
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн удаах асуудал нь Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн анхан шатны нэгж хороодыг хуваах, өөрчлөн зохион байгуулах тухай байлаа. Дээрх дүүргүүдийн зарим хорооны хүн ам, өрхийн тоо хэт олон байгаагаас ачаалал ихсэж, иргэдэд хүрэх үйлчилгээнд хүндрэл учирч буй тухай саналыг ирүүлсний дагуу энэхүү асуудлыг боловсруулсан байна.
Улаанбаатар хотод нийт 171 хороо байдаг ажээ. Эдгээр хороодод хүн ам, өрхийн тоо, газар нутгийн хэмжээ харилцан адилгүй байдаг гэнэ. Тиймээс зарим хороог хуваах, шинээр байгуулах саналыг хороо, дүүргүүдээс ирүүлээд байна.
Тодруулбал, Баянгол дүүрэгт байдаг 25 хорооноос 12-ыг нь хувааж, шинээр 10 хороо байгуулан, энд нийт 35 хороотой болох санал гаргажээ. Баянзүрх дүүргийн 28 хорооноос 17-г хувааж, шинээр 15 хороо байгуулж, нийт 43 хороотой болох санал иржээ. Харин Чингэлтэй дүүргийн 19 хорооноос 5-ыг нь хувааж, шинээр 5 хороо байгуулж, нийт 24 хороотой болох санал ирсэн байна. Ингэснээр одоо байгаа 171 хороо дээр 30 хороо нэмж, нийслэл хотод 201 хороотой болохоор хороо дүүргүүдээс ирсэн саналыг боловсруулаад байна.

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн гишүүдийн хувьд анхан шатны нэгжид ачаалал өндөр байгааг ойлгож буйгаа илэрхийлжээ. Хороо байгуулах зардал, хороодын байр ажиллах боловсон хүчний цалингийн зардал болоод бусад зардлыг шийдэхэд шийдэл гаргах шаардлагатайг сануулав. Энэ асуудлыг Нийслэлийн иргэдийн төлөөлөлгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр болжээ.