НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (ESCAP)-ын 82 дугаар чуулганы хүрээнд “Хэнийг ч орхигдуулахгүй: Шар шороон шуурганы эсрэг бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт арга хэмжээ Бангкок хотноо болов. Уг арга хэмжээг НҮБ-ын ESCAP, Гурван талт хамтын ажиллагааны нарийн бичгийн дарга нарын газар болон Монгол Улс хамтран зохион байгуулж, бүс нутгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах санаачилгыг албан ёсоор эхлүүллээ.
Үндсэн илтгэлийг Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга, Дэлхийн цаг уурын байгууллага дахь Монгол Улсын байнгын төлөөлөгч Э.Баттулга тавив. Тэрбээр шар шороон шуурганы эрсдэл нь байгаль орчны асуудлаас хэдийн хальж, хүний аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн тэгш бус байдалд шууд нөлөөлөх хэмжээнд хүрснийг энэ үеэр онцоллоо.
Дэлхийн цаг уурын байгууллага (WMO)- ын мэдээлснээр 2018-2022 онд дэлхийн хүн амын бараг тал хувь буюу 3.8 тэрбум иргэн аюултай түвшний тоосжилтод өртсөн нь өмнөх үеийнхээс мэдэгдэхүйц өссөн үзүүлэлт аж. Тус байгууллагын 2025 оны тайланд дурдсанаар жил бүр хоёр тэрбум орчим тонн элс, тоос агаар мандалд дэгдэж, 150 улсын 330 сая гаруй иргэний амьдралд сөргөөр нөлөөлж байна. Ялангуяа Зүүн хойд болон Төв Азийн хуурай бүс нутгаас үүдэлтэй шороон шуурга Бээжин, Сөүл, Токио зэрэг томоохон хотод хүрч, агаарын чанарыг доройтуулах болжээ.
Энэхүү тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр манай улсаас Бүс нутгийн цаг уур, орчны шинжилгээний ажиглалтын нэгдсэн тогтолцоог бий болгох, Хүн бүрд хүртээмжтэй бөгөөд ойлгомжтой эрт сэрэмжлүүлэх системийг хөгжүүлэх, Хамтын ажиллагааг тогтвортой, институцийн түвшинд бэхжүүлэх гэсэн гурван тэргүүлэх чиглэл дэвшүүлэв. Уг санаачилгыг Улаанбаатар хотноо ирэх наймдугаар сард болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын үеэр албан ёсоор танилцуулах бөгөөд энэ нь бүс нутгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал алхам болно гэж үзэж байна.