Сэлэнгэ аймгийн Шаамар сум
Улаан буудай, төмс, хүнсний ногоо боловсорч, тал, хөндий бүрхсэн талбайд ургац хураалт эхлэн, ажил ундарсан намар цаг. Болц нь гүйцсэн тариа алтан шаргалаар тунарч буйгаар бид төсөөлдөг бол мөнгөлөг цайвар өнгөтэй, төдийлөн өндөр биш тариан (нэг алд орчим) талбай нэлэнхийдээ орог сааралтаж харагдана. Ийм саарал “будаа” бол ганд тэсвэртэй, болц гүйцэх хугацаа багатай, Монгол орны цаг уурт тохирсон шинэ сортын улаан буудай бөгөөд тарьсан компани нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумд үйл ажиллагаа явуулдаг “Арвин хур”. Тус компани өдгөө 4000 га эргэлтийн талбайд улаан буудай, тосны ургамал, гурвалжин будаа, арвай тарин, жилд дунджаар 5000 тонн ургац авч байна. Хөрсний элэгдлийг бууруулж, нөхөн сэргээх болон цөлжилтийг багасгахад түлхэц болдог уриншгүй (тэг элдэншүүлгийн арга) технологийг “Арвин хур”-ынхан 2012 оноос нэвтрүүлж, техник, технологио сайжруулжээ. Ингэснээр усалгаагүй нэг га талбайгаас дунджаар 25, усалгаатайгаас нь 35 центнер ургац авч, жишиг болж байна. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй албаны бусад хүн, Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын хэрэгжилтийг хангуулах, хянан шалгах зорилгоор өнгөрсөн бямба, ням гарагт Сэлэнгийн Сүхбаатар, Алтанбулаг, Шаамар, Зүүнбүрэн сумд ажиллахдаа үйл ажиллагаатай нь танилцсан юм. “Арвин хур” компанийн ерөнхий захирал, хөдөлмөрийн баатар Ч.Чадраабал “УИХ-ын дарга болон Сэлэнгэ аймгаас сонгогдсон гишүүд хүрэлцэн ирсэнд баяртай байна. Тариаланчид бид техник, технологи, тоног төхөөрөмжөө жил бүр шинэчилж, нэг га-гаас авах ургацын хэмжээгээ өсгөн, таримлынхаа чанарыг сайжруулахаар хичээн ажиллаж буй. Улсаас ч боломжийн хэрээр дэмждэг. Гэхдээ Монголд улаан буудайн үнэ дэлхийн дунджаас харьцангуй хямд, экспортлох боломжгүйд сэтгэл дундуур байна. Хэрэв улаан буудай болон бусад таримлын үнэ өндөр, улсын хэрэгцээнээс илүү гарсныг нь экспортлох боломж бүрдүүлбэл аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн чадавх дээшилж, улмаар төрөөс дэмжлэг хүсэх шаардлагагүй болно” хэмээн УИХ-ын даргад саналаа илэрхийллээ.
Манай улс энэ жил үр тариа болон төмс, хүнсний ногоо нийт 470 000 орчим тонныг хураан авах зорилт тавьсан. Ургац хураалтын ажлын явц улсын хэмжээнд энэ долоо хоногийн байдлаар 20 орчим хувьтай байгаа. Тэр дундаа улаан буудайн 39.1, төмс, хүнсний ногооны 10 гаруй хувийг бэлтгэн нийлүүлдэг Сэлэнгэд ажлын явц 10 хувьд хүрчээ. Сэлэнгэ бол газар тариалангийн цөм нутаг бөгөөд энэ жил нийт 135 000 гаруй га талбайд тариалалт хийн, 173 000 орчим тонн ургац хураахаар төлөвлөж буй. Дээр дурдсанчлан УИХ-ын дарга Г.Занданшатар болон гишүүн Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн, Т.Аубакир, Ч.Ундрам, Ж.Эрдэнэбат орон нутагт ажиллах үеэрээ зарим нь Шаамар сумын ногоочин Б.Алтанцэцэгийнд мөн зочиллоо. Б.Алтанцэцэг хүний их эмч мэргэжилтэй ч хүнсний ногоо тарьж, зөгий үржүүлээд 20 орчим жил болжээ. Одоогоор найман га газар, 2000 ам метр хүлэмжид 10 гаруй төрлийн ногоо тарьж буй бөгөөд жилд 80-100 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулдаг гэнэ. Шаамар сумынхан 360 га газарт төмс, хүнсний ногоо тарьж буйгаас 50 хувьд нь нарийн ногоо тарьжээ. Ер нь нарийн ногооны нийлүүлэлт, нөөшилж, даршилсан бүтээгдэхүүний хэмжээгээ өсгөхөд анхаарч байгаа бөгөөд зуны хүлэмж барихад дэмжлэг үзүүлэхийг Засаг дарга Ф.Серикбол нь дурдсан. Уг хүсэлтийг нь хэрэгжүүлэхэд анхаарахаа ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ илэрхийлж, 600 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож болно гэсэн юм. 600 сая төгрөгөөр 40 орчим га талбай бүхий хүлэмж барин, ямар бүтээгдэхүүнийг хэр хэмжээгээр тарьж, хэрхэн борлуулж, хөрөнгө оруулалтаа хэдий хугацаанд нөхөх зэргийг нарийвчлан тооцоолсныг Шаамар сумын Засаг дарга онцолсон.
Манай улс нийт газар нутгийнхаа 0.6 орчим хувь буюу нэг сая га талбайд тариа, ногоо тарьдаг. 60 жилийн өмнө хүн амын тоо одоогийнхоос цөөн байхад л ийм хэмжээний талбайд газар тариалан эрхэлж эхэлжээ. Тэгвэл өдгөө хүн амын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор таримал бүтээгдэхүүний нэр, төрлийг олшруулах, ургацын хэмжээгээ өсгөх шаардлага үүссээр байгаа юм. Тиймээс ч Сэлэнгэ мөрөн, Хараа, Ерөө, Орхон голын сав газар болон бусад тохиромжтой бүсэд 200 000 га талбайг тариалангийн зориулалтаар ашиглахаар төлөвлөн, иргэдийг ногоо, тариа тарихад уриалж, газар олгох талаар зарим арга хэмжээ авахыг орон нутгийн удирдлагад Засгийн газраас үүрэг болгосон. Түүнчлэн хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, таримал бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхой болгох зорилгоор Органик хүнсний тухай хуулийг Ч.Ундрам тэргүүтэй УИХ-ын зарим гишүүн санаачлан, өргөн барихаар ажиллаж буй билээ. Энэ талаар Ч.Ундрам “Хүнсний аюулгүй байдал, чанарыг дээшлүүлэхэд зайлшгүй авч хэрэгжүүлэх нэг ажил бол тухайн бүтээгдэхүүний органик, эсэх тухай магадалгаа гэж болно. Хаана тарьж ургуулсан, ямар бүтээгдэхүүн хэрэглэж бойжуулсан ногоог органикт тооцох, үүнийг аль байгууллага хянан баталгаажуулах тухай хуульд нарийн тусгах юм. Органик хүнсний тухай хууль баталснаар хэрэглэгчдэд сонголт хийх, бүтээгдэхүүний чанарт эргэлзэхгүй байх боломж бүрдэнэ. Хууль санаачлагчид бид энэ намрын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна” гэсэн юм.
Газар тариалангийн бүс нутагт албаныхан ажиллахад тариаланчид, ногоочид ажиллах хүн хүч дутмаг байгааг дурдаж байлаа. Хэдийгээр үр тарианы салбарын механикжуулалтын түвшин сайжирсан ч ургац хураалтын үед болон шаардлагатай тохиолдолд ажиллах хүн олддоггүй гэсэн. Түүнчлэн агуулах, зоорийн хүртээмж муугаас бүтээгдэхүүний нөөцлөх хэмжээ бага байгааг дурдлаа. Үүний зэрэгцээ хөнгөлөлттэй буюу гурван хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлэн олгох, хугацааг нь сунгах, газар тариалангийн бүс нутагт мал үржүүлэхийг аль болох хязгаарлах шаардлагатай гэв. Мөн малын хөлийн татварыг нэмэх, тариалангийн талбайг малаас хамгаалах хашаа барихад дэмжлэг үзүүлэх зэрэг хүсэлтийг албаныханд тавьж байлаа.
“Дархан нэхий” компанийн бүтээгдэхүүн
АЛТАНБУЛАГИЙН БООМТООР НЭВТЭРСЭН ИРГЭДИЙН ТОО ДӨРӨВ ДАХИН ӨСЖЭЭ
Алтанбулагийн боомтыг чөлөөт бүс болгож, нэвтрүүлэх хүчин чадлыг нь өсгөн, хил орчмын жишиг сум болгох талаар олон жил ярьж, цөөнгүй ажил хийж буй. Үүний хүрээнд 2003 оноос хойш төсвөөс 26.7 тэрбум төгрөг зарцуулжээ. Алтанбулагт зорчигч шалган нэвтрүүлэх төв, гаалийн хяналтын талбай зэрэг 48 барилга байгууламж бүхий цогцолбор барих ажлыг 2019 онд эхлүүлсэн аж. Уг цогцолборын ажлын явцтай албаныхан мөн танилцлаа. Цогцолбор барих ажил цар тахлын улмаас удааширсан ч гүйцэтгэгч нь төлөвлөсөн хугацаандаа буюу 2023 оны долдугаар сард ашиглалтад оруулахаа илэрхийлсэн байна. Харин сүүлийн 2-3 жилд бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнээс шалтгаалан зардал нь төсвөөсөө хэтрээд байгаа аж. Ер нь Алтанбулагийг “амь оруулахад” юуны түрүүнд дэд бүтцийг нь өргөтгөн сайжруулах, цахилгаан, дулааны үүсгүүрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага бийг Алтанбулагийн чөлөөт бүсийн захирагч Г.Ганзориг хэлсэн. Тэрбээр “ОХУ-аас зорчих иргэдийн тоо энэ оны эхний найман сарын байдлаар өнгөрсөн жилүүдийнхээс бараг дөрөв дахин өссөн. Үүнтэй холбоотойгоор хойд хөршийн хөрөнгө оруулагчид, бизнесменүүд Алтанбулагт үйл ажиллагаа эрхлэх, хамтарсан компани байгуулах талаар саналаа илэрхийлэх нь ч нэмэгдсэн. Тэдний тавьж буй эн тэргүүний шаардлага бол дэд бүтэц. Авто замын урт, бусад орон нутагтай холбогдсон байдал, цахилгаан, дулааны хангамж зэргийг асуудаг. Энэ жил бид 35/10 кВт-ын хүчин чадалтай цахилгааны дэд станцын барилгын өргөтгөл хийж байна. Мөн тээвэр, ложистикийн төвийн ТЭЗҮ боловсруулах төслийн судалгааны ажлыг дуусгасан. Цаашид хатуу хучилттай авто замыг уртасгах, мэргэжлийн хяналтын лаборатори болон худаг сувагчлалын барилга байгууламж барих зэрэгт 67 орчим тэрбум төгрөг шаардлагатай” гэв.
ДАРХАН-УУЛ АЙМАГТ 100 000 ХҮНИЙГ ИРЖ АМЬДРАХЫГ УРИАЛЛАА
Дархан хотыг хөнгөн үйлдвэрлэлийн төв болгох зорилгоор 60 жилийн өмнө байгуулсан. Улаанбаатарын дараа хоёрдугаарт эрэмбэлэгдэх тус хотод өдгөө 104 000 орчим хүн амьдарч байгаа бол нэмээд 100 000 хүнийг хүрэлцэн ирж, амьдрахыг Засаг даргынх нь орлогч Б.Жавхлан уриаллаа. Засгийн газраас ч Дарханыг нийслэлийн түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулахад том дэмжлэг болох түшиц хот гэдгийг тооцон, багагүй хөрөнгө оруулж, ойрын жилүүдэд 200 000 иргэн нэмж суурьшуулахаар тооцож байгаа. Б.Жавхлан “Манайх цэвэр, бохир усны шугам сүлжээний хүчин чадал, эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ 50-70 хувийг л ашигладаг. Мөн 8000-10 000 өрх амьдрах боломжтой “Залуус” хорооллыг барьж байна. Дарханд арьс, шир боловсруулж, бэлэн бүтээгдэхүүн гаргадаг томоохон үйлдвэр, төмөрлөгийн үйлдвэр, тариалангийн компаниуд бий. Аль аль нь ажиллах хүч хомсдолтой. Тиймээс ажлын байр олдоцтой гэж болно. Бид Дарханд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчдад татварын хөнгөлөлт үзүүлэх, ипотекийн зээлийн хүүгийн хэмжээг бууруулж, урьдчилгаа төлбөрийг багасгах зэрэг асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж өгөх хүсэлтийг Засгийн газарт тавьсан. Нааштай үр дүн гарна хэмээн найдаж байна” хэмээн ярьсан юм.
Үүнээс гадна дээрх аймагт үйл ажиллагаа явуулдаг Малын удмын сангийн үндэсний төв, Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай албаныхан танилцсан. Малын удмын сангийн үндэсний төв нь манай оронд идээшсэн, нутагшсан 56 үүлдэр омгийн малыг хамгаалах, генфондыг нь бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн гадаадаас шилмэл үүлдрийн мал, малын үрийг оруулж ирэн, сүргийн бүтцийг сайжруулахад анхаарч, зохиомол хээлтүүлэг хийдэг. Тэгвэл Ургамал, газар тариалангийн хүрээлэн нь Монгол орны байгаль, цаг уурын онцлогт тохирсон таримлын үр сортыг гарган авах, нутагшуулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг эрхэлдэг. Дээрх байгууллагууд мөн л хүн хүчний хомсдолтой, хөрөнгө оруулалт хангалттай биш байгааг дурдсан. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Хийж буй судалгаа шинжилгээний ажлаа үйлдвэрлэлд нэвтрүүлэх, малчид, тариаланчид, аж ахуйн нэгжүүдтэй нягт хамтран ажиллан, оюуны бүтээл, үйлчилгээгээ борлуулж, менежментээ сайжруулбал санхүүгийн хувьд төсвөөс хараат бус болох боломж бүрдэнэ шүү дээ. Өөрөөр хэлбэл, бизнесийн зарчмыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, худалдан авагч, үйлчлүүлэгчдийн тоогоо олшруулахад анхаарах хэрэгтэй” гэсэн юм. Түүнчлэн дээрх ажлын хэсгийнхэн “Дархан нэхий” компани, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажилагаатай танилцлаа.
Орон нутагт ажилласан талаараа УИХ-ын дарга Г.Занданшатар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх санаачилга дэвшүүлж, УИХ-аас Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай 36 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолын хэрэгжилттэй танилцах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулахад юуг анхаарвал зохих талаар тариаланчид, хүнс үйлдвэрлэгчдийн санал сэтгэгдлийг сонсох зорилгоор ажиллалаа. УИХ-ын 36 дугаар тогтоолд таван жилийн хугацаанд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахад 114 арга хэмжээг хэрэгжүүлэн, 523 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо бий. Ирэх онд 192 тэрбум төгрөгийг төсвөөс урсгал зардлаар, 190 тэрбумыг нь гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлэхээр төлөвлөж буй. Аж ахуйн нэгжүүд, иргэдийн хэлсэн санал, хүсэлтийг шийдвэрлэхтэй холбоотойгоор цөөнгүй ажил хийж, холбогдох албаныханд нь танилцуулж, үр дүнг нь мэдээлнэ. Хүнсний дотоодын хэрэгцээгээ хангахын зэрэгцээ экспортолч болох нь бидний эрхэм зорилго. Уг зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх арга хэмжээг шат дараатай авна” хэмээн онцоллоо.
Малын удмын сангийн үндэсний төвийн лаборатори