Өрнөдийн чиг баримжаатай Засгийн газар 2021 онд унахад ойрын ирээдүйд Афганистанд ямарваа аялал жуулчлал хийх боломж олдоно гэж төсөөлөхөд бэрх байжээ. Алан хядах үйлдлийнхээ улмаас НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн түвшинд хоригт орсон “Талибан” хөдөлгөөн тус улсын эрх мэдлийг авснаас тэртэй тэргүй нэвтрэхэд төвөгтэй байсан Афганистан гадаадынхны хувьд удаан хугацаанд хаалттай боллоо гэж санагдсан биз. Энэхүү “Талибан” 20 жилийн өмнө анх засаглахдаа улс орноо хувааж, айхтар тогтворгүй байдалтай болгосон аж. Харин энэ удаад тус хөдөлгөөн өөрийн эрх мэдлийг баттай тогтоож, дараа нь хэний ч хүлээж байгаагүй алхам хийж, улсынхаа нутаг дэвсгэрийг бүхэлд нь аялагч жуулчлагчдад нээж өгчээ.
Талибууд ирснээр жирийн афган хүмүүсийн амьдралыг ихээхэн өөрчилжээ. “Оюутнууд” (хөдөлгөөний нэр ийм утгатай аж) хууль журмыг чангаруулан бүхнийг лалын шашны хатуу сургаал номлолд захируулахыг хичээх болов. Эрс үзлийг номлодог лалын шашин амьд биетийг зурж дүрслэхийг хориглодог ёсоор гудамжинд өлгөсөн хүмүүсийн зургийг хуу хамж авлаа. Удалгүй амьд амьтны зургийг хэвлэлд гаргахыг ч хориглов. Түүгээр ч барахгүй хөгжим сонсох, тоглохыг талибууд хориглож, ёс суртахууны цагдаа нар нь хөгжмийн зэмсгүү¬ дийг устгаж гарчээ
Афган эмэгтэйчүүд боловсрол олох боломжгүй болж, гадуур нүүрээ ил гаргаж явахаа байж, эр хүнгүйгээр зугаалах, гудамжинд чанга ярьж ч болохоо байж. Сууц барихдаа хөршийнх нь гал тогоо, худаг гэх мэт эмэгтэй хүн ихэнхдээ байдаг өрөө цонхоор нь харагдахыг хоригложээ. Урьд нь барьчихсан байранд ч өөрчлөлт хийхийг шаардах болсон байна.
Шариатын хууль эрэгтэйчүүдийн эрхийг ч хөндөв. Одоо афган эрчүүд эрүүний сахлаа зангидсан нударганаас урт ургуулахаа байж, биеэ барьсан спорт хувцас өмсөж, зангиа зүүхийг хорьжээ. Эсрэг хүйсний хүмүүс харилцан биендээ харц тусгаж, хоорондоо үг сольж болохоо байв. Энэ бүхнээ афганчуудыг нүгэл хилэнцээс халхалж байгаа юм гэж талибууд тайлбарлана. Тэгэхдээ шинэ дэг журмын зарим нь цаасан дээр л үлдсэн байна. Хөдөө нутагт нь афган бүсгүйчүүд бараг нийтдээ нүүрээ халхалж явдаг бол нийслэл Кабулд нүүр царай нь ил явцгаах эмэгтэй олон. Шахри-Нау хотод сахлаа мөлчийтөл хусчихсан залуус тааралдана. Машиндаа ч хөгжим хангинуулан давхилдана.
Хөдөө тосгонд, жижиг хотуудад талибуудын журмыг мөрддөг бол том хотод хуучин дэглэмийг мөрдүүлж чадна гэж үү гэлтэй. Тэдний хэрэгжүүлэх гэж шахаж шаардаад байгаа шашны үндэстэй ёс дэглэмээс маргаангүй авууштай нэг юм байгаа нь мансууруулах бодисыг Шариатын хуультай яагаад ч нийцэхгүй гэж үзсэн явдал юм. Талибууд намуу цэцгийн тариаланг бүрмөсөн устгаж, буудай, эрдэнэшишийн үрийг тариачдад өгчээ. Кабул хотын төвд олон хүн бужигнасан захаас ердөө хоёр алхмын зайд олон хүн хар тамхи (героин) татан мансуураад хүн дүрсээ алдаж, амь насаа ч зольж байжээ.
Энэ бүх хүнийг талибууд тусгайлан байгуулсан албадан эмчилгээний газар руу явуулсан байна. Эл үйлдлийн үр дүнг янз бүрээр үнэлж буй. НҮБ-ын баримтаар 2022-2023 онд намуу цэцгийн тариалалт 95 хувиар хорогдсон байна.
Афганы иргэд хийгээд “Талибууд”-ын хоорондын байдал, харилцаа ихээхэн нарийн төвөгтэй. Энэ хөдөлгөөн өмнөд нутгийн мужуудаас эхтэй, эндээ илүү дэмжлэгтэй бол тоогоороо хоёрт ордог тажикууд өөрсдийгөө шинэ эрх баригчдыг дэмжигчид гэж үзэхгүй байх жишээтэй. Ийм ялгаа байв ч бүгдээр хүлээн зөвшөөрдөг нь талибууд эрх барих болсноор тус улсад аюулгүй байдал арай л дээрдлээ гэнэ. Кабул болон бусад хотод сайтар зэвсэглэсэн талибууд дэг журам сахиулж замын уулзварууд дээр харуул хамгаалалт хийж байх болж. Гэхдээ л алж хядах аюул энд бодитой байсаар байна.
Зард гарсан “Исламын улс”-ын Афганистан дахь салбар “Вилаят Хорасан” үйл ажиллагаагаа явуулсаар. 2015 оноос “Вилаят Хорасан”, “Талибан” хоёр хоорондоо тулалдсаар ирж. 2021 оноос хойш тус улсад жуулчид руу хийсэн цорын ганц дайралтыг “Вилаят Хорасан” 2024 оны тавдугаар сард хийж дөрвөн испани амиа алдаж, Австрали, Литва, Норвегийн гурван жуулчин шархаджээ. Афганистанд амь насаа хамгаалъя гэвэл зэлүүд бөглүү газраар явахгүй, сэжигтэй хүмүүстэй ойртож танилцахгүй, шөнийн цагаар сэлгүүцэхгүй байх хэрэгтэй аж. Эндхийн үндэсний хувцас болох шаровар, урт цамцыг нь худалдаж авч өмсөх нь аюулаас хамгаалах нэг арга болдог байна. Ийм хувцас таныг бусдаас содон харагдуулахгүй, хүмүүсийн анхаарлыг татахгүй.
Долоо хоногт нэг удаа Москвагаас Кабул руу шууд онгоц ниснэ. Узбекистан юм уу, Тажикстан хүртэл нисээд цааш газраар Афганистанд очих нь зохистой гэж хүмүүс үздэг байна. Ам.долларын шинэ загварын зуутын дэвсгэрт авч явсан нь дээр, хуучныг нь хэрэглэхгүй, эсвэл бага ханшаар солих магадлалтай. Кабул болон томоохон хотуудын хооронд өдөр бүр онгоц ниснэ, тасалбар нь элбэг, үнэ нь 100 ам.доллароос хэтрэхгүй. Хотуудын хооронд бас тохилог автобусаар зорчиж болно. Арав хүртэл хүн сууж явах такси ч бий.
Афганистаны ард түмний түүх, соёлтой гүнзгий танилцъя гэвэл Угсаатны зүйн болон Үндэсний музейд нь орох хэрэгтэй. Эдний хамгийн баруун захын хот олон зуун жил хөрш Ираны бүрэлдэхүүнд байгаад XIX зуунд л Кабулын харьяанд оржээ. Энэ нь одоо хэр нь фарси хэл, хоол унд, хувцас хунараас нь анзаарагдана. Герат гэж хот түүхийн дурсгалаараа бусдаас онцгой, гойд сэтгэгдэл төрүүлэх гол үзүүштэй юм. Их сүм нь хээ угалзаар чимэглэсэн олон том босго хаалгатай, уг сүм овор хэмжээгээрээ бүс нутагтаа тэргүүлдэг. Одоо хөдөө нутгийнх болоод байгаа Герат хот XVI зуунд их булаан эзлэгч Төмөрийн үр удмынхны нийслэл байжээ. Бас Афганистан дахь еврей нарын төв ч болж байтал өнгөрсөн зуунд бүх еврей нар нь явж одсон байна. Зөвхөн Афганистанд л байж болох ариун дайчдын музей энд байдаг. Уг музей 19791989 оны дайнд зориулагдсан бөгөөд ЗХУ-ыг эсрэг дүрээр харуулжээ. Гератын захад ГазарГах гэдэг алдар хүндтэй хүмүүсийн мавзолей байна. Орон нутгийн өндөр албан тушаалтай талибууд зэвсэгтэй хүмүүсээр хамгаалуулан энд мөргөхөөр сүр бараатай ирнэ.
Өнөө цагийн Афганистаны түүхийг хүүрнэх өөр хаана ч байхгүй Буддад зориулсан хөшөө Бамиан гэдэг хотод байна. Нийтдээ лалын шашинд толгойгоо мэдүүлж буй тус улсад эрт цагт буддизм ноёрхож байсан гэж итгэхэд бэрх. XI-XII зууны зааг үед Бамианд хадан дээр Буддагийн 37-55 метр өндөр хоёр цээж бар¬¬имлыг сийлжээ. Хоёр хөшөө энэ газар нутгаар дайрч гарсан булаан эзлэгчдийн ширүүн гарт өртөө¬гүй мөртөө талибууд анх засгийн эрхэнд гарсан үед тэсэж үлдэж чадсангүй. Өрнө дахины хийгээд бүс нутгийн лалын шашинт улсууд эсэргүүцсээр байхад 2001 онд хоёр хөшөөг устгаж орхиж. Их буу, пуужингаар хэдэн долоо хоногийн туршид тэднийг буудаж, харваж, сүүлдээ дотор нь тэсэрч дэлбэрэх зэвсэг төхөөрөмж суурилуулж дэлбэлэв. Талибууд энэ балмад үйлдлээ шашин шүтлэгтэй холбосон төдийгүй Афганистанд тавьсан хоригоос үүдэлтэй хэмээн тайлбарласан байна. Хориг тавьснаас Кабулын гадаадад байгаа хөрөнгө царцаж, олон улсын тусламжийн хөтөлбөр хэрэгжихээ байж, хүмүүс нь өлсгөлөнд нэрвэгдэж. Өрнөдийнхөн хүнсний зүйл худалдаж авах хөрөнгийг нь зарцуулах эрх олгохоос татгалзаж, Буддагийн хөшөөнүүдийг засварлах ажлыг санхүүжүүлэхийг харин санал болгосон нь “Талибан”-ы удирдагчдын дургүйг хүргэснээс эртний дурсгалуудыг устгахаар шийдсэн байна.
2021 онд Талибууд засгийн эрхийг эргүүлж аваад нөгөөх Бамиан хотыг аялал жуулчлалын төв болгов. Эртний хоёр хөшөөний оронд хоёр нүх, эргэн тойронд нь олон агуй, буддын хийд үлдсэн нь урьдын адил нутгийн иргэдийг төдийгүй хилийн чанадаас жуулчдыг татсаар байна. Үүнийг талибууд өөрсдийн имижийг сайжруулах арга, эдийн засгийн боломжоо ахиулах нөөц гэж үзжээ. Нөгөө хоёр хөшөөний дүрс хааяагүй, хот руу орох хаалган дээр ч, зочид буудлын үүдэнд ч, бэлэг дурсгалын зүйлүүд дээр ч байх болов. Үүнийг хэн ч эсэргүүцсэнгүй. Бамиан хот зочид, гийчдээ, аялагч жуулчлагчдаа хүлээж байна. Хөшөөнүүдээс үлдсэн хөндий зайд шинэ эрх баригчид 2022 онд хуучин захыг засан сэргээхдээ аялал жуулчлалын бүхэл бүтэн цогцолбор бий болгохоор сэджээ. Гэвч ЮНЕСКО эсэргүүцсэнээс энэ ажил зогсов. 20 жилийн өмнө хөшөөг сүйтгэсэн талибууд энэ удаад олон улсын нэр хүндтэй байгууллагын үгэнд дуулгавартай хандсан байна. Нөхцөл байдал цаашид хэрхэн өрнөхийг хэлэхэд төвөгтэй ч Буддагийн дурсгалд талибууд өөрөөр хандаж буй нь тэдний бодлого уян хатан, оновчтой болох чиглэлд өөрчлөгдөж буйн нэг жишээ гэж хэлж болох биз ээ...