Улс төсвийг хэлэлцэн, батална гэдгийг энгийнээр хэлбэл нэгэн айл өрх ирэх жилд олох бүх орлогоо тооцон, хэнд, ямар ажил хийхэд хэдэн төгрөг зарцуулах, аль өр төлбөрөө барагдуулах, юу худалдаж авах, хаана хөрөнгө оруулах вэ гэх мэтээр хуваарилна гэсэн үг. Орлогын зарцуулалтыг гаргахдаа эрэмбэлэн, нэн тэргүүнд шаардлагатай зүйлсэд хөрөнгө зарахыг хичээх нь зүй. Мөн шинээр худалдан авах зүйлс нь урт хугацаанд өгөөжтэй, амьдралын чанарыг нь дээшлүүлж, эрүүл саруул, урт наслуулахад хэрэгтэй байвал зохих нь мэдээж.
Боловсрол, эрүүл мэнддээ анхаардаггүй, өвлийн хүйтэнд хүүхэд нь дулаан хувцасгүй, зуухаа галлах түлээгүй байж аав, ээж нь өндөр үнэтэй гар утас худалдан авдаг, автомашинаа сайжруулдаг тийм хөнгөн, үрэлгэн байж болохгүй. Тэгвэл энэдэлхийннэгэн өрх айл буюу манай улс ирэх онд 31.6 орчим их наяд төгрөгийн орлого олно гэж тооцсон нь таван жилийн өмнөхөөс даруй 20 их наядаар өссөн дүн гэдгийг “Нээлттэй нийгэм форум”-аас өчигдөр зохион байгуулсан “Монгол Улсын 2026 оны төсвийн төлөвлөлт хэлэлцүүлэг”-ийн үеэр дурдлаа. Хэлэлцүүлэгт Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Сангийн яамны мэргэжилтнүүд болон эдийн засагч, судлаачид оролцсон юм.
Өнгөрсөн таван жилд улсын нэгдсэн төсвийн урсгал зардлын жилийн дундаж өсөлт 26.2, ДНБ-ий өсөлт 17 орчим хувь байжээ. Ийм өсөлт цааш үргэлжилбэл ирэх гурван жилд, онцолбол 2028 онд урсгал зардлын ДНБ-д эзлэх хувь 30-аас хэтэрч, эдийн засагт эрсдэл дагуулах аж. Экспортын голлох эрдэс бүтээгдэхүүнүүдийн үнийг өндөр, хэт өөдрөг төсөөлж, орлогоо өсгөн, төсвөө тооцдог дутагдал байсаар ирснийг хэлэлцүүлэгт оролцогчид тэмдэглэсэн. Түүнчлэн 2026 онд төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 2.26 их наяд төгрөгийн өртөгтэй, 1.09 их наяд төгрөгийн санхүүжилттэй 149 төсөл, арга хэмжээ шинээр хэрэгжүүлэхээр тусгажээ. Энэ нь 2025 оныхоос 43-аар нэмэгдсэн, тухайн оны санхүүжилт нь 99.8 тэрбум төгрөгөөр өссөн дүн гэнэ.
Шинээр хэрэгжих төсөл, арга хэмжээний нийт төсвийн 69.7 хувь барилга, байгууламжид, 23.1 нь тоног төхөөрөмжид, 3.4 нь их засварт, 2.3 нь ТЭЗҮ-д, 1.4 нь цахим системд ногджээ. Нийт санхүүжилтийн 46.7 хувийг барилга, байгууламжид, 44.4-ийг нь тоног төхөөрөмжид, 3.8- ыг нь их засварт, дөрвийг нь ТЭЗҮ-д, 1.1-ийг нь цахим системд зарцуулах гэнэ. Барилга, байгууламжийн төсөвт өртөг ба санхүүжилтийн дүнгээр авто зам, эмнэлгийн байр, хурал зохион байгуулахтай холбоотой барилгын төслүүд тэргүүлжээ. Шинээр хэрэгжих төсөл, арга хэмжээний санхүүжилтийн дийлэнхийг Улаанбаатарт зарцуулах бол дүүргүүдэд харилцан адилгүй байдлаар хуваарилжээ. Тодруулбал, Баянзүрх, Сонгинохайрханд төсөвт өртөг ба санхүүжих дүн хамгийн өндөр байна. Улмаар нийт төсөвт өртөг ба санхүүжүүлэх хөрөнгийн хэмжээгээр Ховд, Өмнөговь, Хөвсгөл аймгууд тэргүүлж буй бол Төв, Дархан-Уулд хамгийн бага хөрөнгө зарцуулах нь. Зам тээврийн болон Эрүүл мэнд, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нар ирэх оны төсвөөс хамгийн их “мөнгө авч”, шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээгээ санхүүжүүлэх аж.
Шинээр хэрэгжих төсөл, арга хэмжээний 87.9 хувь нь улсын хөгжлийн төлөвлөгөөтэй уялдсан бол хөгжлийн төлөвлөгөөтэй уялдаагүй 315 тэрбум төгрөг бүхий, 76.9 тэрбум төгрөгийн санхүүжилттэй 18 төсөл, арга хэмжээ байгааг дээрх хэлэлцүүлэгт оролцсон эдийн засагч, судлаач Д.Баярмаа онцоллоо. Тэрбээр “Шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний эрэмбийг зөв тогтоох, чухлын дарааллаар санхүүжүүлэх шаардлага үргэлж байсаар ирлээ. Улсын төсвийг юуны түрүүнд эрүүл мэнд, боловсрол, батлан хамгаалах салбарт зарцуулж, хүн амаа эрүүл, мэдлэг боловсролтой, аюулгүй, таатай орчинд амьдруулах шаардлагатайг бүгд мэднэ. Гэсэн ч төсвийн хөрөнгийг үргүй зарцуулах, төдийлөн чухал биш барилга, байгууламж, зам, гүүрийн ажилд хөрөнгө төсөвлөх нь нэмэгдсэн. Мөн ирэх онд шинээр хэрэгжих төсөл, арга хэмжээний 50 хувь буюу 75 төсөл, арга хэмжээ нь хуульд заасан санхүүжилтийн шаардлагыг хангахгүй байгаа юм. Ер нь санхүүжилт татахаар дэвшүүлж буй бүх төсөл, хөтөлбөр, арга хэмжээг нэгбүрчлэн хянах, нягтлах “хар ажлыг” яамд, аймгууд, төрийн өмчит үйлдвэрийн газрууд тус бүрдээхийх хэрэгтэй. Ингэсний дараа эцсийн байдлаар Сангийн яаманд хүргүүлбэл зохино” хэмээв.
Ирэх оны төсвөөс хамгийн их хөрөнгө шаардлагатай төсөл нь “Хавдар судлалын үндэсний төв-II” цогцолборын A, C блокийн барилга, гадна шугам сүлжээний ажил бөгөөд нийт 234.2 тэрбум төгрөг зарцуулна гэв. Үүний дараа Улаанбаатар-Мандалговь чиглэл, Хөшигийн хөндийгөөс Архивчдын гудамж хүртэлх замын өргөтгөлд нийт 170.9 тэрбум төгрөг төсөвлөжээ. Харин НҮБ-ын суурь конвенцийн XVII бага хурал зохион байгуулахтай холбоотой барилга байгууламж барихад 150 тэрбумыг төсөвлөжээ.
2026 онд уул уурхай, аж үйлдвэрийн салбаруудын ашигт ажиллагаа сайжирч, эдийн засгийн өсөлт 5.7 хувьд хүрэхээр байгаа аж. Тухайлбал, “Алт-3” хөтөлбөрийн хүрээнд шороон ордуудын олборлолтыг нэмэхийн зэрэгцээ нүүрс, зэс, төмрийн хүдрийн олборлолт өндөр хэвээр байж, уул уурхайн салбарын өсөлт 12 орчим хувьд хүрнэ гэж таамаглажээ. Хөдөө аж ахуйн салбарт “Атар-IV”, “Цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлж үр тариа, хураасан ургацын үйлдвэрлэлийг өсгөхийн зэрэгцээ, мах, гурилын үйлдвэрлэл, ноос, ноолуурын боловсруулалтыг дээшлүүлж, боловсруулах салбарт ахиц гарганахэмээнөөдрөгөөртөсөөлж. Түүнчлэн, ирэх онуудад хэрэгжих томоохон төслүүд эдийн засгийн өсөлтийг дунд хугацаанд тогтвортой хадгалах хөшүүрэг болох аж. Тухайлбал, “Эрдэнэбүрэнгийн УЦС”, “Газрын тос боловсруулах үйлдвэр”, “Дулааны III цахилгаан станц”-ын өргөтгөл, Улаанбаатар-Шинэ Хархорум хот чиглэлийн авто замын өргөтгөл шинэчлэл, “Зэс хайлуулах үйлдвэр”, “Гангийн үйлдвэр”, “Нүүрс-химийн цогцолбор”, “Туулын хурдны зам”, “Сэлбэ дэд төв” зэрэг бүтээн байгуулалтын төслүүд нь барилга, боловсруулах салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, өсөлтийг дэмжинэ гэлээ. Эдгээрт зарцуулж буй хөрөнгө үр өгөөжтэй, улсын эдийн засгийн хөгжлийг дэмжсэн, иргэдийн амьжиргаанд сайнаар нөлөөлөхүйц байх аж.
Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний долоон сарын байдлаар 14.2 тэрбум ам.долларт хүрч, худалдааны тэнцэл 1.3 тэрбум “ногоон”-ы ашигтай гарсан. Экспортын орлого дээрх хугацаанд 7.8 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 16.3 хувиар багассан нь дэлхийн зах зээлд нүүрс, төмрийн хүдрийн үнэ буурсантай холбоотойг Сангийн яамны төлөөлөл хэлсэн. Ирэх он гэхэд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулах, Тавантолгой-Ханги чиглэлийн төмөр замын тээврийн зохион байгуулалтыг сайжруулах, Оюутолгойн гүний уурхайн зэсийн баяжмал дахь цэвэр зэс, алтны агууламжийг нэмэгдүүлэх хүлээлттэй холбоотойгоор 2025 оныэцэстэкспортын орлого 15.8 тэрбум ам.долларт хүрэх боломж бий аж. Төмөр замын суурь дэд бүтцийг сайжруулж, Гашуунсухайт, Шивээхүрэн болон Ханги боомтын тээврийг ашигтай зохион байгуулж, зэсийн агууламжийг өсгөх болон алтны олборлолтыг дэмжих арга хэмжээнүүдийн нөлөөгөөр 2026 онд экспортын нийт орлого 16.6 тэрбум ам.долларт хүрэх магадлалтайг Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын илтгэлд дурдлаа. Мөн энэ удаагийн төсвийн төсөлд иргэдийн саналыг авсан бөгөөд 17 000 гаруй иргэн, 1068 төслийн санал ирүүлснийг харгалзан үзэж, төсвийн төслийг боловсруулсан юм байна.
Дээр дурдсанчлан ирэх оны улсын төсвийн нэгдсэн орлогыг 30 их наяд төгрөгөөс давна хэмээн тооцсон нь таван жилийн өмнөхөөс бараг гурав дахин өссөн дүн. Уг нь орлого сайжрах тусам улс орны эдийн засгийн бүтээмж өсөн, иргэдийн амьжиргаа дээрдэх учиртай. Гэтэл сүүлийн таван жилд бидний амьдралын чанарт мэдэгдэхүйц ахиц гарсан гэж хэлэхэд хэцүү.
С.Цэрэндулам