ХЭҮК-ынхон цахилгаан дугуй, скүүтер болон мотоциклтой холбоотой ослоос урьдчилан сэргийлэх, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах зорилгоор “Хавраас хамтдаа аюулгүй зорчъё” аяныг өчигдөр эхлүүллээ.
Энэ талаар ХЭҮК-ын Хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Х.Цэцгээ “Бид цахилгаан тээврийн хэрэгсэлтэй холбоотой осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хавраас хамтдаа аюулгүй зорчъё” аяныг эхлүүллээ. Мөн мотоциклтой холбоотой осол, гэмтэлд насанд хүрээгүй хүүхдүүд ихээр өртөж байна. Уг нь мотоциклыг А ангиллын зэрэгтэй 18-аас дээш насныхан унах ёстой. Гэтэл үүнээс доош насны 822 хүүхэд 2024 онд мотоцикл унасны улмаас бэртэж, гэмтжээ. Эцэг, эхчүүд ч насанд хүрээгүй хүүхдэдээ мопед, суррон авч өгч унуулдаг болсон. Мөн дүрэм журмын хэрэгжилт хангалтгүй. Суррон, мопедод хурдны хязгаар тогтоох нь чухал. Түүнчлэн хариуцлагын тогтолцоог сайжруулж, зорчих хэсгийг тодорхой болгох зэргээр нэмэлт өөрчлөлт хийх шаардлагатай. Үүнээс гадна мопед, скүүтер түрээсийн үйлчилгээ эрхэлж байгаа компаниудад зогсоолын бүсийг тогтоож, насанд хүрээгүй хүүхдэд энэ төрлийн тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх хэрэгтэй” гэв.
Скүүтер болон цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахыг энэ сарын 20-ноос ирэх оны дөрөвдүгээр сарын 10 хүртэл хориглосон. 2024 оны байдлаар үүнтэй холбоотой нийт 4844 осол, гэмтэл бүртгэгдсэн байна. Харин энэ оны эхний долоон сарын байдлаар осол, гэмтэл 6453 болж нэмэгджээ. Насны бүлгээр нь авч үзвэл 2024 онд 18-аас доош насны 3436 хүүхэд скүүтер, мопед, суррон унаж байгаад осолдон ГССҮТ-д очсон аж.
У.Сүрэн