
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод “Экспо-2020” дэлхийн үзэсгэлэн яармаг болж буй. Уг арга хэмжээг “Оюун санаагаа нэгтгэн ирээдүйг бүтээх нь” уриатайгаар зохион байгуулан, 192 орны төлөөллийг оролцуулжээ.
Улс орнуудыг онцлог соёл, үнэт зүйлсээ түгээх, ололт амжилт, сайн туршлагаа хуваалцах, хамтран ажиллах платформ бий болгон, төрийн, төрийн бус, олон улсын байгууллага, бизнес эрхлэгч, эрдэмтэн судлаач, энгийн иргэд нэгдэн, саад бэрхшээл, сорилтуудыг хамтдаа даван туулах боломжийг Дубайд бүрдүүлснийг МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн онцоллоо. Түүнчлэн Монгол Улс, АНЭУ-ын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх зорилготой бизнес уулзалт хийжээ. Үүнд Монголоос 40, АНЭУ-ын 30 аж ахуйн нэгж оролцон, Монгол дахь хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны боломжийг хэлэлцэн, томоохон төсөл, хөтөлбөрийн талаар илтгэл тавьсан аж. Ташрамд дурдахад, Монгол, АНЭУ нь эрчим хүч, байгаль орчин, эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү хамтран ажилладаг. Хоёр орны худалдааны эргэлт өссөөр энэ оны эхний 10 сарын байдлаар 6.7 сая, хөрөнгө оруулалт 10 сая ам.долларт хүрчээ.
Бэлтгэсэн С.Дулам

