
2010 онд БАЛДОРЖ шагналын гранприг “Өнөөдөр” сонины Эрэн сурвалжлах мэдээллийн албаны дарга Д.Оюун-Эрдэнэ “Хөшөөтийг хөшигний ард нуух сонирхол”, “Далай ээж маань дахиад цаазын тавцанд” цуврал нийтлэлээрээ хүртсэн юм.
Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр. Монгол Улсад мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлүүдийг дэмжин урамшуулах, сэтгүүл зүйн судлал, шүүмжийг хөгжүүлэх зорилгоор нэрт сэтгүүлч, зохиолч Цэрэндоржийн Балдоржийн дурсгалд зориулсан БАЛДОРЖ шагнал бий болгох санаачилгыг 2008 онд “Балдорж” сангийн удирдах зөвлөлөөс гаргаж, анхны жил зөвхөн сонины сэтгүүлчдийн дунд энэхүү шалгаруулалт явагдсан түүхтэй. Хоёр дахь жилээс нь телевиз, радио, сэтгүүл, сайт гээд сэтгүүл зүйн өргөн уудам талбарт өөр өөрийн чиглэлээр бүтээн туурвиж буй бүхий л сэтгүүлчдийг хамардаг болж, жилд дунджаар 120 гаруй хүн 200 орчим бүтээлээ ирүүлэн, ур чадвараа сорьдог байв.
Шагналын сан төдийгүй нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээгээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, Монголын “Пулитцер” гэгддэг байсан БАЛДОРЖ шагналын 10 жилийн түүхэн дэх шилдэг бүтээлүүдийг “Өнөөдөр” сонин цувралаар уншигчдадаа хүргэжбуйбилээ. 2010 онд хоёр дахь удаагийн БАЛДОРЖ шагналын шилдгүүдийг тодруулахад “Өнөөдөр” сонины Эрэн сурвалжлах мэдээллийн албаны дарга Дэшигрэнцэнгийн Оюун-Эрдэнэ “Хөшөөтийг хөшигний ард нуух сонирхол”, “Далай ээж маань дахиад цаазын тавцанд” цуврал нийтлэлээрээ гранпри хүртсэн юм. 2010-аад оны Монголын нийгэмд ямар асуудал тулгамдаж байв, өдгөө дээрдэж өөрчлөгдсөн үү, эсвэл бахь байдгаараа байна уу гэдгийг та бүхэн эндээс тольдох боломжтой
Монголын баруун хязгаарын Хөшөөтийн нүүрсний ордыг эзэмшиж буй “Mongolian energy corporation”-ын хувьцаа олон улсын захад цахиур хагалж байна. Сүүлийн буюу энэ сарын 2-ны өдрийн ханшаар манай Хөшөөтийн нүүрсний ордыг эзэмшиж буй тус компанийн хувьцааны ханш 2.75 хонконг долларт хүрэв. Хонконгийн биржид 276 тоот кодоор бүртгэгдсэн тус компанийн нэг жилийн хувьцааны дээд ханш 18.06 хонконг долларт хүрч байсан нь дэлхийд байтугай Монголд ч үнэлэгдэж амжаагүй энэ ордын хувьд том рекорд гэж мэргэжилтнүүд үзэж байна. Өнөөдөр Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг “Айвенхоу майнз”, “Сентерра гоулд”, “Петро Матад” зэрэг долоон компанийн хувьцаа Торонто, Лондон, Хонконгийн хөрөнгийн биржид идэвхтэй арилжаалагдаж байна. Монголын баруун хязгаар Ховдод урьдчилсан байдлаар 306-460 сая тонн нүүрсний нөөц илрүүлээд байгаа “Мон Эн Ко” буюу “Mongolian energy corporation” гэх тэдний нэг компани хувьцаагаа арилжаалан, хэдэн тэрбум ам.долларын хөрөнгийг аль хэдийн босгож “Чөтгөрийн хувьцаа”, “Алтан хувьцаа” хэмээн нэрлэгдэн, үнэд орж байна.
“Mongolian energy corporation”-ы вэб сайтад мэдээлснээр тус компанийн хяналтын багц буюу 51 хувийг БНХАУ-ын дөрвөн иргэн эзэмшдэг бөгөөд хамгийн их буюу 25 хувийг нь Лю Чэн Лин гэдэг залуу гартаа атгадаг аж. Түүний хувьцаа жилийн өмнө 16.1 тэрбум юаниар үнэлэгдэж байсан бол өнөөдөр 25 орчим тэрбум хонконг доллар болсон гэж эх сурвалж мэдээлж байна. Хонконг доллар ам.доллараас 10 дахин бага ханштай гэж тооцвол энэ нь 2.5 тэрбум ам.доллар болж байгаа юм. Үүнээс эрхэм уншигч та бүхэн нэгийг бодно биз. Монгол төгрөгт шилжүүлбэл манай улсын өнөөгийн жилийн төсвийг 4-5 дахин нугалж, 4-5 их наядад хүрэх хэмжээний мөнгийг тэд манай Хөшөөтийн ордоос хоёр жилийн хугацаанд босгож чаджээ.
Өнөөдөр биднийг Тавантолгой, юутолгойтой зууралдсаар зургаан жилийг барж байх хооронд Хөшөөт гэх монголчууддаа үнэлэгдэж чадаагүй нүүрсний ордоос эх газрын хятадууд аль хэдийн хөрөнгө босгож, Хөшөөтөөс Барлаг-Ярантын боомт хүртэл 340 км авто зам тавьж, нүүрсээ зөөхөд бэлэн болжээ.
Уг нь Ховдын Хөшөөтийн нүүрсний уурхай монголчуудын олонход нь танил. Сүүлийн хэдэн сонгууль дамжин Ховдод нэр дэвшсэн улс төрч бүхэн л энэ уурхайн асуудлыг ямар нэгэн байдлаар ярьдаг байсан. Сүүлдээ улстөржсөөр, сонгууль бүрээр яригдсаар улиг болж, олон түмэн ч тоохоо больсон. Үүний цаана улс төр биш, улс орны эрх ашиг нуугдаж байсныг ийнхүү улстөржүүлсээр байгаад уйтгарт нэгэн сэдэв болгон хувиргасан бололтой. Харин Монголын эх баригчид Хөшөөтийн ордыг яагаад үл ойшоосон юм бол. Монгол Улсын стратегийн ордод ч бүртгэгдээгүй энэ ордыг хятадууд яаж ийн үнэд хүргэж чадав. Хөшөөтийн нүүрсний ордыг хөшигний цаана нууцлах сонирхол хэн нэгэнд нь байгаа юм биш биз.
Үнэн байдлыг бодит баримтаар хүргэхийг оролдъё.
2008 оны нэг, хоёрдугаар сард УИХын гишүүн Л.Пүрэвдорж, УИХ дахь АНын зөвл өлийн дарга Л.Гансүх нар Ховд аймгийн Хөшөөтийн уурхайн нөөц, “Мон Эн Ко” компанийн үйл ажиллагааны талаар Монгол Улсын Засгийн газар болон АМГТХЭГт асуулга тавьжээ. Ганцхан сарын зөрүүтэй тавьсан уг асуулгад хариулт бэлдсэн газар нь нэг. Тэгсэн хэрнээ хоёр өөрөөр, 306.1 сая болон 460 сая тонн нүүрсний нөөц илрээд байна хэмээн мэдэгджээ. Энэ нь эдүгээ Хөшөөтийн ордод хайгуул хийж буй “Мон Эн Ко” компани өнгөрсөн жил гаруйн хугацаанд яг хэдэн тонн нүүрсний нөөц илрүүлснийг манай албаны хүмүүс тодорхой мэдэхгүй байгаа, аль эсвэл албаар будилуулсангэх хардлагыг төр үүлж буй. Уг нь энэ орд газарт социализмын үед хайгуул хийж, ихээхэн нүүрсний нөөцтэйг тогтоосон. Харин үүнээс хойш томоохон гэж хэлж болох хайгуулын ажлыг энэ компани хийж байгаа аж. Гэтэл 2008 оны долоодугаар сарын 1нд “Mongolian energy corporation” компанийн албан ёсны сайтад Хөшөөтийн орд газраас 2.4 тэрбум тонн нүүрсний нөөц илрүүлээд буйгаа бахархалтайгаар зарлаж, цаашид энэ нь 3.44.4 тэрбум тонн хүрэх боломжтойг мэдэгджээ. Манай төрийн албаны түшмэдүүдийн мэдэж байгаа 306460 сая тонн нүүрсний 181.3 сая тонн нь коксжих нүүрс. Энэ нь өнөөдрийн бидний толгойгоо гашилгаж, маргаж мэтгэлцэж буй Тавантолгойн ордын дараа хоёрт орох нүүрсний том орд болж таарч байна. Гэтэл Хөшөөтийн нүүрсний орд Тавантолгойн дараа дэлхийд зарагдах үнээ хүлээх нь битгий хэл, Монгол Улсын стратегийн орд газруудын тоонд ч оролгүй хоцорч үлджээ. УИХаас баталсан стратегийн орд газруудад нүүрсний дөрвөн орд багтдаг. Үүнээс Тавантолгой зургаан тэрбум гаруй чулуун нүүрсний нөөц өөрөө тэргүүлж буй бол Нарийн сухайт 125.5 сая тоннын нөөцөөрөө хамгийн багад тооцогдож буй. Гэтэл манайхны барагцаалснаар “Хөшөөт”ийн орд 306460 сая тонн, “Мон Эн Ко” компанийнхны өөрсдийнх нь мэдээлснээр 2.4 тэрбум нөөцтэй мөртлөө стратегийн ордуудад нэмж багтаах 39 ордын жагсаалтад ч бараа сураг алга. Яагаад тэр вэ? “Mongolian energy сorporation” компанийн хятадууд хувьцааныхаа ханшийг өсгөхийн тулд худлаа шоудаад байна уу, аль эсвэл манай эрх баригчдад энэ ордыг хөшигний цаана нууцлах сонирхол байна уу. Хятадуудын хувьд худлаа PR хийж байна гэж хардахад дэндүү их хөрөнгийг Хөшөөтөд хаяж эхэлснийг шоу гэж хэлэхэд арай боломжгүй. Хайгуулын ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш нэг жилийн дараагаас тэд хайр найргүй хөрөнгө хаяж эхэлжээ. Хөшөөтийн нүүрсний уурхайгаас БарлагЯрантын боомт хүртэл 100 тоннын даацтай 340 км авто зам, бас гүүр тавих ажлыг эхэлж, энэ оны тавдугаар сард манай Засгийн газраас зөвшөөрөл авч, 1900 хятад ажилчин оруулж ирэн зүтгүүлсээр энэ ажлаа одоо бараг дуусаж байна. Нэг км асфальтан зам тавих өртөг 250 сая төгрөг гэж тооцоход тэд зөвхөн энэ замыг тавихад 85 тэрбум төгрөг зарцуулжээ. Бас болоогүй Шинжаанаас Монголын хил хүртэл төмөр зам тавих гэрээг Хятадын төмөр замын инженерийн компанитай байгуулж, “Хөшөөтийн төмөр зам” нэртэй төсөл хэрэгжүүлэхээр болсноо зарлаад байна. Тэд ашиггүй зүйлд ийм хэмжээний хөрөнгө зарна гэж үү. Монгол Улсад стратегийн хэмжээнд үнэлэгдэж чадахгүй байгаа энэ ордод хятадууд яагаад ийм их ач холбогдол өгч, асар их хөрөнгө хаяж, төмөр зам тавих гээд байгаа юм бол оо, ТӨР ЗАСАГ АА! Уг нь улстөрчид маань одоо л жинхэнээсээ улс төржиж, Монголын баруун хязгаараа хятадуудад үнэгүй алдахаас хамгаалах цаг болсон юм биш үү. “Тавантолгой” ганц Өмнөговьд биш, Ховдын хязгаарт нам жимхэн үнэд орж байгааг та бүхэн мэдэхгүй байна гэж баймааргүйсэн дээ.
Хөшөөтийг хөшигний ард нуух сонирхол-2 буюу “Мо Эн Ко”-гийн ноёд хэн нь хэн бэ?!
“Мо Эн Ко” буюу “Mongolian energy corporation” гэх компанийн нэр “Айвенхоумайнз”-ынх шиг монголчуудад танил болж хараахан амжаагүй. Гэхдээ Ховдын Хөшөөтийн нүүрсний ордыг эзэмшигч гэдгээр нь манай тодорхой хүрээнийхэн мэддэг боловч эдүгээ Хятад, Хонконгод шуугьж байгаа шиг дуулиан тарьж олны анхаарлыг татаж эхлээгүй.
Хоёр жилийн өмнө буюу 2007 онд Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаа гаргаж эхэлснээр энэ ордын нөөц болон хувьцаа эзэмшигчдийн талаарх мэдээлэл Хятадын хэвлэл мэдээллийнхний гол сэдэв болжээ.
Хятадын “Санхүү, эдийн засаг” сэтгүүл, “Санхүү, эдийн засгийн цаг” сонин болон www. mpfinance.com, news.sins.com зэрэг сайтад “Mongolian energy corporation”-ын хувьцааны өсөлт болон гол хувьцаа эзэмшигч Лю Ай Динг буюу Лю Чэнг Лин нэртэй болсон нууц ноёнтны талаар эрэн сурвалжилсан материалыг удаа дараа нийтэлж байжээ. Уг мэдээллүүдийг эхний ээлжинд тоймлон хүргэе.
“Санхүү эдийн засгийн цаг” сонинд “Их Хятад гүрний маш сонирхол татсан чөтгөрийн хувьцаа” гарчигтай нийтлэлд “...Энэ жилийн өсөлттэй хамгийн их хувьцааны төрөл бол Монгол Улсын Эрчим хүчний эх үүсвэр” (цаашид 0276 “Хонконгийн хөрөнгийн бирж дэх код буюу Монгол эрчим гэх) компани Монгол Шинжааны нүүрсний ордууд шиг эрчим хүчний эх үүсвэр болсон нүүрсний ордын нөөцийн тухай хүн болж төрснөөс хойш анх удаа бирж дээр сонсоод, алга ташин дуу алдан гайхширсан дуу чимээ хүмүүсийн анхаарлыг маш ихээр татаж, компанийн хувьцаа өссөнөөр зах зээл дээрх асуултын тэмдэг өдөр ирэх тусам нэмэгдэж байна гээд Монголын эрчим хүч, түүнийг ашиглах төлөвлөгөөнөөс харахад зургаан том асуулт дэвшүүлжээ.Үүнд “Монголын төрийн бодлого, ул уурхайн салбар нь улсын мэдлийнх. Хувийн компаниар дамжуулан нүүрсний уурхайгаа ашигласан ч хэзээ ч буцаан хурааж авах аюултай. “Монголын эрчим ” компани энэ талаар нарийвчилсан эрсдлийг тодохой тогтоосон, эсэх. Мөн Монголын эрчим хүчний эх үүсвэрийг ашиглагч болон бусад эрчим хүчний том аж ахуйн нэгж нь Монгол лсын уул уурхайн хайгуулын болон олборлолтын зөвшөөрлийг авах боломжгүй” гэжээ. Үүнтэй холбогдуулан “Mon¬golian energy corporation” компани тус сонины энэхүү мэдээлэлд хариулт өгч чадахгүй байгаа талаар ч бичсэн байна. Үүнээс хамгийн ноцтой нь “Mongolian energy corporation” компанийн гол хувьцаа эзэмшигчийн нэг Лю Чэнг Линийн талаарх мэдээллийг эрэн сурвалжилсны эцэст түүний жинхэнэ нэр нь Лю Ай Динг мөн Лью Ши Чи гэсэн нэр хэрэглэдэг БНХАУ даяар дуулиан тарьж байсан “Мү Ма”-гийн гэх авлигын хэргийн гол холбогдогч болохыг олж тогтоосноо зарлажээ. Үүнээс болоод тухайн үед Хонконгийн биржийн хяналт шалгалтынхны анхааралд өртөж биржийн худалдааг нь зогсоон шалгасан хэмээн тус сонинд бичжээ.
Мү Ма-гийн гэж ямар хэрэг вэ?
БНХАУ-ын Шэнг Ян хотын тухайн үеийн өндөр албан тушаалтнууд холбогдсон авлигын хэрэг 1990 оны сүүлчээр илэрч, Хятадын хуулиар хатуу шийтгэгдэж байжээ. Хятадын сайтад бичсэнээр энэ дуулиант хэргээр Шэнг Ян хотын дарга асан Мү Сиу Шин, орлогч дарга асан Ма Сианг Донг авлига авсан, хахууль өгсөн, улсын хөрөнгө шамшигдуулсан, их хэмжээний хөрөнгө үрэгдүүлсэн хэрэгт цаазаар авах ялаар, Лиао Нийг муж, Ху Бэй мужийн дарга асан Жанг Гуо Гуанг хээл хахууль авсан хэрэгт 11 жилийн ял, Юүн Нанмуэнийн сурталчилгааны хэлтсийн дарга Чай Ванг Чүнь авлига авсан хэрэгтээ 12 жилийн лаар тус тус шийтгэгдэж байжээ.
Харин хахууль өгсөн гэх хэргээр тухайн үеийн “Шэнг Фа” группын захирал асан, одоогийн “Mongolian energy corporation” компанийн гол хувьцаа эзэмшигч Лю Ай Динг гол холбогдогчоор шалгагдаж байсан юм байна. Гэхдээ Лю Ай Дингийг энэ хэрэгт нь яллаагүй гэх бөгөөд БНХАУ-ын хууль нь манайх шиг шүүхийн шийдвэрээр ял сонсоогүй бол гэмт хэрэгтэнд тооцдоггүй аж. Иймд Лю Чэнг Лин нь хэрэв энэ Лю Ай Динг мөн бол гадаадад хөрөнгө оруулалт хийхэд нөлөөлөхгүй хэмээн Хятадын хуульч Ван Юу Жин тус сонинд ярилцлага өгчээ.
“Мү Ма”-гийн гэх энэ дуулиант хэрэг шийдэгдсэнээс хойш Лю Ай Динг хэсэг хугацаанд чимээгүй алга болсон гэх бөгөөд 2006 онд албан ёсоор Хонконг руу иргэн харьяаллаа шилжүүлж, Лю Чэнг Лин нэрээр уул уурхайн компани байгуулсан гэнэ. Хятадын эрэн сурвалжлах чиглэлээр бичдэг сэтгүүлчдийн олж тогтоосноор Лю Ай Данг бюу Лю Ши Чиний иргэний үнэмлэхний дугаар нь Лю Чэнг Линийхтэй таарч байжээ. “Тэрбээр Хонконгод уул уурхайн чиглэлийн зургаан компанитай. Чухам ямар замаар Монголын энэ олон том шинэ ордын хайгуулын эрхийг авсныг бүү мэд” хэмээн тэд гайхширсан байх юм.
Ийм нэгэн паянтай нууц ноёнтон Хятадын дээрх хэвлэлүүдэд бичсэнээр “Mongolian energy corporation” компанийн буюу манай Хөшөөтийн ордын 25 хувийг эзэмшиж байна. Харин энэ дуулиант эзэнтэй компанийн Монгол дахь үйл ажиллагаа ямар байгаа бол?!
“Mongolian energy corporation” компанийн албан ёсны вэбсайтад мэдээлснээр тус компанийн рөнхийлөгч буюу гүйцэтгэх захирлаар Simon Lo Lin Shing, ТУЗ-ийн даргаар James J.Schaeffer JR гэдэг хүн ажилладаг. Simon Lo Lin Shing буюу Хятадын мэдээллийн хэрэгслүүдэд бичсэнээр Лю Лин Шинг нь тус компанийн Хонконгийн бирж дэх хувьцааны 18 хувийг эзэмшигч юм байна.
Монголын баруун хязгаарын Ховд аймгийн дөрвөн сумыг хамарсан Хөшөөтийн орд газарт тус компани ашиглалтын зургаа, хайгуулын нэг тусгай зөвшөөрлийн эрх эзэмшдэг бөгөөд 2007 оноос хойш хайгуулын үйл ажиллагаа явуулж буй. Социализмын үед Оросын геологчдын хайгуулаар энэ орд газрын нөөцийг урьдчилсан байдлаар 20 гаруй сая тонн гэж тогтоож байжээ. Харин “Mongolian energy corporation” компанийн 2007 онд хийсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлангаар тэд 85.7 сая тоннын нөөц илрүүлсэн гэнэ. Гэтэл манай төрийн байгууллагад байгаа мэдээллээр энэ нөөцийг 306 сая, 460 сая тон гэх зэргээр олон янзаар УИХ-ын гишүүдэд мэдээлдэг. Өнгөрсөн жил энэ компани албан ёсны сайтдаа 2.4 тэрбум тоннын нөөц илрүүлсэн хэмээн зарласан. Энэ мэт зөрүүтэй нөөцөөс болоод Хөшөөтийн нүүрсний орд яг хэдэн тоннын баялагтайг эдүгээ тус компанийн хувьцаа эзэмшигчид дөрвөн хятад эрхмээс өөр яг “үнэн”-ийг мэдэж буй хүн Монголд байна уу.
Өөрсдийнх нь 2007 онд хийсэн хайгуулын тайлангийн мэдээгээр 85.7 сая тонн нөөц илрүүлсэн бол энэ жил лав өссөн байх учиртай. Яагаад гэвэл тэд энэ оны хавраас эхлэн Хөшөөтийн нүүрсний уурхайгаас Барлаг-Ярантын боомт хүртэл 307 км авто зам, гүүр тавих ажлыг эхлүүлж 80 гаруй тэрбум төгрөгийг зарлага гаргаад байгаа. Цаашдаа “Хөшөөт-төмөр зам” төслийг хэрэгжүүлэхээр яригдаж буй зэргээс харахад маш их хэмжээний баялаг тэнд нуугдаж байгаа нь лавтай. Харин Тавантолгойн дараа орох магадлалтай энэ их баялгаас Монголын ард түмэнд хүртэх буян байна уу. Стратегийн орд газарт багтаасан тохиолдолд 34 үүнээс дээш хувийг юутолгой шиг эзэмших боломж Монголын төрд, ард түмэнд бий. Харин тратегийн орд гэж хүлээн зөвшөөрүүлж чадахгүй бол энэ их нуугдмал хөрөнгө хятадуудын хэлж байгаачлан “чөтгөрийн хувьцаа” болж үлдэнэ. Байдал ийм л байна.
Харин тус компанийн үйл ажиллагаанд Монголын төр, ард түмэн хяналт тавьж чадаж байна уу. Хамгийн сүүлд буюу энэ сарын 22-нд авсан мэдээллээр Ховд аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч “Мо Эн Ко” компанийн Хөшөөтийн уурхайгаас 659 сая гаруй төгрөгийн зөрчил илрүүлж акт тавьжээ. Энэ нь Хөшөөтийн уурхай-Ярант чиглэлийн 307 км хатуу хучилттай зам барилгын ажилд арцуулсан түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны болон ус, рашаан ашигласны төлбөртэй холбоотой юм байна. Уурхайн дарга Д.Батмөнх, нягтлан бодогч Д.Болормаа нар нь ч хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ. Тэд өнгийг энэ сарын 6-ны дотор төлөх ёстой юм байна. Гэвч тус компанийн Гадаад болон төр засгийн байгууллагын харилцаа эрхэлсэн захирал Д.Баттулгын хэлж буйгаар тус компани Ховд аймгийн хэд хэдэн сумын тулгамдсан асуудлыг шийдэж өгөх талаар орон нутгийн удирдлагуудтай өмнө нь хэлэлцээр хийсэн тул татварт төлөх ёстой энэ мөнгийг төлөх, эсэхээ аймгийн ИТХ-ынхантай ярьж байж шийднэ гэнэ. Уг нь “Мо Эн Ко” компани тус аймгийн газар нутгаас байгалийн байлгийг нь ашиглах гэж байгаа бол орон нутгийн хөгжилд сайн дураараа тусламж дэмжлэг үзүүлэх ёстой. Бас Монгол Улсын хуулийн дагуу татвараа ч төлөх ёстой. Гэтэл ийнхүү орон нутагт үзүүлэх тусламжаа татвараар барьцаалж буй юм шиг ИТХ-ынхантай ярилцаж байж шийднэ хэмээн хариулж байсан нь сэтгүүлчийн хувьд надад ойлгомжгүй, бас хүлээн зөвшөөрөмгүй санагдсаныг нуумааргүй байна.
Сэтгүүлчид эх орон, ард түмний эрх ашгийг эрхэмлэж энэ мэт мэдээллийг төр засаг, олон нийтэд хүргэхийг эрмэлздэг. Тийм ч учраас энэ нийтлэлийг “Мо Эн Ко” компанийн нэр хүндийг унагах, хэн нэгний захиалга, эрх ашгийн төлөө бичсэнгүй. Харин Монголын газар нутгийг мөнгө олох хэргэсэл болгон харж буй гадаадын олон компани, хөрөнгө оруулагчдыг хэн нь хэн бэ гэдгийг мэдэхийн тулд эрж хайж олсон. Ийм ноцтой мэдээллийг манай холбогдох байгууллагууд ч анхааралдаа авч хяналт тавьж, шалгаж байх ёстой. Үүний тулд “Мо Эн Ко” компанийн хувьцаа эзэмшигчдтэй холбоотой Хятадад дуулиан тарьж буй мэдээллийг хүргэж буйгаа энэ ташрамд хэлье.
Үүнээс хэдхэн хоногийн өмнө манай сонин БНХАУ-ын Шинжаан-Уйгарын www.chinaview. cn сайтад “Шинжаан-Уйгарын өөртөө засах орны засаг захиргаа Монгол Улсын Ховд аймгийн орон нутгийн удирдлагатай харилцан тохиролцсоныхоо дагуу тус аймгийн нутаг дахь хоёр сая гаруй тонн сайн чанарын нүүрсний нөөц бүхий “Хөшөөт”-ийн уурхайгаас 260 тонн нүүрс импортолж эхэллээ” гэсэн мэдээллийн дагуу эрэн сурвалжилсан. Энэ дагуу Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваагаас Хөшөөтөөс нүүрс импортоор гарсан гэх энэ мэдээллийг асууж лавлаж байсан. Гэтэл тэд Хөшөөтөөс ганц ч кг нүүрс хилээр гарах ёсгүй, огт ташаа мэдээлэл хэмээн хариулт өгснөөс бид үүнийг хууль бус хэмээн мэдээлсэн. Гэтэл “Мо Эн Ко” компаниас өөрсдөөс нь авсан мэдээллээр ЭБЭХЯ-ны энэ оны наймдугаар сарын 12-ны өдрийн 1/321 тоот албан бичгээр Хөшөөтийн нүүрсний коксжилтын зэргийг тогтоох, металлургийн зууханд турших зориулалтаар 200 тонн нүүрсийг хилээр гаргахыг зөвшөөрсний дагуу мэргэжлийн хяналт болон холбогдох байгууллагууд дүгнэлт гаргажээ. Гэтэл энэ талаар аймгийн удирдлага болон холбогдох зарим байгууллагууд сонсоо ч үгүй байсан. Энэ нь манай төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо ямар байгааг харуулж байна. Ямартай ч Хятадууд хаа хамаагүй Монголд үйл ажиллагаа явуулж байгаа компани түүний хувьцаа эзэмшигчийн талаар ийнхүү шуугьж байна. Харин манайд “Mongolian energy corpora¬tion” компани, түүний гол хувьцаа эзэмшигчийн нэг Лю Чэнг Лин болон дүрмийн сан нь жилийн дотор 116430.0 төгрөгөөр буюу анхныхаа хэмжээнээс 10 дахин нэмэгдэж 1176000.0 төгрөг болсон энэ компанийн мөнгө бас бус зүйлийг хянаж чадаж байгаа болов уу.