Төрийн байгууллагуудын цахим засаглал, кибер аюулгүй байдал, хиймэл оюун ухаанд суурилсан технологийн хөгжил зэрэг нь манайд харьцангуй шинэ ойлголт. Тиймдээ ч эдгээр үзүүлэлтээр дэлхийд сүүл мушгиж буй. Өөрөөр хэлбэл, харилцаа холбоо, мэдээллийн технологиос хэт хамааралтай болсон өнөө цагт кибер орон зайд улс үндэстнийхээ тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалах сорилттой бид хэдийн нүүр тулсан. Гэвч дэлхийн жишигт нийцсэн техник, программ хангамжаас эхлээд хүний нөөц ч дутагдалтай хэвээрээ. Бараг бүх салбарын төрийн байгууллага нь кибер хамгаалалтгүй, иргэдийн амин чухал хувийн мэдээллүүд алдагдан, олон улсын хар зах дээр хэн дуртай нь арилжиж л байдаг. Хачирхалтай нь, үүнийг хэн ч тоодоггүй.
Хиймэл оюун ухаан (AI)-ыг гэхэд л улс орнууд өдгөө өдөр тутмын олон үйлчилгээнд өргөн ашиглах болсон. Харин манай дарга нар AI-ээр өөрсдийнхөө пиарыг хийлгэж л чаддаг. 2022 онд хотын дарга асан Д.Сумъяабазар “Эгүнэ ээ, сайн байна уу. Би Сумъяабазар байна. Эгүнэ ээ, Эгүнэ ээ” хэмээн үндэсний хиймэл оюуны анхны загвартай ярилцаж, “од” болж байв. Үүнээс хойш гурван жил өнгөрч, технологиуд өдөр хоногоор шинэчлэгдэж байхад хотын мээр Х.Нямбаатар бас л AI-ээр “тоглож”, олны доог тохуу болж, дургүйцлийг нь хүргэсэн юм. Тэрбээр оны өмнөхөн ТВ9 телевизийн “AI talk” нэвтрүүлэгт оролцож, “Би анх удаагаа бодгаль биш, хиймэл оюун ухаантай ярилцах гэж байна” хэмээн хөтчид баярласан талархсанаа илэрхийлээд цаашид хийж, хэрэгжүүлэх ажлуудаа танилцуулсан. Бас болоогүй ээ, улс төрчдийн амьдрал хэцүү, хүн шиг амьдарч, амарч, зугаалж цэнгэж ч чаддаггүй хэмээн гомдоллоод амжсан.
Мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн 70 гаруй байгууллагынхан хамтраад AI-ийг зам, тээвэр, эрүүл мэнд, боловсрол зэрэг бүх салбарт ашиглах замаар Улаанбаатар хотыг 2024 он гэхэд 100 хувь цахим хот болгоно гэж олон нийтэд мэдэгдсэн нь 2022 он. Тэд нийслэлийг засаг захиргаа, хот төлөвлөлтөөр ч дэлхийд тэргүүлэгч цахим хот болгох бүрэн боломжтой хэмээсэн нь үлгэр байсан нь ийнхүү батлагдав. Салбарын яам, холбогдох байгууллагынхан өнгөрсөн хугацаанд “Цахим шилжилт”, “Кибер тусгаар тогтнол” сэдэвт цөөнгүй хурал, чуулган зохион байгуулсан ч монголоор ярьдаг, хиймэл оюунт ганц роботоосоо хэтэрсэнгүй.
Тэгвэл дэлхийн хэмжээнд сүүлийн ганц, хоёрхон жилийн дотор AI салбарын хөрөнгө оруулалт эрчимжиж, томоохон компаниуд, сангууд энэ чиглэлд онцгой анхаарах болов. Тухайлбал, АНУ AI судалгаа, хөгжүүлэлтэд хамгийн их хөрөнгө оруулдаг орнуудын нэг болж, “Google”, “Microsoft”, “OpenAI” зэрэг компани нь салбарын хөгжлийг тодорхойлж буй. Тус улс 2019 оноос эл салбарт хөрөнгө хуваарилж, эрүүл мэнд, зэвсэгт хүчний салбарт AI түлхүү ашиглах болсон. Манай өмнөд хөрш ч гэсэн 2030 он гэхэд уг технологиор дэлхийд тэргүүлэх зорилго тавьжээ. “Alibaba”, “Baidu” зэрэг компани нь AI-ийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэн, хотуудыг ухаалаг болгоход анхаарч эхэлсэн. Төв Азийн орнууд тээвэр, ложистикийн системийг AI-д тулгуурлан хөгжүүлж байна. Европын Холбооны улсууд ч 2027 он хүртэл хиймэл оюуны болон тоон технологид 20 тэрбум евро зарцуулахаа мэдэгдэв. Япон үйлдвэрлэл, робот техникт AI-ийг өргөжүүлэн, 5G сүлжээнд суурилсан ухаалаг хот байгуулж эхэллээ. Энэтхэг AI-ийн үндэсний стратегиа саяхан батлав. Манайх шиг далайд гарцгүй орнууд дижитал технологийн салбарынхаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, төрийн үйлчилгээнд AI нэвтрүүлж, засаглалын ил тод байдал, үйл ажиллагааг хянах болжээ.
“Oxford insight” байгууллагаас гаргадаг Хиймэл оюун ухааны бэлэн байдлын индексээр манай улс өнгөрсөн онд 188 орноос 98 дугаарт эрэмбэлэгдсэн. Индексийг цахим засаглал, технологи, өгөгдөл ба дэд бүтэц гэсэн үндсэн гурван шалгуураар, 10 үзүүлэлтээр харьцуулан гаргадаг аж. Үүнээс харвал цахим засаглалын үзүүлэлт 36.9, технологи 26.7, өгөгдөл ба дэд бүтэц 63.3 оноотой үнэлэгдсэн байна. Бэлэн байдал, өгөгдлийн үзүүлэлт тодорхой хэмжээнд өсөлттэй гарсан ч “алсын хараа” байхгүй нь оноог хойш татах гол шалтгаан болжээ. Тиймээс Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам (ЦХИХХЯ), НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Oxford insight”-ын аргачлалаар хиймэл оюуны бэлэн байдлын үнэлгээг үндэсний хэмжээнд хийлгэж буйгаа хэлсэн. Мөн Хьюстоны их сургуулийн боловсруулсан “Framework and foresight” аргачлалаар AI алсын харааг тодорхойлох гэнэ. Эдгээр ажлын үр дүнд Монгол Улс хиймэл оюун ухааны үндэсний стратегиа боловсруулж, ирэх хоёрдугаар сард олон улсад албан ёсоор зарлана гэдгийг салбарын яамнаас мэдэгдээд байна. Учир нь манайх ийм стратегигүй цөөн орны нэг аж. Түүнчлэн яам бүр цахим шилжилт хийх тухай ярьж байгаа энэ үед сүүлийн 10 жилд нэвтрүүлсэн системийн үр дүнг судалж, үнэлэн, цаашид авах арга хэмжээг тодорхойлохоо ч мэдэгдэв. Төрийн цахим үйлчилгээнүүд иргэдэд үр нөлөөгөө өгч, цаасаа халж чадсан, эсэхийг таван төрлийн судалгаагаар илрүүлэх юм гэнэ.
“Цахим хот”, “Дижитал монгол” болно гэж дарга нар энэ мэтчилэн өчнөөн жил ярилаа. Одоо ч бид цаасаа халаагүй цахим үндэстэн хэвээрээ л байна. Судална, шалгана, үнэлнэ, боловсруулна гэж ярьсаар байтал дэлхийн хөгжил биднээс хол тасарчхав. Салбарын яамныхан төрийн 67 байгууллагын мэдээллийн аюулгүй байдалд үнэлгээ хийхэд л 70.59 хувь нь кибер халдлагад өртөх эрсдэлээ тооцоолж чаддаггүй, орон нутгийн өмчит төрийн байгууллагууд нь мэдээллийн аюулгүй байдлын зохицуулалтгүй. Нийт байгууллагын 50.33 хувь нь үүнийг хангах стандарт дагаж мөрддөггүй гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс улсын хэмжээн дэх кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшин, эрсдэлийг бас судлах аж.
УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо, ЦХИХХЯ, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, “Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв” УТҮГ-ынхны хамтарсан уулзалт өнгөрсөн сард болсон билээ. Энэ үеэр байнгын хорооны дарга Ж.Золжаргал “Кибер аюулгүй байдлын хууль, эрх зүйн орчин тодорхой хэмжээнд бүрдсэн. Гэхдээ төрийн байгууллагууд, хэрэглэгчдийн боловсролыг нэмэгдүүлэх, чадавхжуулах шаардлага бий. Мөн бэлэн байдлыг хангахад хувийн хэвшлийн оролцоог хэрхэн бүрдүүлж, хамтран ажиллах вэ. Мэдээллийн эмзэг байдалтай холбоотой эрх зүйн орчныг хэрхэн сайжруулж, дараагийн шатанд гаргах вэ гэсэн оновчтой шийдэл хэрэгтэй байна. Хамгийн чухал нь олон талын оролцоог хангаж байж эрсдэлийг бууруулна” гэсэн бол “Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв” УТҮГ-ын захирал С.Жавхлан “2023 онд кибер гэмт хэргийн 107 913 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Тэгвэл энэ он (2024)-ы арванхоёрдугаар сарын 22-ны байдлаар уг тоо 147 738 болж өсжээ. Үүнээс халдлага байж болзошгүй тохиолдол 40 орчим хувиар нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, кибер аюулгүй байдлыг хангах чиглэлд хууль, эрх зүйн орчин бүрдсэн ч засаж, сайжруулах ажил их байна” гэсэн юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ч.Анар “Батлан хамгаалах яамны кибер аюулгүй байдлын программ хангамж, тоног төхөөрөмжийн лицензийн төлбөр л гэхэд аль эрт 2023 оны нэгдүгээр сард дууссан. Дэлхийд технологийн эрин үе, кибер дайн өрнөж байна. Бид гадаадынхны довтолгоонд өртөөд эхэлчихсэн” хэмээн анхааруулсан удаатай. Үүнээс төрийн байгууллагуудын цахим засаглал “түүхий” хэвээрээ байгааг харж болно.
Засгийн газар харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр зарлаж, “Цахим үндэстэн” болох уриалга дэвшүүлээд удаж буй. Гэтэл салбарын хэмжээнд өнөө хэр нь төрийн байгууллагуудын кибер аюулгүй байдал хангагдаагүй, цахим үйлчилгээнүүд иргэдэд хэрхэн үр дүн үзүүлж буйг үнэлээгүй, сүүлийн арван жилд нэвтрүүлсэн дижитал ситемүүдийн бүрэн бүтэн байдлыг шалгаагүй л байна. Нэмээд, энэ онд Засгийн газар, УИХ-аас долоон аймгийг дижитал болгох зорилт дэвшүүлсэн. Үүний дагуу “Дижитал аймаг, дижитал хот” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд буй. Алслагдсан сумууд нь цахилгааны шонгүй, харанхуй, шинэ зуунд үүрэн холбооны сүлжээ ч үгүй байхад ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү “2025 онд Монгол орны бүх сумын интернэт хурдыг 10 дахин өсгөнө” хэмээн “уянгалж” сууна лээ. “McKinsey”-гийн тайланд дурдсанаар, 2030 он гэхэд дэлхийн эдийн засагт AI 13 их наяд ам.долларын хувь нэмэр оруулна гэж мэдээлсэн. Энэ нь хиймэл оюун ухааны нөлөөгөөр олон улсын эдийн засаг хэрхэн өөрчлөгдөхийг илтгэж буй хэрэг. Харин бид бөмбөрцгийн хөгжилтэй хөл нийлүүлэх хол байна.