
“Хүн төрөлхтний өмнө тулгарч буй уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ойн санг нэмэгдүүлэх, усны эх үүсвэр, нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилготой, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг компаниуд дэмжин, 2030 он хүртэлх хугацаанд олон сая мод тарьж ургуулан, арчлан хамгаалахаа төр, засаг, түмний өмнө нотлон баталгаажуулав. Бид эх орынхоо хөгжил дэвшилд бодит хувь нэмэр оруулан, хойч үеэ эрүүл, аюулгүй орчинд амьдруулах боломж нөхцөлөөр хангах үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, энэхүү түүхэн амлалтыг өгч байна”. Уул уурхайнхны төлөөлөл бүхий 21 аж ахуйн нэгж сар гаруйн өмнө монгол түмэнд ийнхүү амлаж, БОАЖ-ын сайдаас батламж гардсан юм.
“Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс Оюутолгой”, “Оюу толгой”, “Болдтөмөр Ерөө гол”, компани, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ бусдыгаа оройлж, 100-180 сая гэдэг том тоо “барьж авсан” бол бусад нь 1-40 хүртэлх сая мод тарих зорилт дэвшүүллээ. Эдгээр аж ахуйн нэгж 2030 он хүртэл Монгол орны хөрсөнд нийтдээ 608.5 сая мод нутагшуулах тооцоо гарав. Ингэснээр “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөн, бүс нутгийн хэмжээний мега төслийн ачааны хүндийг уул уурхайн салбарынхан үүрэх нь гарцаагүй болов. Өөрөөр хэлбэл, нийт тарих модны талаас илүү хувийг нь тэд, харин үлдсэнийг нь бусад салбарын аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд тарих үүрэг хүлээв.
Энэхүү санаачилгыг олон нийт янз бүрээр харж, дүгнэж байна. Зарим нь “Маш бүдүүлэг тулган шаардалт. Хууль, журмынхаа дагуу ажиллаж байгаа компаниудад дарамт учрууллаа” хэмээн сөргөөр харж байхад нөгөө хэсэг нь “Тэрбум мод тарих хэмжээний хөрөнгө, хүч уул уурхайнханд л бий. Тэднийг татан оролцуулахгүй бол монголчууд олон улсад өгсөн амлалтаа биелүүлж чадахгүй ” гэсэн байр суурь илэрхийлж буй. Өөрсдийн санаачилга, нийгмийн хариуцлагаа ухамсарласан байдал, эс бөгөөс Ерөнхийлөгчийн амбиц, холбогдох байгууллагууд (БОАЖЯ, УУХҮЯ, АМГТГ)-ын шаардлага, “хатгаас”-ын аль нь ч тэднийг түрүүлж “хөдөлгөсөн” байж болох. Харин 608.5 сая гэдэг том тоог тэд гаргаж иржээ. Компаниуд дотоод нөөц боломж, санхүү, хүн хүчний чадамж, тарьц, суулгацын хангамж зэрэгт үндэслэн есөн жилийн хугацаанд тарих модныхоо хэмжээг тооцоолсон гэдгийг онцоллоо. Өөрөөр хэлбэл, компани тус бүр нэг буюу нийт 20-хон сая мод тарих сонголт ч тэдний өмнө байсан гэсэн үг. Тэгэхээр уул уурхайнханд дарамт учрууллаа гэж шүүмжилж, өрөвдөн эвийлэх нь илүүц юм. Үүний оронд ачааг нь үүрүүлсэн шиг үүрүүлж, том амлалтаа биелүүлэх боломж нөхцөлөөр хангаж, хариуцлага нэхэх хэрэгтэй.
Монголын эдийн засаг уул уурхайгаас ихээхэн хамааралтай. Уул уурхайн үр нөлөө, эдийн засгийн ач холбогдол үлэмж бол бараан сүүдэр нь түүнээс дутахгүй. Ялангуяа хариуцлагагүй уул уурхайгаас үүдэлтэй байгаль орчны дарамт, доройтол манай оронд гаарсан. Нийслэлтэй хаяа залган орших Төв аймаг гэхэд л нүд халтирам дүр зурагтай болоод олон жилийн нүүр үзлээ. Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь, Баянхонгорын нутаг дэвсгэрт уурхайнхан, нинжа нарын хөлд сүйдсэн газар өчнөөн. Ерөөс ашигт малтмал олборлогчдын гар, хөл хүрээгүй аймаг Монголд ховор. Уул уурхайнхны байгальд учруулсан хохирол, тэндээс олсон ашигтай харьцуулахад 608.5 сая мод гэдэг бол нуурын усыг дусалтай дүйцүүлэх мэт үзүүлэлт юм. Энэ бүхнээр юу хэлэхийг зорьсон бэ гэвэл монголчууд ашигт малтмал олборлогчдоос ийм хэмжээний нийгмийн хариуцлага нэхэх, туслалцаа авах бүрэн эрхтэй юм.
Уул уурхайн үйл ажиллагааг хариуцлагажуулах гол баримт бичиг бол байгаль орчны нарийвчилсан үнэлгээ (БОНБҮ) болон менежментийн төлөвлөгөө. Гэвч үүнийгээ хэрэгжүүлдэггүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, нөхөн сэргээлтийг журмынх нь дагуу хийдэггүй аж ахуйн нэгж өчнөөн. Тухайлбал, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдсэн 21 аж ахуйн дунд ч ийм муу нэртэй компани байна. Алтыг нь аваад авдрыг нь хаях байдлаар үйл ажиллагаа явуулдаг, орон нутгийн иргэд, холбогдох байгууллагаас тавьсан зүй ёсны шаардлагыг авч хэлэлцдэггүй, нөхөн сэргээлт нэрийдлээр хөрсөнд тарьц, суулгац булаад өнгөрдөг, байнга хэл ам таталдаг ийм компанийн сайхан амлалтад итгээд суух хэцүү. Эсвэл өөрсдийнх нь илгээсэн, аль нэг байгууллагын судлаачаар хийлгүүлсэн үнэлгээ, тайлангийнх нь үр дүнгээр үүргээ хэр зэрэг биелүүлснийг нь хэмжих ч бас өрөөсгөл. Тэгэхээр хатуу хяналт тавих, хариуцлага нэхэх шаардлага зайлшгүй үүсэж байна. Харин үүнийг ямар арга замаар хэрхэн хэрэгжүүлэх вэ.
БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрынхнаас энэ талаар тодруулахад “Уул уурхайн компаниудын амлалтын хэрэгжилтэд УУХҮЯ, БОАЖЯ, АМГТГ-аас гадна ойрын хугацаанд байгуулах Ойн агентлаг хяналт тавина. Үүнээс гадна биологийн нөхөн сэргээлтийг зөв аргачлалын дагуу хийсэн, эсэхийг нь давхар нягталж, байгаль орчны мэргэжилтнүүдийг чадавхжуулах чиглэлд анхаарах юм. БОАЖЯ ойн салбарт 1000 сургагч багш бэлтгэхээр төлөвлөсөн. Тэд “Тэрбум мод” төрих үндэсний хөдөлгөөнд нэгдсэн бүх аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллах үүрэгтэй” гэсэн юм.Уурхайнхан мо
доо хаана тарих вэ. Зургаан компаниас ингэж асуулаа. Үндсэндээ гурван шийдэл бий гэнэ. Нэгдүгээрт, уул уурхайн нөлөөгөөр эвдэрч, эзэнгүй орхигдсон газруудад дүйцүүлэн хамгааллын арга хэмжээний хүрээнд мод тарих боломжтой. Хоёрдугаарт, цөөн тооны мод тарих аж ахуйн нэгж эзэмшлийн талбайгаа ашиглах боломж бий. Сүүлийнх нь тухайн компани орон нутгийн удирдлагатай зөвшилцсөний үндсэн дээр шинэ газар сонгож, мод, бут тарьж болох аж.
2030 он хүртэл 40 сая мод тарихаар төлөвлөсөн “Энержи ресурс” гэхэд мод тарих газраа шийдэхийн тулд орон нутгаас дэмжлэх авах зайлшгүй шаардлагатай гэнэ. Тус компани 2.5 га талбай бүхий туршилтын болон үржүүлгийн талбайтай. Сүүлийн 10 жилийн хугацаанд 10 гаруй га талбайд 150 мянган мод тарьж ургуулан, ойн зурвас байгуулжээ. Амлалтаа биелүүлэхийн тулд мод үржүүлгийн газраа өргөжүүлж, эзэмшлийн талбайг бүрэн дүүрэн ашиглахаас гадна шинэ газар товлохоос аргагүй нөхцөл үүссэн байна. Ойжуулах газар нь бэлэн бол 40 сая мод тарих нь тийм ч хүнд ажил биш гэдгийг компанийн зүгээс онцоллоо.
Харин нэг сая мод тарих амлалт өгсөн “Платинум ланд” компанийнхан эвдэрч, эзэнгүй орхигдсон 8000 га талбайгаас өчүүхэн хэсгийг нь боловч ногооруулж, “эмчлэх” төлөвлөгөөтэй байгаагаа дуулгасан юм. Тус компанийн менежер Жундаан “Ойжуулалт хийх газрын сонголт олон. Дүйцүүлэн хамгааллын арга хэмжээний хүрээнд доройтсон газруудаа ойжуулах боломж байна. Манай компани 2006 оноос хойш 100 га талбайд биологийн, 160 га-д техникийн нөхөн сэргээлт хийсэн. Мод үржүүлэг, жимс, жимсгэнэ тариалах зориулалттай дөрвөн хүлэмжтэй. Биологийн нөхөн сэргээлтийн хүрээнд 330 гаруй мянган мод тариад байна. Жилдээ 30 орчим мянган модны үрсэлгээ гаргаж авдаг. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүлээсэн үүргээ давуулан биелүүлэхийн тулд мод үржүүлгийн газраа өргөжүүлэх, энэ чиглэлийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах шаардлага үүслээ. Хүн, хүчний нөөц, эдийн засгийн хувьд санаа зовох зүйлгүй” хэмээн ярьсан юм.
Уул уурхайн нөлөөгөөр эвдэрсэн байтугай эрүүл хөрсөнд мод, бут тарих амаргүй. Ерөнхийлөгчийн санаачилгатай холбоотойгоор судлаач, мэргэжилтнүүд сүүлийн үед “Их хэмжээний мод тарих тохиолдолд тухайн газрын онцлог, хөрсний бүтцийг харгалзаж, тохирсон тарьц, суулгац сонгох хэрэгтэй” гэсэн зөвлөгөө, байр суурь илэрхийлэх болов. Сэтгэлийн хөөрлөөр бус, судалгаа шинжилгээнд үндэслэсэн ажил хийх нь чухал гэж анхааруулсаар буй. Байгаль орчны хяналт, үнэлгээний чиглэлээр ажилладаг “Дэвжих байгаль” төрийн бус байгууллагын судлаач Т.Энхбалжираас уул уурхайн компаниуд юунд анхаарах ёстойг лавлахад “Хамгийн чухал зүйл нь чанартай тарьц, суулгацаар хангах. Компаниуд үйл ажиллагаа явуулдаг газар нутагтаа мод тарих нь маш зөв. Байгаа газрынхаа хөрсөнд бойжуулсан тарьц, суулгац сонговол илүү үр дүнтэй. Амжилттай ургах магадлал өндөр болно. Тус санаачилгад нэгдсэн аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь нөхөн сэргээлт болон ойжуулалтын туршлагатай, томоохон компани байсан. Туршлагагүй нь ч бий. Ойн асуудал хариуцсан байгууллагууд эдгээр компанийг чадамжаар нь үнэлээд, тохирсон арга, аргачлал санал болгож, зөвлөгөө өгөх нь зүйтэй” гэсэн юм.
Дээрх компаниудын төлөөлөлд мөн энэ асуултыг тавихад мод тарих газраа сонгоход ихээхэн ач холбогдол өгч буй, үржүүлгийн талбайг өргөжүүлэх шаардлага үүссэн, мэргэжлийн судлаачдын туслалцаатай тооцоо, судалгаа хийж байна гэсэн нийтлэг хариулт хэлсэн юм. “Бид нэгэнт амласан учраас заавал хэрэгжүүлнэ, болбол төлөвлөгөөгөө давуулан биелүүлнэ. Өөр хэн хийх билээ” гэсэн итгэл үнэмшил, амбиц “үнэртсэн” юм. Үүнд мэдээж буруу зүйл үгүй. Гагцхүү тэд амласан шигээ хийж, авсныхаа хэмжээгээр өгч чадвал монголчууд энэ олон жил уул уурхайнханд найр тавьсныхаа “ашгийг” хүртэх нь.