Засгийн газар, ЭМЯ-наас хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан, зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээг 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн орон даяар зохион байгуулсан билээ. Эрт илрүүлгийн үр дүнгийн тухайд салбарын сайд нь “Нийтийг хамарсан эрт ирлүүлэг, шинжилгээг их зардлаар хийсэн ч бага өвчлөл илрүүлж, үр дүн багатай ажилласан. Тиймээс хоёр дахь удаагийн эрт илрүүлгийг таван бүрэлдэхүүн хэсгээр зохион байгуулна” хэмээн дүгнэжээ. Энэ талаар ЭМЯ-ны Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуягтай ярилцлаа.
-Эрт илрүүлгийн нэгдүгээр үе шат дууссан гэж ойлгож болох уу. Хэчнээн хүн хамрагдав. Ямар үр дүн гарсан талаар мэдээлэл өгөхгүй юү?
-“Эрт илрүүлэг-2” арга хэмжээг энэ сарын 15-наас эхлэн зохион байгуулах гэж байна. Тухайн өдрөөс “Эрт илрүүлэг-1” арга хэмжээг эцэслэн дуусгах юм. Дараагийн үйл ажиллагааг мөн орон даяар хэрэгжүүлнэ. Нэгдүгээр сарын 16-ны байдлаар эрт илрүүлэгт 1.6 сая иргэн буюу нийт хүн амын 47 хувийг хамруулжээ. Тэдний 43.6 хувь нь эрэгтэй, 56.4 хувь нь эмэгтэйчүүд. Хамрагдсан иргэдийн 50 хувь нь нийслэлд амьдарч байна. Үзлэгт хамрагдсан нийт хүний 47.2 хувь нь 0-17 насны хүүхэд, 52.8 хувь нь 18-аас дээш насныхан. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамрагдсан хүн амын 1.3 саяд нь өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний дийлэнх нь буюу 54.9 хувьд нь хоол боловсруулах тогтолцооны, 14.9 хувьд нь дотоод шүүрэл, тэжээлийн ба бодисын солилцооны өвчин илэрчээ. Мөн шээс, бэлгийн тогтолцоо, зүрх, судас, амьсгалын замын өвчлөлүүд бүртгэгдсэн нь тэргүүлэх шалтгаан болж буй. Түүнчлэн хүүхдийн өвчлөлийн 256 774 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Тэдгээр хүүхдийн 199 482-ынх нь шүд цоорсон. 7411 хүүхэд шүдний гажигтай байна. Мөн хүүхдүүдийн дунд хараа муудах өвчин багагүй хувийг эзэлж буй юм.
-“Эрт илрүүлэг-2” арга хэмжээний онцлог юу байх вэ. Энэ удаа тодорхой зорилтот бүлгүүдэд суурилна гэж сонслоо.
-Таван бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ. Ургийн хромосомын гажиг эрт илрүүлэх, нярайн цогц шинжилгээ хийнэ. Мөн сургуульд, ажлын байранд суурилсан эрт илрүүлэг хийх юм. Түүнчлэн хорт хавдраас сэргийлэх үзлэгийг зохион байгуулна. Үүн дотор зонхилон тохиолддог буюу элэг, улаан хоолой, ходоод, бүдүүн, шулуун гэдэс, уушги, умайн хүзүү, хөхний хорт хавдрыг илрүүлэх оношилгоо хийнэ. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн эрт илрүүлгээр дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, иргэнд эргэн мэдээлэх, цахим эрүүл мэндийн дэд бүтэцтэй уялдуулах, эрсдэлтэй бүлгийг хяналтад авахад анхаарах юм. Эмгэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн тусламжийн нөөцийг бүрдүүлэх, боловсролын байгууллага болон ажил олгогчийг оролцуулах замаар эдийн засгийн хувьд илүү үр ашигтай, оновчтой, хүнд ээлтэй, нэгдсэн зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
ЭМЯ-наас өнгөрсөн арванхоёдугаар сарын 6-нд Монгол Улсын хүн амын дунд эрүүл мэндийн эрт илрүүлэг, үзлэг шинжилгээний үр дүнд суурилсан эрт илрүүлэг эрдэм шинжилгээний хурал, үндэсний хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Хэлэлцүүлгийн үр дүнд хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилсан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт зорилтот бүлгийнхнийг хамруулах “Эрт илрүүлэг-2” арга хэмжээг цаашид үргэлжлүүлэхээр тохирсон.
-Сургуульд суурилсан эрт илрүүлэг, үзлэгийг эхлүүлсэн шүү дээ.
-Тийм ээ. ЭМЯ-наас сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бий болгохоор ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдын нүд, шүд, зүрхний эмгэгийг илрүүлэх үзлэгийг өнгөрсөн аравдугаар сард эхлүүлсэн. Өнгөрсөн сарын 24-ний байдлаар нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд эрт ирлүүлэг, үзлэгийн явц 69.5 хувьтай байна. Тухайлбал, нүдний эрт илрүүлгийн явц 58.8 хувьтай. Үүнээс 22.6 хувьд нь харааны ямар нэг өөрчлөлт илэрчээ. Нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай 4961 сурагч бий. Энэ хичээлийн жилийн сүүлийн хагаст орон нутгийн сурагчдыг эрт илрүүлэгт хамруулахаар бэлдэж байна.
-Эрт илрүүлгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн үү?
-Өнгөрсөн сарын 14-нд болсон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаар эрт илрүүлгийн санхүүжүүжилтийг шийдвэрлэсэн. Ялангуяа хорт хавдрын илрүүлэг шинжилгээний санхүүжилтийг яаралтай шийдвэрлэнэ гэсэн. Сүүлийн нэг жилийн хугацаанд эрт илрүүлгээр хавдартай 371 хүнийг илрүүлжээ. Үүнээс эрэгтэйчүүдэд ходоод, элэг, улаан хоолой, эмэгтэйчүүдийн хувьд мөн л ходоод, элэг, улаан хоолой, бөөрний хавдар давамгайлжээ. Энэ төрлийн өвчин 60-аас дээш насныханд голдуу илэрсэн байна. Мөн ургийн гажиг, нярайн цогц эрт илрүүлгийг Эрүүл мэндийн сайдын А4 дүгээр тоот тушаалын дагуу зохион байгуулах юм.
-Ажлын байранд суурилсан эрт илрүүлгийг хэрхэн зохион байгуулах талаар тодруулахгүй юу. Ялангуяа ажил олгогчид ямар үүрэгтэй оролцох бол?
-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 14.2-т заасны дагуу эрүүл мэндийн үзлэг хийхэд шаардлагатай зардлыг ажил олгогч хариуцна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар баталсан хүний хөгжлийг дэмжсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил зохион байгуулсан аж ахуйн нэгж байгууллагын борлуулалтын орлогын нэг хувийн татвараас хөнгөлөх зэрэг хөшүүргийг үндэслэн зохион байгуулах юм. Тодруулбал, эл арга хэмжээг Эрүүл мэндийн болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтран баталсан журмын дагуу явуулна.
-Орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж нэвтрүүлнэ гэж байсан. Аль шинжилгээнд түлхүү ашиглах вэ?
-Нийслэлийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг хиймэл оюун ухаанд суурилсан, хүүхдийн зүрхний цахилгаан бичлэгийн аппаратаар бүрэн хангалаа. Нярайн скрининг буюу тандалт шинжилгээ хийх 21 аймгийн Нэгдсэн эмнэлэг болон ЭХЭМҮТ, “Амгалан” амаржих төвд зүрхний гажиг илрүүлэх пульсоксиметр багаж зэргийг шийдвэрлэсэн. Нярайн тандалт шинжилгээ нь төрөлхийн болон удамшлын эмгэгийг шинж тэмдэг илрэхээс нь өмнө, энгийн хурдан, аюулгүй аргаар илрүүлэн оношилж, аль болох эрт үед нь эмчлэх явдал юм. Ингэснээр нярайн өвчлөл, эндэгдэл, хөгжлийн бэрхшээл үүсэхээс сэргийлнэ.
-Өмнөх эрт илрүүлгийг иргэдийн нас, хүйсэнд суурилан зохион байгуулсан. Харин энэ удаагийнх тодорхой бүлгүүдийг “барьж авч” буйгаараа илүү үр дүнтэй гэж харж байна уу?
-“Эрт илрүүлэг-1” арга хэмжээний үед ургийг эхийн хэвлийд байхад нь оношилж байгаагүй. Бага наснаас нь эхэлж аливаа өвчин эмгэгийг илрүүлэн, эмчилж чадвал насанд хүрсэн хойно нь ямар нэгэн эрсдэлээс хамгаалах боломжтой гэж үздэг. Хоёр дахь удаагийн эрт илрүүлгээр ураг, нярайд голлон анхаарч, нарийн мэргэжлийн шинжилгээнүүдийг хийх юм. Мөн ажил олгогч нарыг нийгмийн хариуцлагын хүрээнд ажилтнуудаа эрүүл мэндийн үзлэгт хамруулах байдлыг идэвхжүүлэх нь гол зорилгын нэг. Түүнчлэн хорт хавдрыг илрүүлэхэд анхаарах бөгөөд энэ шинжилгээ, оношилгоо нь бүх насны хүмүүст хамаатай.
-Жирэмсэн эмэгтэйчүүд ургийн гажиг илрүүлэх шинжилгээнд хамрагдахын тулд хаана хандах боломжтой вэ?
-Төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нар эл шинжилгээг хийх юм. ЭХЭМҮТ, Яармаг дахь Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв, “Амгалан” амаржих зэрэг газарт хандаж, нарийн шинжилгээ хийлгэх боломжтой. НЭМҮТ-ийнхөн эрт илрүүлгийн талаар цаг тухай бүрд нь тодорхой мэдээлэл өгнө.
-Орон нутагт эрт илрүүлгийг зохион байгуулах хүн хүч, тоног төхөөрөмж бий юү?
-“Эрт илрүүлэг-2” арга хэмжээг орон даяар зэрэг эхлүүлнэ. Зайлшгүй шаардлагатай хүмүүс хотод ирж, нарийн мэргэжлийн эмчид хандах боломжтой. Бусад тохиолдолд үзлэгийг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагынхан зохион байгуулах юм.
Ташрамд хэлэхэд, ЭМЯ-наас энэ хоёрдугаар сарыг “Ахмад настны эрүүл мэндийг дэмжих сар” болгон, нарийн мэргэжлийн 17 төрлийн урьдчилан сэргийлэх, эрт ирүүлэх үзлэгийг дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд эхлүүлсэн. УНТЭ, УХТЭ, ХӨСҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд баг болж, бусад дүүрэгт мөн ажиллах юм. Энэ мэтээр эрт илрүүлгийг хүн амын тодорхой бүлгүүдэд суурилан явуулна.