
Биржийн бус зах зээлд шинэ бонд гаргасныг Монголын арилжаа эрхлэгчдийн холбооноос мэдээллээ. Тодруулбал, уул уурхайн бүтээгдэхүүний гэрээт олборлолт, машин механизмын түрээсийн үйлчилгээ эрхэлдэг “Кэй Эй майнинг” компани нь хаалттай хүрээнд нэгж нь 1 000 000 төгрөгөөр үнэлэгдэх, 10 000 ширхэг “Хишиг” бондыг гаргажээ. Ингэснээр 10 тэрбум төгрөг татан төвлөрүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн, ашиг орлогоо өсгөх тоног төхөөрөмж худалдан авах юм байна. “Хишиг”-ийг нэг жилийн хугацаатай, жилд 15 хувийн хүүтэйгээр санал болгож буй бөгөөд захиалгыг нь энэ сарыг дуустал хүлээн авах юм. Ташрамд дурдахад, дээрх бондын хадгалалт, төлбөр тооцоог “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” хариуцах ба биржийн бус хоёрдогч зах зээлд арилжих боломжтой.
Бэлтгэсэн С.Дулам