Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Үерийн аюулаас сэргийлэхийг анхааруулав

Манай орны нийт нутгаар өчигдөр бороо орж, зарим голын түвшин өмнөх өдрийнхөөсөө илт нэмэгдэн үерлэснийг цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Тухайлбал, Дэлгэрмөрөн, Туул, Барх, Хэрлэн гол, Сэлэнгэ мөрний эх орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөсөө 5-15 см-ээр нэмэгджээ. Түүнчлэн Үүр, Хэрлэн, Улз, Хархиргаа гол үерийн түвшнээс 5-25 см-ээр давсан байна. Ялангуяа Улз голын Эрээнцав орчмын хэсэг нь үерийн аюултай түвшнээс 20 см-ээр нэмэгдсэн аж. Зарим нутгаар өнөөдөр ч бороо үргэлжлэн орох бөгөөд Хэрлэн, Эг гол, Сэлэнгэ мөрний усны түвшин нэмэгдэх төлөвтэй гэнэ. Тиймээс дээрх голуудын сав дагуу суурьшиж буй айлууд, аялж яваа иргэд үер усны аюулаас сэргийлэхийг анхаарууллаа. Ташрамд дурдахад, энэ он гарснаас хойш усны осол 80 удаа гарч, 79 иргэн амиа алджээ. Тэдний 19 нь хүүхэд байсан аж.