Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүн амын сантай хамтран Хүн төвтэй хөгжил: Говийн бүсийн хүн амын тогтвортой бодлого боловсруулснаа мэдээллээ. Бүсийн хүн ам зүйн судалгаанд үндэслэн боловсруулсан уг бодлогын баримт бичгийг говийн аймгуудын ИТХ-ындарга, Засаг дарга, холбогдох яам, агентлаг, Элчин сайдын яамд, олон улсын хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагынхнаар хэлэлцүүлсэн юм.
Говийн бүсийг аж үйлдвэрийн төрөлжсөн бөгөөд ногоон эрчим хүчний дэд төв болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд бүсийн хүн ам зүйн бодлогыг хэрэгжүүлэх нь онцгой ач холбогдолтойг албаныхан онцоллоо. Сүүлийн жилүүдэд говийн бүсийн хүн амын өсөлт саарч, төрөлтийн түвшин эрчимтэй буурч буй нь гэр бүл төлөвлөлтийг дэмжих, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах шаардлагатайг харуулж байна гэж тэд мөн хэлсэн. Түүнчлэн бүс доторх шилжилт хөдөлгөөний чиглэл, бүтэц харилцан адилгүй байгаа аж. Жишээлбэл, Өмнөговь аймагт ажиллах хүчний олонхы гэрчүүд эзэлдэг бол Дунд говьд эмэгтэйчүүдийн шилжилт хөдөлгөөн өндөр байна. Иймд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, амьжиргааны шинэ эх үүсвэрбий болгох бодлого хэрэгжүүлэх замаар хүн амын шилжилт хөдөлгөөнийг бууруулах боломжтойг холбогдох судалгаагаар баталжээ.
Говийн бүсийн хүн амын цогц бодлогыг эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, дэд бүтэц, уул уурхай, байгаль орчныг хамруулан хэрэгжүүлэх ба аймгууд эдгээр салбарын уялдаа холбоог хангаж, дунд хугацааны хөтөлбөртөө тусгахаар болжээ.
О.Ундрах