
Дүрслэх урлагийн долоо хоног эхэллээ Соёлын яамнаас “Соёлын бүтээлч сар” аян өрнүүлж буй билээ. Үүний хүрээнд тус яам нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 10 галерейтай хамтран Монголд анх удаа “Мишээл экспо”-гийн үзэсгэлэнгийн танхимын 2000 ам метр талбайд 100 гаруй уран бүтээлчийг нэгтгэсэн “Art week” дүрслэх урлагийн үзэсгэлэн, арга хэмжээ зохион байгуулж эхэллээ. Нээлт нь өчигдөр болов.

Үзэсгэлэн орчин үеийн медиа, инстоляц буюу өрөг урлаг, уран зураг бүхий задгай орон зай болон галерейнуудын павильон гэсэн хоёр хэсгээс бүрдэж буй. Монголын дүрслэх урлагийн салбарын хөгжил дэвшил, өнөөгийн дүр төрхийг өргөн цар хүрээтэй харуулах зорилгоор явуулж буй уг арга хэмжээний куратор нь “976 арт” галерейн захирал, Монголынхоо уран бүтээлчдийн туурвилыг Венецийн биеннальд дэлгэн харуулж байсан Б.Гантуяа аж.

Анх удаа олон нийтэд хүргэж буй “Art week” үзэсгэлэн нь дүрслэх урлагийн салбарын уран бүтээлчид, галерей, үзэгчдийг холбосон цогц арга хэмжээ болж буйгаараа онцлог аж. Үүнийг цаашид уламжлал болгон олон улсын уран бүтээлчдийг оролцуулахаар төлөвлөж буй юм байна. Энэхүү долоо хоногт хэлэлцүүлэг өрнүүлж, сургалтууд ч явуулах ажээ.

Үзэсгэлэнг манай улсын дүрслэх урлаг, олон нийтийн урлагийн боловсролыг дэмжин хөгжүүлэх, бүтээн туурвиж буй уран бүтээлчдийг дэмжих, тэднийг шинэлэг өнгө төрхтэйгээр таниулах, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид онцолж байна.
Бэлтгэсэн Р.Оюунаа





























