
Бүх төрлийн визний зөвшөөрлийн хүсэлтийг ирэх 12 дугаар сарын 1-нээс Гадаадын иргэн харьяатын газар цахимаар хүлээн авч эхлэхээр болоо. Өөрөөр хэлбэл, заавал биечлэн ирэлгүйгээр https://immigration.gov.mn/mn/vizijn-zvshrl/ сайтад хандан, визийн зөвшөөрлийн хүсэлтээ илгээх боломжтой юм.
Визийн зөвшөөрөл гэдэг нь эрх бүхий байгууллагаас Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт гадаадын иргэнд виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичиг юм.
Дээрх цахим хуудаст хандсаны дараа:
1. “Визийн зөвшөөрөл” хэсэг рүү нэвтэрч, тухайн иргэний ирэх хугацаа, зорилгод тохирсон ангиллыг сонгоно
2. Мэдээлэлтэй танилцаж, “Цахимаар үйлчилгээ авах” хэсгийг дарна
3. Цахим үйлчилгээний системд бүртгүүлж, нэвтрэх эрх үүсгүүлнэ
4. Бүрдүүлсэн баримт бичгээ зааврын дагуу оруулж, хүсэлтээ илгээнэ
5. Визийн зөвшөөрлийн дугаарыг бүртгэлтэй утасны дугаарт мессежээр илгээснээр та хүсэлтийнхээ хариуг ажлын 3 хоног, энгийнээр ажлын 5 хоногт багтаан авах боломжтой.
Төрийн үйлчилгээг чирэгдэлгүй түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, иргэдийн биечлэн ирэх ачааллыг бууруулах, үйлчилгээний шат дамжлагыг багасгах зорилгоор үйлчилгээгээ ийнхүү үе шаттайгаар цахимжуулж байгаа гэж Гадаадын иргэн харьяатын газраас мэдээллээ.