Тайландын Бангкок хотод үргэлжилж буй жиү жицүгийн ДАШТ мастерс ангиллынхны барилдаанаар эхлэв. Монгол Улсын багаас M4 ангиллын 62 кг-ын жинд “Miners jiujutsu” академийн тамирчин Л.Болд түрүүлж, аварга боллоо. Түүний амжилтыг буухиалж тус ангилалд “Ид шидийн орон”, “Magic 13” академийн Б.Энхтүвшин дэд байр эзэлж, дэлхийн дэвжээнээс зургаа дахь медалиа хүртжээ. M1 ангилалд 62 кг-д хүч сорьсон Б.Бат-Эрдэнэ (“Мондэ” академи), 85 кг-д М.Мөнхтулга (“Гаруда” академи), 94 кг-д Т.Нэмэхбаяр мөнгөн медаль гардлаа. Тэгвэл мастерс 1 ангилалд өрсөлдсөн Г.Аварзэд (“Ralph Gracie Mongolia”) файтанг төрөлд тэргүүлж, неваза төрөлд хүрэл медаль зүүсэн юм. Эмэгтэйчүүдээс 70 кг-д зодоглосон “Thunder BJJ” академийн Б.Хулан Казакстаны тамирчинд оноогоор ялагдаж, дагах барилдаанд Энэтхэг, ОХУ, Филлипиний тамирчдыг ялж, хошой хүрэл медальтан болжээ. Манай улсын багаас хоёр тамирчин57 кг-д хүч үзсэн нь ОУХМ Г.Монголжин, Б.Наранхишиг нар байв. Энэ удаа Г.Монголжин (“Гаруда” академи) дагах барилдаанд Филиппин, Туркменистан, Франц, АНЭУ-ын тамирчныг ялсан ч хүрэл медалийн төлөө Францын тамирчинд идэвхийн оноогоор ялагдаж V, Б.Наранхишиг (МУБИС-ийн JUMP академи) мөн дагах барилдаанд Хонконгийн хоёр тамирчныг цэвэр ялж, ОХУ-ынхад оноогоор хожигдон VII байрт шалгарчээ.