
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжингийн урилгаар Энэтхэг Улсын Гадаад харилцааны сайд Ражкумар Ранжан Сингх энэ өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Тэд өчигдөр албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний үеэр Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийг улам бэхжүүлж, хоёр талаас хамтран хэрэгжүүлж буй төслүүдийг дүгнэж, ойрын жилүүдэд хөгжүүлэх харилцааны чиглэлүүдийг харилцан ярилцлаа.
Мөн улс төр, аюулгүй байдал, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, боловсрол, соёлын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцаж, олон улс, бүс нутгийн асуудлуудаар санал солилцсон юм. Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийн хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон газрын тосны үйлдвэрийн төслийг амжилттай хэрэгжүүлэх, Энэтхэг улс руу коксжих нүүрс зэрэг уул уурхайн зарим бараа бүтээгдэхүүнийг экспортлох туршилтын тээвэр хийх чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиров. Айлчлалын хүрээнд сайд Ражкумар Ранжан Сингх тэргүүтэй төлөөлөгчид манай төр, засгийн удирдлагад бараалхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нартай уулзахаар төлөвлөжээ.
Бэлтгэсэн У.Наран