
МОНГОЛЫН КИНО УРЛАГИЙН 90 ЖИЛИЙН ОЙД
Соёлын гавьяат зүтгэлтэн, урлаг судлаач Д.Мягмарсүрэн
Тэртээ 1970 оны хавар сан... “Анхны алхам” киног анх үзээд тун сонин мэдрэмж төрж билээ. Урьд өмнө үзэж байсан монгол кинонуудаас зохиомж, өгүүлэмжээрээ тэс өөр... Ахуй орчин нь бодит амьдралд тун ойр, үйл явдал гээд байх юмгүй атлаа ганц майхан тойрсон өвгөчүүл, хадланчдын хоорондын харилцаа, диалог яриа нь уйдаахгүй, өөрийн эрхгүй сонирхол татаж, тэдний дунд өрнөх үйл явдал нь сэтгэл хөдөлгөсөөр уг кино төгсдөг сөн. Ямартай ч Монголын кинонд шинэ нэгэн өөрчлөлт гарлаа даа гэж бодож явлаа.
Үүнээс хойш хэдхэн жилийн дараа “Анхны алхам” киноны зохиолчтой сэтгүүлчийн хувьд уулзах завшаан тохиожбилээ. 1977 оны намар цаг байсан болов уу. Би Монголын радиогийн уран зохиол, соёлын редакцаасаа утасдаж, зохиолчтой болзоод гэрт нь очихоор болов. Тэднийх Толгойтын тэр хавийн Таван шар гэгдэх байшингуудын нэгэнд нь сууж байсан шиг санагдана. Хаалгыг нь тогшиход нүдэнд дулаахан, ялимгүй инээмсэглэсэн, зөөлөн аядуу байрын дөлгөөн сайхан хүн хаалгаа нээсэн нь Чимидийн Гомбо гуай байв.
Нэрт зохиолч, найруулагчийн анхны энэ дүр төрх сэтгэлд минь мартагдахын аргагүй мөнхөд үлдсэн юм. Хожим гурван жилийн дараа эрхэм энэ зохиолчийнхоо “Гэрлэж амжаагүй явна” киноны редактораар ажиллах хувь надад тохиож, киног бүтээх ерөнхий найруулагч Ж.Бунтар, ерөнхий зураглаач Б.Балжинням нарынхамт зураг авах газраасудлахаар гурвуулаа 1980 оны тэр нэгэн намар Дархан, Шарын голын зүг хөдөлж билээ.
Ч.ГОМБЫН ЗОХИОЛЫН ОНЦЛОГ БУЮУ КИНО УРЛАГТ ГАРСАН ШИНЭ ЭРГЭЛТ
Ч.Ойдов, Л.Ванган зэрэг жүжиг, киноны цуутай зохиолчид тэнгэрт хальснаас хойш Монголын тайз, дэлгэцийн урлагийн ертөнц зохиолын хувьд өрхийн тэргүүлэгчээ алдсан мэт өнчрөөд байж билээ. Харин 1960 оны сүүлч 1970 оны заагт “Анхны алхам” гэдэг кино гарсан нь үзэгчдийн сонирхлыг гойд татаж, улмаар Монголын кино урлагийн нэгэн шинэ содон үзэгдэл болж байв. Ганц майхан тойрсон цөөн хэдэн хүн, тэдний сэтгэлээс үзэгчид өөрсдийгөө танин мэдэж цаг үе, нийгмийн өргөн хүрээтэй асуудал, тэрчлэн хувь хүний үүрэг хариуцлагын тухай бодоход хүргэсэн уг бүтээл, чухамдаа манай үндэсний киноны зохиолд эргэлт гаргаж, уран бүтээлийн шинэчлэл авчирсан юм. Ийнхүү Монголын кино зохиолд эрс өөрчлөлт хийсэн цаад эзэн нь Чимидийн Гомбо гуай байлаа.
Тэрбээр Монголын киноны зохиолын хэвшмэл өгүүлэмж, загвар дүрийг эрс өөрчилсөн юм. Урьдах кино зохиолуудад ихэвчлэн үйл явдал тоочиж хүүрнэсэн өгүүлэмж зонхилдог байв. Харин Ч.Гомбо гуайн кино зохиолд үйл явдал бус, хүний оюун санаа, зан төрх, ахуй орчин голлох болсон, өөрөөр хэлбэл, энэ нь монгол киног хүний сэтгэлийн гүнд хандуулсан хэрэг. 1960-аад оны орчин үеийн кинонд ажиглагддаг гэнэндүү, үнэмшлээр сул баатруудыг амьдралд ойр, өөрийн гэсэн үзэл бодолтой Ч.Гомбо гуайн ухаалаг дүрүүд халсан юм. “Анхны алхам”-ын оюутан Мядагмаа (Б.Цэцэгбалжид), буриад өвгөн Базар (С.Цэрэндаш), “Моторын дуу”-ны моторчин Ганаа (Н.Батцогт), Өлзий (Д.Хишигдулам), “Хань” киноны Наран (Н.Сувд) арслан Дэндэв (С.Гэндэн) гээд бусад олон баатрыг үзэгчид халуун дотноор хүлээнавч, эдүгээ хүртэл хайртай байдаг.
Ч.Гомбо гуайн бүтээлд бас өтгөс буурал, ахмад үеийнхний алтан сургаал, тэдний үгийг сонсох асуудал чухал байр эзэлж, ер нь зохиолынх нь нэвтрэн гарах санааг тодорхойлж байдаг онцлогтой. Үүгээрээ Ч.Гомбо гуай манай үндэсний кинонд “Монгол өвгөд”-ийн тухай философи, сонирхолтой гүн санааг дэвшүүлсэн юм. “Анхны алхам” киноны өвгөн Базар (ГавьяатжүжигчинС.Цэрэндаш), “Хань” киноны арслан Дэндэв (АрдынжүжигчинС.Гэндэн), “Моторын дуу” киноны хоньчин, улсын аварга малчин (ГавьяатжүжигчинОсор), “Баянбулагийнхан” киноны буриад өвгөн, бас “Эзэнгүй айл” киноны өвгөн Гүрсэд гээд үзэгчдийн сэтгэлд хоногшиж мөнхөрсөн олон ухаалаг буурлууд бий.
Бас Ч.Гомбо гуай Монголын кино урлагт дүрсээр харж сэтгэх кино зохиолын өвөрмөц онцлогийг гаргууд нээсэн юм. Иймээс түүний зохиолын баатрууд нь олон юм ярьж нуршаад байдаггүй, харин тэдний дуугай дүр төрх, үйл хөдөлгөөн, аль эсвэл ахуй орчин, байгаль кино драматургийн уран сайхны элемент шижим болж, дүрүүдийн сэтгэлийг нээх яруу хэрэглүүр болдог. Чухам энэ нь манай кино зохиолд гарсан шинэ үзэгдэл хувьсал байлаа. Тухайлахад, “Анхны алхам” киноны хадланч залуу Болдоо (Ч.Хүрлээ) оюутан бүсгүйд сэтгэлээ илчилж нэг ч үг хэлдэггүй атлаа нууцхан хайраа шингээн “Хунгийн сийлбэр” урлаж буй түүний дүр төрх, дуугүй байдал нь киноны өвөрмөц нэгэн уянгын аяс болж байдаг. Ч.Гомбо гуай киноны дүрслэл хэлийг зохиолдоо бүтээлчээр ашиглахын үлгэрийг харуулсан бас нэг жишээг дурдахад “Анхны алхам” кинонд шувууны гурван өндөг оюутан бүсгүйн хүсэл сэтгэлийг бэлгэдсэн уран шигтгээ болж байхад “Моторын дуу” кинонд хэнд ч үл анзаарагдах боксын бээлий, аль эсвэл фото зургууд баатруудынхаа зан төрх, сэтгэлийг тодосгох дүрслэлийн өвөрмөц шийдвэрлэл болжээ. Тухайлахад, моторчин Ганаа хүүгийн бээлийгээр хоньчин өвгөн (ГавьяатжүжигчинОсор)-ий сэтгэлийн сайхныг нээж, кино зохиолынхоо хошин шог өнгө аясыг чимсэн байдаг. Гэрэл зургийн хувьд, угтаа баатруудын оюун сэтгэхүй, хоорондын харилцаа, өгүүлэмжийн өрнөл, тайлалд уран сайхны шигтгээ болж гүнзгий санааг илэрхийлдэг. Жишээлэхэд, хэдийгээр Өлзий дотроо дөлгөөн даруухан зантай Ганаа хүүг таалах авч, гагцхүү моторчин энэ залуугийн өрөөнд байх үл таних эмэгтэйн гэрэл зураг, түүний омог бардам сэтгэлийг нь хөндөж, битүү хардлага төрүүлэх шалтаг болсон байдаг. Тэгээд ч санамсаргүй тохиолдлоор ээж нь уг зургийг шүүгээн дээрээс авахад нь “...хүний үнэ цэнтэй юмаар оролдоод яахнав” гэж Өлзий охин ээждээ хэлэхэд “Зүгээр зүгээр... Миний эгчийн зураг. Болгарт сурдаг юм” гэсэн Ганаагийн хариу Өлзийгийн сэтгэлийн эргэлзээг тайлж өгдөг. Энэ мөчөөс хоёр залуу ойртон дотносож, киноны үйл явдлын нэгэн сэжим тайлагдаж өрнөдөг.
Ер нь Ч.Гомбо гуай жижиг зүйлсээр (деталь) томоохон далайцтай асуудал хөндөх, эргэцүүлж бодуулах, тэдгээрийгээ метафор, символика, уран зүйрлэл, бэлгэдэл болгож хувиргах түүний чадвар нь Монголын кино зохиолд нээлт хийсэн юм. Бөхийн зодог шуудагнаас үүдэн үндэсний зан үйл, өв уламжлалын асуудлыг “Хань” кинондоо тун хурцаар дэвшүүлсэн байдаг. Үндэсний уламжлал, бахархалд тун болгоомжтой ханддаг байсан тэр хатуу цагт энэ нь Ч.Гомбын хувьд тун зоригтой алхам байв. Орчин цагт шүүгээний нүдэндээ эхнэр хүүхний хувцастай хамт монгол эрийн хийморийн бэлгэдэл бөхийн зодог шуудгаа хүү нь хийсэн нь Дэндэв арслангийн уурыг хүргэдэг. Хүүгээ зэмлэсэн (АрдынжүжигчинС.Гэндэн) түүний ширүүн харц, уур уцаар нь ганц үрдээ төдийгүй, чухам цаад утгаараа, монгол өв соёл, үндэсний уламжлалаасаа бэргэдэг тухайн цаг үеийн нийгэмд хандсан өвгөн буурлын чин сэтгэлийнх нь бухимдал, цухалдал байлаа.
Ер нь нийгэм, амьдралаас урган гарсан хурц асуудлыг тойролгүй орчин цагийн эмзэг сэдвийг уран сайхны кинонд тусгах гарааг Ч.Гомбо гуай эхэлсэн уран бүтээлчийн нэг юм. XXI зууны босгон дээр тэрбээр өөрийн иргэнлиг үзлээ шингээсэн, мөн л нийгмийнасуудлыг хурцаар дэвшүүлсэн “Эзэнгүй айл” (1996) гэдэг зохиолоо бичсэн нь Монголын телевизийн урлагт гарсан анхны олон ангит туурвил болсон юм. Ингээд бодоход Ч.Гомбо гуайн кино урлагт оруулсан хувь нэмэр цаглашгүй юм. Баримтат кино гэхэд л “Их говийн айл” бүтээлээрээ аль 1970-аад онд бодит байдлыг уран сайхны дүрийн хэмжээнд анх удаа харуулсан. Үүгээрээ амьдралыг гоёчлон харуулах, тухайн цаг үеийн үзэл сурталжсан арга барилыг үндсээр нь халах бололцоотойг нотолсон билээ. Өөрөөр хэлбэл, баримтыг байгаагаар нь харуулж, эгэл жирийн үзэгдэл, бор амьдралын дундаас гоо сайхныг нээсэн хэрэг. Тэгээд ч Монголын их говийн жирийн нэг тэмээчний аж төрж буй байдал, байгальтайгаа ойр дотно тэдний сэтгэлийг бодитой харуулсан уг бүтээл гадаадынхны гайхал, хүндэтгэл бишрэлийг төрүүлж Олон улсын баримтат киноны их наадмын шагналыг удаа дараа хүртэж билээ. Монголын кино урлагт шинэчлэл хийж амьдралынхаа хагас зуу шахам жилийг зориулж явсан Соёлын гавьяат зүтгэлтэн Чимидийн Гомбо гуайн зохиолоор хийсэн кино бүтээлүүд үеийн үед ард түмнийхээ оюун санааг эзэмдэж, сэтгэл зүрхэнд нь үүрд мөнхжин үлдэх учиртай.
ДҮГНЭЛТ
Нэгд, Урьдах кино зохиолуудад ихэвчлэн үйл явдал тоочиж хүүрнэсэн өгүүлэмж зонхилдог байв. Харин Ч.Гомбо гуайн кино зохиолд үйл явдал бус хүний оюун санаа, зан төрх, ахуй орчин голлох болсон. Өөрөөр хэлбэл, энэ нь монгол киног хүний сэтгэлийн гүнд хандуулсан хэрэг байлаа. Үүгээрээ монгол кинонд эргэлт гаргаж, уран бүтээлийн өвөрмөц хувьсгал хийсэн юм. Тодруулахад, Ч.Гомбо гуай зохиолынхоо баатруудын хэлэх үг, харилцаа ярианы гүнзгий утга санаагаар киноны өгүүлэмж, зохиомж үйл явдлын өрнөлийг шийдвэрлэх үндэс болгосон нь Монголын кино зохиолыг мэргэжлийн шинэ түвшинд хүргэсэн хэрэг.
Хоёрт, Ч.Гомбо гуайн бүтээлд өтгөс буурал, ахмад үеийнхний алтан сургаал, тэдний үгийг сонсох асуудал чухал байр эзэлж, ер нь зохиолынх нь нэвтрэн гарах санааг тодорхойлж байдаг онцлогтой. Үүгээрээ Ч.Гомбо гуай манай үндэсний кинонд “Монгол өвгөд”-ийн тухай философи, сонирхолтой гүн санааг дэвшүүлсэн юм.
Гуравт, Ч.Гомбо гуай дүрсээр харж сэтгэх кино зохиолын өвөрмөц онцлогийг гайхалтай мэдэрч бичдэг зохиолч юм. Иймээс түүний зохиолын баатрууд нь олон юм ярьж нуршаад байдаггүй, харин тэдний гаднах дүр төрх, үйл хөдөлгөөн, аль эсвэл, ахуй орчин, байгаль кино драматургын уран сайхны элемент шижим болж дүрүүдийн сэтгэлийг нээх яруу хэрэглүүр болдог. Ингэхдээ Ч.Гомбо гуай баатруудынхаа зан төрх, дотоод сэтгэлийг уран шигтгээ (деталь), зүйрлэл (метафор), бэлгэдэл (символика), адилтгал, ёгтлол (аллегория) зэрэг яруу хэрэглүүрээр тодосгож нээдэг. Чухам энэ нь Монголын кино зохиолд гарсан шинэ үзэгдэл төдийгүй найруулагч, зураглаач, жүжигчдэд киноны дүрийн агуулга санааг баяжуулах үндэс болсон юм.
Дөрөвт, Тэрбээр жижиг зүйлсээр томоохон далайцтай асуудал хөндөх, эргэцүүлж бодуулах, тэдгээрийгээ метафор, символика, уран зүйрлэл, бэлгэдэл болгож хувиргах түүний чадвар нь Монголын кино зохиолд нээлт хийсэн юм. Бөхийн зодог шуудагнаас үүдэн Монголын үндэсний зан үйл, өв уламжлалын асуудлыг “Хань” кинондоо тун хурцаар дэвшүүлсэн байдаг. Үндэсний уламжлал, үндэсний бахархалд тун болгоомжтой ханддаг байсан тэр хатуу цагт, энэ нь Ч.Гомбын хувьд тун зоригтой алхам байв. Орчин цагийн шүүгээний нүдэндээ эхнэр хүүхний хувцастай хамт монгол эрийн хийморийн бэлгэдэл бөхийн зодог шуудгаа хүү нь хийсэн нь Дэндэв арслангийн уурыг хүргэн, хүүгээ зэмлэсэн түүний ширүүн харц, уур уцаар нь ганц үрдээ төдийгүй монгол өв соёл, үндэсний уламжлалаасаа бэргэдэг тухайн цаг үеийн нийгэмд хандсан өвгөн буурлын чин сэтгэлийнх нь бухимдал, цухалдал байлаа.
Тавд, Ер нь нийгэм, амьдралаас урган гарсан хурц асуудлыг тойролгүй орчин цагийн эмзэг сэдвийг уран сайхны кинонд тусгах анхны гарааг Ч.Гомбо эхэлсэн гэлтэй. XXI зууны босгон дээр тэрбээр өөрийн иргэнлиг үзлээ шингээсэн, мөн л нийгмийг асуудлыг хурцаар дэвшүүлсэн “Эзэнгүй айл” зохиолоо бичсэн нь Монголын телевизийн урлагт гарсан анхны олон ангит туурвил болсон юм.
Зургаад, Ч.Гомбо гуайн Монголын кино урлагт оруулсан хувь нэмэр цаглашгүй юм. Уран сайхны бүтээлүүдээс гадна түүний “Их говийн айл” хэмээх баримтат кино нь бодит байдлыг уран сайхны дүрийн хэмжээнд анх удаа нээсэн байдаг. Үүгээрээ амьдралыг гоёчлон харуулах, тухайн цаг үеийн үзэл сурталжсан арга барилыг үндсээр нь халах бололцоотойг нотолсон. Өөрөө хэлбэл, баримтыг байгаагаар нь харуулж, эгэл жирийн үзэгдэл, бор амьдралын дундаас гоо сайхныг нээсэн хэрэг.