түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулж, ашиг шимтэй цөөвтөр ямаа өсгөхөд анхааран, чанартай ноолуур нийлүүлсэн малчдыг урамшуулах хэрэгтэйг хэлэлцүүлэгт оролцогчид ярьсан байна. Мөн дээрх судалгаанаас гаргасан зөвлөмжийг төрийн холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр болжээ. Ташрамд мэдээлэхэд, манай улс одоогоор 29 сая гаруй ямаатай бөгөөд дэлхийн зах зээлд дэх ноолуурын 45 орчим хувийг бэлтгэдэг нь урд хөршийн дараа хоёрдугаарт орох үзүүлэлт. Гэсэн ч нэг кг ноолуур нь БНХАУ-аас нийлүүлдгээс 15-20 ам.доллароор хямд үнэлэгдэж буй аж.