Эх орныхоо өдөр болгоны түүхийг бичдэг үндэсний хэмжээний өдөр тутмын сонингүй улс дэлхийд байхгүй л болов уу. Их хот “амь орж”, хөл хөдөлгөөн эхлэхтэй зэрэгцэн аяга кофе уунгаа сонин гарчиглаж, сэтгүүлч, редакцын хөлс хүч, хөдөлмөр шингэсэн даацтай мэдээ, нийтлэлүүдийг уншин өглөөг угтах нь орчин үеийн хүний амьдралын хэв маяг, хэвлэл мэдээллийн боловсролын илрэл билээ. Парисын гудамжинд өглөө бүр “Le Monde”, “Le Figaro” сониноо гартаа барьсан хүмүүс ажил руугаа яарч, Лондоны метроны буудал бүрийн дэргэд “The Times”, “The Guardian”-ийг тэвхийтэл өрөөд борлуулж байсан нь ердөө хэдхэн жилийн өмнө. Харамсалтай нь, олон нийтийн цахим сүлжээ, онлайн платформын хэрэглээ үсрэнгүй хөгжиж, хүн бүр мэдээллийг хурдан шуурхай түгээгч байх боломжтой болсон энэ үед цаасан хэвлэлээс мэдээлэл авах, унших соёл дэлхий дахинаа улам бүр хумигдсаар байна.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч До.Цэнджав нэгэн ярилцлагадаа “Сэтгүүл зүйн хөгжилд цаасан хэвлэл, сонин олон талын ач холбогдолтой. Тухайн улс орон хийгээд хүн ардын түүх, соёл, урлаг гээд бүх салбарын намтрыг цагаан цаасан дээр барлаж үлдээн орон орны түүхийг бичдэг “амьд” сэтгүүл зүй юм” гэсэн бол Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Саруулбуян “Цаасан хэвлэл маш үнэ цэнтэй. Өнөөдөр бүх “юм” цахимжиж буй ч нэг л өдөр устаж, үгүй болбол яах вэ. Цахим хаяг устлаа, мэдээлэл устжээ л гэдэг шүү дээ. Ийм орчинд архив үүсэхгүй, үлдэхгүй. Тиймээс цаасан хэвлэл үнэ цэнээ хэзээ ч алдахгүй. Өдгөө гадаадын улс орнууд цаасан хэвлэлийг бичгийн эх сурвалж хэмээн албан ёсоор авч үзэх болжээ. Цахим орчин, сошиалыг эх сурвалжид тооцдоггүй, тооцох ч үгүй. Техник, технологийн дэвшил, цахим орчны ололт мэдээж олон нийтэд хэрэгтэй. Гэхдээ цаасан хэвлэл бол түүхийн гэрч, архив, эх сурвалж болон үлддэг. Үүнийг бид мартаж болохгүй. Сонины үнэ цэнийг өндөрт өргөж, дэмжиж, мэдээ, баримтаа яаж үлдээх вэ гэдгээ бид бодох ёстой. Сониныг авч үлдэхийн тулд түүнд тохирсон бодлого боловсруулан хуульчилж, төр засгаас онцгой анхаарах хэрэгтэй” хэмээжээ.
Сонин унших соёлын цаана тухайн ард түмний мэдээлэл хүлээн авах хандлага, хэрэгцээ, уншиж, бодох сэтгэлгээний цар хүрээ оршихын зэрэгцээ мэргэжлийн редакц, редакторын “гараар дамжин” уншигчдад хүрч буй мэдээ, нийтлэлийн чанар, үнэ цэн бий. Үүнийг дэлгэрүүлэхээс урьтаж таны өмнөө дэлгэсэн цаасан сонин хэрхэн бүтдэгийг тайлбарлах нь зүй. Өглөө бүр эрхлэгч, албаны дарга, сэтгүүлч, сурвалжлагчид редакцын өрөөндөө цуглаад тухайн өдөр ямар шинэ содон үйл явдал, халуун сэдэв буйгаа дугаар удирдагч, эрхлэгчдээ танилцуулна. Энэ нь зарим хүний хувьд өөрийн мэдээ, сэдвээ дугаарт багтаах их хүсэл ундарсан өрсөлдөөнтэй үе ч байж болох юм. Эдгээр олон янзын мэдээнээс редакцын нийтлэлийн бодлогодоо нийцэх төдийгүй ач холбогдолтой сэдвийг нь “шигшээд” сониныхоо дугаарт багтаадаг. Сонины газрын бодлого, үйл ажиллагаа, хэтийн төлөвийг тодорхойлж, агуулга, үзэмжийг сайжруулах, ажилтнуудынхаа мэргэжлийн ур чадвар, мэдлэгт анхаарах үүрэг ерөнхий эрхлэгчид оногддог. Харин хариуцлагатай нарийн бичгийн дарга редактор, хянагч болон сэтгүүлчдээ өдөр тутмын удирдлагаар хангана. “Өнөөдөр” сонины үүсгэн байгуулагч Ц.Балдорж агсан нэгэн ярилцлагадаа “Би заримдаа өглөөний шуурхайд очдог, заримдаа очдоггүй л дээ. Өглөөний ярианд очих бүрдээ сэтгүүлчдээс “За өнөөдөр ямар сонин байна” гэхэд “Тэнд хэвлэлийн хурал болно, энд Ерөнхийлөгч очно” гэдэг. Найзууд аа, Монголын амьдрал ингээд л дуусчхаж байгаа юм уу. Амьдрал өрнөж, хүмүүс дурлаж, зовж, жаргаж байна. Яагаад үүнийг хардаггүй юм бэ. Та нар яваач, сэтгүүлч хүн хөлөөрөө хоолоо олж иддэг юм” гэж загнадаг” хэмээснийг энд дурдах нь зөв.
Өглөөний шуурхайн хамгийн гоё, бас хамгийн айдас төрүүлэм нь урьд өдрийнхөө дугаарын алдаа оноог хэлэлцдэг нь. Мэдээ, нийтлэлийнхээ тухай бусдын байр суурийг сонсож, шүүмжлүүлэх нь сэтгүүлч, сурвалжлагчид уншигчдадаа мэдээ, мэдээлэл хүргэхдээ хариуцлагатай хандаж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх боломж. Ингээд мэдээ, сэдвээ авсан хүмүүс тал тал тийшээ гарч одон үдээс хойшцуглаад компьютерын гараа тачигнуулж гарна. Мөн зөвхөн сониныхны ойлгох “хэлээр” ярилцана. Сонины зай талбай бага, нэгэнт хэвлэх үйлдвэр рүү илгээсэн бол буцаах боломжгүй, яг тэр чигээрээ сонинд гарах тул сэтгүүлчид бичлэгтээ анхнаасаа хариуцлагатай, нямбай хандах хэрэгтэй. Бичсэн материалаа редактор, дугаарын удирдагчид уншуулж, эцсийн бүтээл болтол нь ариутган шүүдэг. Товчхондоо, таны өмнөө дэлгэсэн сонин ийм замыг туулж олонтүмэндхүрдэг байх нь.

Хэвлэл мэдээллийн байгууллага толгойлж буй нэгэн залуухан сэтгүүлч “Сонин бол улс орны түүх. Гэхдээ сонины захиалагчид гол төлөв түүнээ уншиж дадсан ахмадууд байх нь элбэг шүү дээ. Бид ирээдүйн уншигчдаа бэлдэхийн тулд сонин, цаасан хэвлэл бол хуучинсаг бус, “күүл” зүйл гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Ийм дүр төрх үүсгэх ёстой” гэж байв. Хэвлэлийн хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Монголын хэвлэл мэдээлэл-Өнөөдөр” судалгааны тайланд дурдсанчлан 2023 оны байдлаар Монгол Улсад тогтмол үйл ажиллагаа явуулсан хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо 434 байсан бол өнгөрсөн оныхоор 389 болж буурсан байх жишээтэй. Тэр дундаа тогтмол үйл ажиллагаатай сонины редакц гарын таван хуруунд багтахаар болсон нь ч нууц биш. Сонины түгээлт, борлуулалт тогтмол буурч буй нь олон жишээнээс бэлхнээ харагддаг. Тухайлбал, 2020 онд өдөр тутмын сонинууд 11 сая орчим борлогдсон бол үүнээс ердөө дөрвөн жилийн дараа 6.8 сая болж даруй хоёр дахин багассанбайна. Энэ нь арван жилийн өмнөхтэй харьцуулахад 62, таван жилийн өмнөхтэй харьцуулахад 37 хувиар хасагдсан үзүүлэлт юм. Нийт орон даяар түгээсэн сонины зах зээлд эзлэх хувь хэмжээ 2023 онтой харьцуулахад 13, салбарын хэмжээнд түгээсэн сонины хувь хэмжээ дөрвөн хувиар тус тус буурчээ. Тэр байтугай Япон, АНУ, ХБНГУ, БНФУ зэрэг сонгодог цаасан хэвлэлийн арвин түүх, хөгжилтэй оронд өдөр тутмын сонины уншигчдын тоо аажим аажмаар хумигдаж буйг хэвлэл мэдээллийн судалгааны байгууллагууд мэдэгдэхболсон.
Хүмүүс сонин дэлгэхийн оронд гар утсаараа мэдээллийн хуудас руу хандаж, богино формат бүхий контентоос мэдээлэл авч, үйл явдлыг илүү хялбараар ойлгох эрмэлзэлтэй болжээ. Үүнийг даган хуурамч, баталгаагүй, эх сурвалжгүй мэдээлэл олширч буй нь олон талаас шүүн тунгаасан, мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлийн үнэ цэн, улмаар тогтмол хэвлэл унших соёлын ач холбогдлыг нэмэгдүүлж байгаагэж харж болохоор. Тогтмол үйл ажиллагаатай редакцын тоо, сонины уншигчид буурч байгааг цахим сүлжээ, онлайн платформын хэрэглээтэй холбон тайлбарлаж болох ч үүний цаана санхүүгийн бие даасан байдал, нийгмийн хандлага, соёл, төрийн аливаа албадлага, арга хэмжээ нөлөөлж буйг ч сануулах нь зөв юм. Монголд өдөр тутам гарч буй цаасан сонины нэг хувь нь 2000-5000 төгрөгийн хооронд буюу нэг ам.доллар хүрэхгүй үнэтэй. Захиалагчдын тоо багассан энэ үед ийм хэмжээний мөнгөн дүнгээр сониноо борлуулж буй бол редакцын үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхэд нэн бэрх. Үүнд нөлөөлж буй чамгүй олон хүчин зүйл бий.
Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж, талбай, явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан 1000 гаруй ТҮЦ-ийг буулгаж, талбайг чөлөөлөх нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Гэвч уг ажлын хөлд сонин борлуулдаг цэгүүд “үрэгдсэн”. Иргэд хаанаас сонин авахаа мэдэхгүй, мэдэн будилж явна. Уг нь өглөө бүр борлуулагчид биржээс сониноо аваад цэгүүдэд тарааж, захиалагчдадаа хүргэдэг. Дээрхтүрэмгийллийн хөлд “үрэгдсэн” сонин борлуулах цэгүүдийг хэрхэх тухай нийслэлийнЗДТГ-ынхнаас тодруулахад тоймтой хариу өгөөгүй. Ингээд 1.6 сая орчим хүн амтай Улаанбаатар хотынхон сонин авах тодорхой цэггүй бэдэрч байна.
Сонин унших соёлтой орнууд өдөр тутмын хэвлэлээ мэдээллийн дархлаа, улс үндэстний өв тээгч хэмээн хардаг. Гэтэл манай улсад бүх юм эсрэгээрээ. Төр засаг нь хэмнэлтээ хэвлэлээс эхэлж, төрийн бүх шатны байгууллага, нийтийн албанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахаар Төрийн хэмнэлтийн хууль гэгчийг баталсан гэж байгаа. Нэгэн сэтгүүлч нүүр номдоо “Монгол Улсын бүтэн зуун жилийн хөгжлийг бичилцэж буй сэтгүүл зүйн салбарын хамгийн гайхамшигтай ололт болсон чөлөөт хэвлэл, монголчууд бидний оюун санааны амьдралд гарсан асар том боломж, давуу тал гэдгийг харуулсан өдөр тутмын сониныг гар утасны зардал, амралт сувилал хэмээх аар саархан зүйлтэй жишиж үзэж буй гүйцэтгэх засаглал, ардчилсан парламент байна гэдэгт итгэмгүй. Тэгсэн хэр нь яам, агентлагийн төсвийг жинхэнэ үрэн таран хийдэг төрөлжсөн хэвлэл захиалга хамаарахгүй гэдэг заалтаа “хавчуулчихсан”. Үнэндээ асар бүдүүлэг гэхээс өөрөөр зүйрлэх үг олдохгүй байна. Ардчиллын амин сүнс болсон чөлөөт хэвлэлийг ялгаварлан гадуурхаж, хааж хавчсан нь хожим ямар хортойг хууль тогтоогчид гадарлана гэж найдаж байна. Олон түмнийг сэрээж, сэхээрүүлж, сэтгэлд нь хурсан айдас хүйдсээс салгаж, ардчиллын үзэл санааг түгээн дэлгэрүүлэгч чөлөөт хэвлэлийг хязгаарласнаараа архиваа устгаж буйтай агаар нэг” гэсэн юм. Түүнчлэн манай улсын шуудангийн үйлчилгээ иргэдэд хүртээмжгүй зэрэг өдөр тутмын сонинуудын хөгжлийг “чөдөрлөсөн” олон хязгаарлалт бодитоор байгаа юм.
Сонин унших соёлоор дамжуулан нийгэм мэдээлэлжиж, хэрсүү иргэд төлөвшдөгийг энд дурдъя. Цахим орчны завсар зайгүй түрлэгт “урсах” бус, мэдээллийг олон талын өнцгөөс дүн шинжилсэн, мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлийн орон зай, сонин унших соёл манайд дутагдаж байх шиг.
Д.Хэрлэн