
ОХУ-аас БНХАУ руу татах, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих байгалийн хийн төслийн ТЭЗҮ-ийг өнгөрсөн сард эцэслэсэн. Иймд төслийн дараагийн шатны ажлыг эхлүүлэх талаар Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркеловтой утсаар ярив. Энэ долоо хоногт Шадар сайд “Газпром”-ын Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллертэй цахим уулзалт хийж, “Сибирийн хүч-2” төслийн үргэлжлэл болж буй эл төслийн ТЭЗҮ-ийг эцэслэснийг баталгаажуулах протоколд гарын үсэг зурж, цаашид хийх ажлын төлөвлөгөөний талаар нарийвчлан хэлэлцэхээр тохирсон байна. Мөн төслийн дараагийн шатны төлөвлөлтөд шилжих зураг төсөл, хайгуулын судалгааны ажлыг гүйцэтгэх тэмдэглэлд гарын үсэг зурах аж.
Протоколд гарын үсэг зурах үеэр төслийн хэтийн төлөвийн талаар ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд манай улсад ирж ярилцлага, сурвалжилга бэлтгэх гэнэ. Түүнчлэн “Газпром”-ын төлөөлөл ирж ажиллах юм байна.