
Найруулагч П.Дэлгэрбаяр “95 хувь” олон ангит киногоо үзэгчдэд хүргэж буй. Триллер төрлийн эл кино 10 ангитай юм. Кино цагдаагийн мөрдөгч Төмөр, Гэрэл, Амина нар ээдрээтэй нэгэн хэргийн араас мөрдөж буйгаар эхэлнэ. Бага залуудаа үерхэж байсан, хижээл насны таван эрийн хөвгүүд учир битүүлэг байдлаар аав нарынхаа нүдэн дээр амиа хорлоно. Тэд үхэхийнхээ өмнө яг адилхан өгүүлбэрийг аав нартаа хэлсэн нь “Одоо харах зүйлээ чи хэзээ ч мартахгүй”. Эл хэрэгтэй зэрэгцэн Хөвсгөлийн Хатгалаас 30 орчим насны тэнүүлч эр ухаангүй олдоно. Тэрбээр 30 жилийн өмнө цаазаар авхуулсан Амар гэгчтэй усны дусал мэт адилхан. Дээрх хоёр хэрэг ямар сэжмээр огтлолцохыг “95 хувь” кинонд сонирхолтойгоор үзүүлэх юм. Киног ням гараг бүрийн үдэш “Боловсрол суваг” телевизээр болон VOO аппликэйшнээр үзэх боломжтой. Гол дүрд жүжигчин Э.Батнямбуу, Г.Долгор, Ж.Алтаншагай, загвар зохион бүтээгч С.Сарнай болон зохиолч, найруулагч П.Дэлгэрбаяр тогложээ. Ташрамд дурдахад, найруулагч П.Дэлгэрбаяр нь 2002 онд “Absolute pictures” студиэ байгуулсан юм. Тэрбээр “Найзууд”, “Тушаал”, “Төрийн дайсан”, “Амьдрал төсөл”, “Дурлалын гэмт хэрэг”, “Илд цэцэг” бүрэн хэмжээний уран сайхны кино болон “Бумеранг” антологид багтсан “Хар, улаан, цагаан” богино хэмжээний киног үзэгчдэд хүргэж байв.
Бэлтгэсэн А.Тайшир