
Хилийн боомтын Үндэсний зөвлөлийн гишүүд УИХ, Засгийн газрын гишүүдийн хамт Замын-Үүд боомтод ажиллалаа. БНХАУ-ын Эрээн хотод коронавирусын халдвар тархсантай холбогдуулан Эрээн авто замын боомтын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоосон. Үүнтэй холбоотойгоор Замын-Үүд боомтоор орж ирдэг ачаа тээвэр тодорхойгүй хугацаагаар саатаад байна.
Үүсээд буй асуудлыг шуурхай шийдвэрлэж, хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадварыг нэмэгдүүлэхээр Хилийн боомтын үндэсний зөвлөлийн гишүүн УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Сангийн сайд Б.Жавхлан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Гадаад харилцааны яамны ТНБД Ц.Анхбаяр, ХХЕГ-ын дарга Х.Лхагвасүрэн, Гаалийн Ерөнхий газрын дарга Б.Асралт, МХЕГ-ын дарга Т.Гантулга, ЗТХЯ-ны газрын дарга Ё.Жаргалсайхан нар Замын-Үүд боомтод ажиллажаа.
Замын-Үүд боомтоор Монгол Улсын импортын бараа бүтээгдэхүүний 70% экспортын бүтээгдэхүүний 6 орчим хувь нь орж ирдэг.

Өнөөдрийн байдлаар авто замын боомтоор улсын хил нэвтрэх дараалалд бүртгүүлсэн 5359 тээврийн хэрэгсэл байна. БНХАУ-ын талаас чингэлэг тээврийн терминал байгуулах, жолооч хоорондын харилцаа үүсэхгүй байх зохицуулалт хийх саналыг ГХЯ-д тавьсан. Хятадын талаас тавьсан саналыг хүлээн авч богино хугацаанд хилээ нээх, бараа бүтээгдэхүүний эргэлтээ хэвийн түвшинд хүргэх талаар Дорноговь аймгийн удирдлага, хилийн боомтын зөвлөл, жолооч нартай уулзалт хийлээ.
Цаашид хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, халдвар хамгааллын дэглэм чанд баримталж, шийдвэр гаргах түвшинд жолооч нарын төлөөлөл, хяналтыг бий болгох, богино хугацаанд хэвийн ажиллах нөхцөл бүрдүүлэхийг сум орон нутгийн удирдлага, хилийн боомтын захиргаанд үүрэг болголоо. Хил нээхэд шаардлагатай чингэлэг тээвэр, тусгаарлах байр, PCR шинжилгээний төхөөрөмж зэргийг шуурхай шийдвэрлэхэд засгийн газар бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллах болно.