УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар хэвлэлд мэдээлэл өглөө. Тэрбээр, "Намайг хэвлэл мэдээллээр маш олон зүйл дээр гүтэгсэн мэдээлэл тархсан байна лээ. Үүний нэг нь Монгол хаантай холбоотой асуудал. Хэрэв Монгол хаантай холбоотой данс руу нэг доллар орсон байх нь тогтоогдвол би хариуцлага хүлээхэд бэлэн.
Дараагийн нэг асуудал нь миний хүүгийн цүнхтэй холбоотой асуудлыг хууль шүүхийн байгууллагаар тогтоогдсон. Үйл явц бужигнаж байх тухайн үед л АТГ бичгээ ирүүлчихсэн. Тэр нь веб сайтад нь тавигдчихсан. Наадам дөхчихсөн байсан учир харамсалтай нь нийгэм анхаараагүй. Нэг цүнх, бөгж авч өгсөн асуудал ингэтлээ их улстөржсөн. Улстөрийн үйл явцын өрнөл дөхөөд ирэхээр янз бүрийн асуудал гардаг. Эргээд хөөс нь буухаар ихэнх нь худал байдаг. Цүнхтэй холбоотой асуудлыг АТГ шалгаад нотолчихсон. Миний хүү цүнх авч өгөөгүй гэдэг нь тогтоогдсон. Ийм асуудлаар хариуцлага тооцно гэвэл монгол их л олон хүний араас явах жишиг тогтоно. Өнөөдөр харамсалтай нь тэр дүгнэлтийг харж, мэдээлэхгүй байгаа нь сонин. Компанитай холбоотой асуудлыг тайлан дээрээс харж болно.
Улс төрийн өнцөг янз бүрээр харагддаг. Уг нь бид ард түмэнд амалсан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд явах ёстой. Нам доторх асуудлаа шийдээд цааш явах бүрэн боломжтой" гэх мэдээллийг өглөө.