
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, “Даян дэлхийн тогтвортой мал аж ахуй” хөтөлбөрийнхөн хамтран Ази тивийн сүүний түншлэлийн бүс нутгийн олон улсын цахим хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа. Монгол Улсын Засгийн газраас сарлагийн удмын санг хамгаалах, сүргийн цус сэлбэлт, үржлийн ажлыг тогтмол зохион байгуулах, сарлагийн сүү, хөөвөр зэрэг түүхий эдийн ашиглалтыг өсгөх, малчдын амьжиргааг дээшлүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор цөөнгүй арга хэмжээ авч буйг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Жамбалцэрэн тэмдэглэв. Сарлагийг өндөр уулын бүсэд, хязгаарлагдмал орон зайд, цаг уурын эрс тэс орчинд малладаг. Энэ нь дэлхийд ховор, өвөрмөц, эко орчинд тооцогддог. Сарлаг маллах соёл, уламжлал, зан заншил болон түүхий эд бэлтгэх уламжлалт арга, туршлагыг энэ хэвээр нь илүү удаан хугацаанд хадгалахын зэрэгцээ сүү боловсруулахад дэвшилт технологи нэвтрүүлэх, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малчдын амьдралын чанарыг сайжруулахад анхаарах шаардлага үүсэж буйг хэлэлцүүлгийн үеэр тэмдэглэлээ. Дээрх арга хэмжээнд Бутан, Балба улсын Сүүний салбарын үндэсний зөвлөл, Энэтхэгийн Сарлаг судлалын төв, Хятадын Сүүний холбоо зэрэг байгууллага оролцов.
Бэлтгэсэн С.Дулам