
ЗХУ-ын үеэс л баригдашгүй гэмт хэрэгтэн гэгдэж, 28 жил нуугдаж байсан 50 настай гүрж эр Мамука буюу гэмт хэрэгтнүүдийн дунд Турикела гэх нэрээр танил болсон түүнийг Москва мужид баривчилжээ. Цагдаагийн ажилтныг хөнөөсний улмаас Мамукаг 1993 оноос эрэн сурвалжилж эхэлсэн байна. Тэрбээр хүний биед хүнд гэмтэл учруулахаас авхуулаад зэвсэг наймаалах хүртэл янз бүрийн гэмт хэрэг удаа дараа үйлдэж байсан аж.
Турикела 1971 онд Гүржид Азербайжаны хилээс холгүй нутагт төржээ. 5000 хүрэхгүй хүн амтай төрөлх тосгоноос нь хуульд захирагддаггүй дөрвөн гэмт хэрэгтэн бий болсон гэхээр Турикела ямар орчинд өссөн нь тодорхой биз. Гэмт хэргийн ертөнцийг тэрбээр бага залуугаасаа сонирхож, “алдар цуутай” ах нар шигээ хүн болохыг хүсэх болсон байна. Цэргийн алба хаах насанд хүрээд хэдэн найзын хамт зугтаж байв.
Өнгөрсөн зууны 80-аад оны эцсээр ЗХУ-д хоршоолол бий болж, хувийн дэлгүүрүүд нээгдлээ. Уулын Карабахын намждаггүй зөрчлийн улмаас Гүржид зэвсэг ч орж ирэх болж. Турикелад аятай цаг ирлээ. Нутгийн “овгоруудтай” ойр явсан тэрбээр хялбархан аргаар богино хугацаанд мөнгө олохоос яахан буцах билээ. 1990 онд мань залуу хөрш гацаанд нь болсон айхтар зодоонд оролцож, нэг хүнийг балбаж орхив. Шүүхээс анхны ялаа сонслоо. Тухайн үед хүний биед хүндэвтэр гэмтэл болгоомжгүй учруулсан хэрэгт нэг жил хүртэл хугацаанд засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял өгдөг байв. Мамука ялаа эдэлжээ.
Гэмт хэргийн ертөнцөд хөл тавьж байх эхний үедээ Мамука Азербайжанаас хар тамхи авчирч наймаалдаг дархлагдсан гэмт хэрэгтэн Акакий Какула гэгчтэй танилцлаа. Тэрбээр хар тамхи наймаалахын хажуугаар өөрөө хэрэглэдэг болсон байлаа. Орон нутаг дахь нөлөөллийн хүрээгээ хуваалцах саналыг Мамука тавихад цаадах нь мансуурчихсан байснаас түүнд тусалсангүй. Тэгээд Мамука өөр хүмүүст хандаж, Какула ямархуу байдалд байгааг тэдэнд харуулж, асуудлыг шийдэж өгөхийг хүсэв. Энэ үеэс түүнийг гар нийлж болох хүн гэж гэмт хэрэгтнүүд үзэх болжээ. Машин хулгайлсны улмаас Мамука 1992 оны эцсээр Гүржийн цагдаа нарт баригдахад галт зэвсэг авч явсан нь илрэв. Гэлээ ч хахууль өгч байж шоронд оролгүй саллаа. Гэвч өөрийнх нь замд хөндөлссөн нэг цагдааг 1993 оны есдүгээр сард Мамука буудан амийг нь бүрэлгэчихэв. Тэгээд Гүржээс зугтаж Орост очжээ. Москвад нутаг нэгтнийдээ толгой хоргодож байлаа. Энэ үед гүрж эрс Орост томоохон гэмт хэргүүд үйлдэж Москвагийн зах зээлд эзэн суух болжээ. Мамука ч өөр нэрээр Оросын иргэний үнэмлэхтэй болж шинэ амьдрал эхлүүлэв. Зард гарсан гүрж гэмт хэрэгтнүүдтэй ч ойртож танилцсан байна. Мань эрээс насаар ч, нэр хүндээр ч илүү хүмүүс тэдэн дотор олон. Акакий (Како) гэгчээс хэд хэдэн шалихгүй даалгавар авч биелүүлээд түүгээр дамжуулан тухайн үедээ гүрж гэмт хэрэгтнүүдийн дунд нэр нөлөөтэй гэгдэж байсан Тристантай хэлхээ холбоотой боллоо. Оросын Дотоод хэргийн яамны бүртгэлд энэ хүн хамгийн нэр нүүртэй арван гэмт хэрэгтний нэг гэгдэх болсон байжээ. 1997 онд Москвагийн нэг зоогийн газар Тристан өөр хоёр гүржийн хамт Мамукатай хооллож түүнийг Турикела гэж нэрлэж байхаар болов. Энэ нь нэг ёсондоо гэмт хэрэгтнүүдийн дунд хүлээн зөвшөөрөгдөж “дуудах нэртэй” боллоо гэсэн үг. Удалгүй Турикела Москвагаас явж, Кемерово мужийн үйлдвэрүүд, бизнесменүүдийг эрхэндээ оруулах гэсэн ивээн тэтгэгчийнхээ тэмцэлд идэвхийлэн оролцох болжээ. Тристан эндхийн шоронд нэг бус удаа орж, Гүржийн болон Кемеровын гэмт хэрэгтнүүдтэй танилцсан байв. Ингээд Турикела Новосибирскт ирж, боссынхоо өгсөн үүргийн дагуу Баруун Сибирьт нөлөөгөө нэмэгдүүлж эхэлжээ. Баруун Сибирийн дээрмийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, хошууч Сергей Филиппов амиа алдсан 1999 оны арваннэгдүгээр сарын 4-нөөс Турикела хэвлэл, мэдээллийн хэрэгслийнхний хараанд өртөх болов. Филипповыг трамвайн буудал дээр байхад нь алуурчин хүрч ирээд гар буугаар толгой руу нь буудаж орхисон аж. Энэ хошууч Тристаны бүлэглэлийн хийсэн гэмт хэргийг мөрдөж байжээ. Гурав хоногийн дараа гэмт хэрэгтнийг баривчилж, түүнээс байлдааны тэсрэх бөмбөг олсон аж. Энэ гэмт хэрэгт сэжиглэн Турикелаг баривчилсан бөгөөд баригдах үедээ “Удахгүй суллагдаад та нарыг махан таташ болгоно” гэж заналхийлж байжээ. Үнэхээр ч гурав хоногийн дараа Турикела суллагдав. Түүнийг ийш, тийш явахгүй байх болзолтойгоор сулласан гэнэ. Филипповыг хөнөөсөн байх магадлалтай Армений иргэний цогцсыг энэ өдөр нэгэн орон сууцнаас олов. Түүний толгой руу буудсан байлаа. Энэ хэргийг арваннэгдүгээр сарын 10-нд тэмдэглэдэг Цагдаагийн ажилтнуудад гэмт хэрэгтнүүдээс барьсан өвөрмөц бэлэг хэмээн хэвлэлд бичсэн байна. Алагдсан хүн Турикелад хүчин зүтгэдэг байсныг мөрдөн байцаагчид тогтоов. Турикелаг байцаах гэсэн ч тэр ор сураггүй алга болжээ.
Хэдэн сарын дараа Турикелагийн сураг Новосибирск мужид гарав. Тэрбээр тус бүс нутагт гэмт хэргийн ертөнцийг нэлээд хэдэн жил толгойлж 1998 оноос дархлагдсан Сергей Клементьев (Клим) гэгчтэй шөргөөцөлдөх болсон байна. Тэдний уулзалтад Климээс гадна дөрвөн гэмт хэрэгтэн ирсний дотор Турикела, Тристан нар байв.
Москвагийн нэр нөлөөтэй гэмт хэрэгтнүүдийг өөрийн бүс нутагт эрх мэдэлтэй болгохыг Клим хүсэхгүй байсан нь Турикелатай зөрчилдөх гол шалтгаан байлаа. Үүнийг нэг тийш болгохын тулд Тристантай уулзах шаардлагатай болсон аж. Нийслэлийн гэмт хэрэгтнүүдэд өгөх ёстой мөнгийг нуун дарагдуулсан гэж уулзалт дээр Климийг буруутгав. Түүнээс гадна даварсан үйл явдлын эсрэг тэмцэх хүсэлгүй байна гэж түүнийг зэмлэлээ. Үнэндээ ч түүний буруугаар тус бүс нутагт хүчирхийлэл ихэсжээ. “Русский” хочтой, гэмт хэрэгтнүүдийн дунд нэр, нөлөөтэй хүн амиа алдсныг ч түүнд сануулсан байна. Климийн хүмүүс түүнийг ахуйн чанартай маргаан зөрчлөөс үүдэн үхтэл нь зодсон аж. Эцэст нь, хоригдлуудад мөнгөн дэмжлэг үзүүлэх үүргээ биелүүлээгүйг нь Новосибирскийн толгой гэмт хэрэгтэнд сануулжээ.
Ингээд цуглаанд оролцогчид Климийн хэргэм зэргийг хурааж, Мамука түүний нүүр рүү дэлсэж, дархлагдсан гэмт хэрэгтний зиндааны хүн биш болсныг нь ойлгуулсан байна. Үүнээс хойш гэмт хэрэгтнүүд дотроо хагарч, зарим нь ялагч тал руу явж, Климийг дэмжигчид уулзалтаас гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байхыг оролджээ. Ингэж хандсан хүмүүсийн хоёрынх нь цогцсыг голоос олоход гарыг нь хүлээд мөстэй ус руу амьдаар нь хийсэн байв. Клим Доод Тагилын “хүнд гарууд”-аас дэмжлэг авахыг оролдож, уулзалт зохион байгуулжээ. Үр дүн гарсангүй.
Климийг “огцруулснаар” Новосибирскт Турикелатай өрсөлдөх гэмт хэрэгтэн үгүй болов. Гэхдээ Сибирьтээ хамгийн том, хамгийн хүчирхгийн тоонд орох Александр Труновын зохион байгуулалтай гэмт хэргийн бүлэглэл энэ хотод өндийн ирж байлаа. Энэ хүмүүс (200-300 хүнтэй) айлган сүрдүүлэх, мөнгө угаах “ажил” голлон эрхэлнэ. Харин Анатолий Радченкогийн толгойлдог тусгай салбар нь захиалгат аллага дагнан хийнэ. Энэ бүхэн Турикелаг айлгасангүй. Шоронгоос суллагдсан хүмүүсийн амжиргаанд дэмжлэг үзүүлж гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөнөөсөө тэдэнд хувь хүртээж байх үүрэгтэйг нь “Труновынхонд” тэрбээр сануулжээ. Үүнийг нөгөөдүүл нь чихнийхээ хажуугаар өнгөрөөв. Түүний үгийг зарим нь сүрдүүлэг гэж үзсэн бол энэ увайгүй амьтныг тонилгох нь зөв гэсэн бодолтой хүн ч байв. Цаашилбал, нэр хүндээ алдсан нөгөө Клим тэргүүтэн Турикелаг устгахыг хүссэн байна. Тэрбээр “Труновынхны” хувьд өөрийн хүн гэгдэх болсон байлаа. Тус бүлэглэлийн толгойлогч Трунов өөрийн найдвартай гар, хөл болох Челентано хочит Анатолий Радченкод энэ хэргийг даалгав. Тэгэхдээ Турикелаг зүгээр нэг тонилгох биш, уг үйлдлийг хүмүүсийн зүрхэнд шар ус хуруулахуйц, үлгэр жишээ үзүүлэхүйц ажиллагаа болгохыг Трунов тушаасан байна. Аллагыг 2000 оны долдугаар сарын 30-нд Турикелагийн төрсөн өдөр үйлдэх ёстой байлаа. Тэрбээр энэ өдрийг Нижняя Касенка сууринд нууц амрагийнхаа зусланд тэмдэглэсэн аж. Баруун Сибирь даяар аюултай бизнес хийдэг түншүүд нь энд ирцгээв. Тэдний дундаас хамгийн хүндтэй зочин нь болох 40 настай Баград Гелашвилиг ширээний голд суулгажээ. Тансаг ширээнүүдэд анхаарлаа хандуулсан зочид ойролцоо нь ирж зогссон машиныг ер анзаарсангүй. Машинаас гарч ирсэн алуурчин (Челентано) Турикелаг гэж андуураад Гелашвилиг цонхны цаанаас таван удаа буудчихаад машиндаа суун одов. Шарх нь үхлийнх байснаас Гелашвили удалгүй амьсгал хураалаа. Үүний дараа Турикела хувь заяагаараа дэнчин тавихгүй байхаар шийдэж хэсэг хугацаанд Новосибирскийг орхиж Кемеровод очив.
2002 оны наймдугаар сарын эцсээр Новокузнецэд гэмт хэрэгтнүүдийн толгойлогч байсан Анвар Ишмуратовын амийг хөнөөснөөс хүмүүсийн толгойд Турикела гэж хүн байдгийг сануулсан байна. Найман настай хүү, хамгаалагч Сергей Борзенко нартайгаа хамт явж байгаад Ишмуратов дэлгүүрийн хажууд машинаас буухад нь дөхөж ирсэн “ВАЗ-2109”-өөс үсрэн гарч ирсэн кавказ төрхтэй хүн Калашниковын автоматаар гал нээж амийг нь хөнөөв. Үүнийг Турикелагийн хийсэн үйлдэл гэж хэвлэлүүдэд бичжээ. Ер нь бол Ишмуратовыг бүрэлгэх санаархал 2002 оны эхнээс үүсэлтэй. Тэгэхэд Турикела түүнтэй Бердуск хотод уулзахаар товлосон ч Ишмуратов хамгаалалттай очсоноос цус урсгалгүй өнгөрсөн аж. 2003 онд сэтгүүлчдийн бичсэнээр Турикела хэд хэдэн удаа “хорвоог орхисон”, гэлээ ч амьд л байгаад байв. Харин нөгөө Тристан 2005 онд зүрхний дутагдлаар нас баржээ. Турикела сүүлчийн өдөр болтол нь түүний хажууд байгаад сураг тасрав. Удаан хугацааны дараа Минскэд байгаагаа өнгөрсөн онд тэрбээр мэдэгдлээ. Хулгай хийсэн, түймэр тавьсан, эрх баригчдад заналхийлж, хүч хэрэглэсэн хэмээн Беларусьт түүнийг буруутгаж байв. Эцэст нь, Турикелаг Москвагийн ойролцоо байхад нь баривчилжээ. Одоо тэр Беларусьт шилжүүлж өгөхийг хүлээн саатуулах байранд байна. Түүнийг Гүрж улс нь ч 1993 онд цагдааг хөнөөсөн хэрэгт нь тохирох ял өгөхөөр бас хүлээж байгаа юм. Түүнд гишгэх газар үгүй болжээ.
Бэлтгэсэн Р.Жаргалант