
Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ Бүгд Найрамдах Чех Улсын Тээврийн дэд сайд Ян Сехтертай цахим уулзалт хийж, нисэхийн салбарт Чех Улсын туршлагыг нэвтрүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ.
Монгол Улс Бүгд Найрамдах Чех Улсаас L-410 онгоцыг авч ашиглаж байсан туршлагатай. Манай улсад Чингис хаан Олон Улсын нисэх буудал ашиглалтад орсноор Буянт-Ухаа Олон Улсын нисэх буудлыг Чехийн талтай хамтарч ерөнхий нислэг, сургалтын чиглэлээр ашиглахаар болсон. Энэ хүрээнд бага оврын онгоц угсрах, засвар үйлчилгээ хийх зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлэх гэнэ. Түүнчлэн орон нутгийн нисэх буудлуудын дэд бүтцийг сайжруулах чиглэлээр хамран ажиллах, Улаанбаатар-Прага чиглэлд шууд нислэг хийх боломжийн талаар ярилцаж буй хэмээн ЗТХЯ-аас мэдээллээ.
Бүгд Найрамдах Чех Улс /БНЧУ/ нь ерөнхий зориулалтын нисэхийн чиглэлээр дэлхийд дээгүүр ордог өндөр хөгжилтэй орон төдийгүй тус салбарт 100 гаруй жилийн туршлагатай. Мөн тус улс нь нийт 290 олон улсын болон орон нутгийн шинж чанартай нисэх буудал, нислэгийн зурвасуудтай ба 40 гаруй компани 57 төрлийн том, жижиг төрөл бүрийн зориулалттай онгоц үйлдвэрлэдэг.